“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна

2018 оны 07 сарын 20

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран 2018 оны 08 – р сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

Уг наадам нь ардын язгуур урлаг, эх хэл аман уламжлалын илэрхийлэл, гар урлал,үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйл зэрэг соёлын биет болон биет бус өвийг өсвөр үеийнхэнд өвлүүлэн таниулах, дотоод гадаадын жуулчид болон судлаачдад сурталчлах зорилготой юм.

 “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдсан бөгөөд 2 – р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.

“Нүүдэлчин Монгол” наадмын хөтөлбөрт Үндэсний спортын их наадмын зуны төрөлболох үндэсний бөх, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа, ширээний шагай, жороо морины уралдаан, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч, буриад, урианхай, уламжлалт сурын харваа зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдах бол аймаг, нийслэлээс оролцож буй ардын авьяастнуудын болон язгуур урлагийн хамтлагуудын урлагийн тоглолт, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа, үндэсний уламжлалт хоолны худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top