АНХААР: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХЭРЭГЛЭЭний зээлийн журамд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 23

2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг юм. Мөн цалин, тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Одоогоор иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ банкуудын зээлийн багцын 23,4 хувь буюу 3,9 их наяд төгрөг байна. 

Жишээлбэл, хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх юм.

Хэрвээ тус зээлдэгч өмнө нь авсан зээлийн төлбөрт сар бүр 200,000 төгрөгийг төлдөг бол шинээр авах хэрэглээний зээлийн сарын нийт төлбөрийг 150,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмжээнд зээлийн хэмжээг тодорхойлно. Ингэснээр тус зээлдэгч татварын дараах орлогынхоо хамгийн багадаа 30 хувь буюу үлдсэн 150,000 төгрөгийг өөрийн амьжиргаа болон бусад хэрэгцээндээ зарцуулахаар авч үлдэх ёстой гэв.

Энэ нь нэг талаас эдийн засгийн нөгөө талаас хэрэглэгчийг хамгаалах зорилготой хэмээн Монголбанкныхан үзэж байгаа аж.

Эдийн засгийн агуулга нь иргэдийг өрийн дарамтанд оруулахаас сэргийлэх, мөн иргэдийн зээл рүү чиглэсэн зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээл рүү чиглүүлэх. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх алсын зорилготой. Өрөөр өнөөдрийн хэрэглээгээ санхүүжүүлэх үйл явц даамжирвал ирээдүйн орлогоосоо өрөө төлөх тул ирээдүйн хэрэглээнд нь сөрөг нөлөөтэй байдаг.

Нөгөө талаас Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр иргэдийн сарын дундаж нэрлэсэн цалин 998,400 төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгавал цэвэр орлого дунджаар 811,386 төгрөгтэй тэнцэнэ. 

Харин амьжиргааны баталгаажих доод түвшин 198,600 төгрөг байгаа бөгөөд энэ нь 811 мянган төгрөгийн 24.5 хувийг эзэлж байна. Иймд иргэд цалин, тэтгэвэр гэх мэт тогтмол орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд зээлийн сарын төлбөр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлогын 75.5 хувиас хэтэрвэл наад захын амьжиргааны зарлагаа танах эсвэл нэмж зээл авах, зээлээ сунгах шаардлагатай болох тул өрхийн өрийн дарамт нэмэгдэх, зээлгүйгээр амьдрах боломжгүй болж өрийн торонд орж, түүнээс гарч чадахгүй байх эрсдэл нэмэгдэнэ.  Дээрх тооцоог 4 ам бүлтэй, 2 хүний цалингийн орлоготой өрхийн хувьд хийхэд зээлийн сарын төлбөр нь өрхийн орлогын 49 хувиас хэтэрвэл өдөр тутмын зайлшгүй хэрэглээгээ санхүүжүүлэх боломжгүй болж байна. 

Иймд дээр дурдсанчилан өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосноор зээлдэгч нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх шаардлагыг тавьж байгаа нь тэднийг хамгаалж буй хэрэг юм.

Зээлтэй иргэд сард дунджаар татварын дараах орлогынхоо 69 хувийг зээлийн төлбөрт төлж байна.

Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхээс илүүтэй зээлийн хэмжээг нэмэхийг л илүүд үзэж байна. Тухайлбал, тэтгэврийн зээлийг зарим тохиолдолд зээлдэгчийн сарын орлогын 100 хувьд тааруулан олгож байна. 2018 оны тавдугаар сард банкуудаас ирүүлсэн мэдээгээр нийт тэтгэврийн зээлийн 68 хувийг авсан ахмад настнууд сарын тэтгэврийн орлогынхоо 90-100 хувийг банкны зээлийн төлбөрт суутгуулж тэтгэврийнхээ 10 хүрэхгүй хувийг, заримдаа гар дээрээ авдаггүй аж.

Цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлтэй иргэд сард дунджаар татварын дараах орлогынхоо 69 хувийг зээлийн төлбөрт төлж байна. Өндөр зээлтэй иргэдийн хувьд энэ үзүүлэлт дунджаар 76 хувьтай байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.160.81) 2018 оны 07 сарын 23

bas l luivar bna, zeeliin huugee bagasga

0  |  0
zochin(27.123.214.126) 2018 оны 07 сарын 23

ipotekiin zeeltei humuusiin huug buuruulah mun tulboriig undsen zeel huund tentsuu hemjeegeer suutgah talaar ajillaachee

0  |  0
Top