Д.Тодням: Эх нялхсын сувиллын Солонгос хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлж байна

“Сорхун” эмнэлэг-сувилал төрсний дараа гам барихад чиглэгдсэн, дэлхийн жишигт нийцэхүйц Монголдоо анхны эмнэлэг гэлцдэг. Манайд өмнө нь үүсч хөгжсөн адил чиглэлийн байгууллагуудаас юугаараа онцлогтой вэ?

Манайх төрсний дараах сувилал бөгөөд анагаахын шинжлэх ухааны эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг салбарын төлөөлөл гэсэн үг юм. Манай одоогийн эрх зүйн орчны дагуу Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хамаарна. Яг энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчин нь бүрдчихсэн, энэ чиглэлийн үйлчилгээ хамгийн өндөр хөгжсөн, олон жилийн түүхтэй газар бол Солонгос улс. Ер нь эмэгтэй хүн төрөөд гам барина гэсэн ойлголт Азид л байдаг. Европ хүүхнүүдэд тийм хэрэгцээ шаардлага байхгүй гэж үздэг.

Тэд манайхнаас өөр онцлогтой гэсэн үг үү?

Энэ талаар асууж үзсэн. Шалтгааныг нь эмч нар юу гэж тайлбарладаг вэ гэхээр, тэд манай бүсгүйчүүдээс бие физиологийн бүтцийн хувьд өөр юм. Европ хүүхнүүд дунджаар 175-180 см өндөртэй. Аарцаг ясны тойргийн хэмжээ том. Ийм учраас төрөх явцын хүндрэл, зовиур болон жирэмсэн байх үед ураг тээх үеийн асуудлууд гайгүй. Харин Ази эмэгтэйн хувьд дундаж өндөр нь 160-165 см орчим, аарцаг ясны тойргийн хэмжээ жижиг. Гэвч хэвлийд тээж байгаа үр нь адилхан. Дунджаар 2,5-3,5 кг жинтэй, 50-55 см урт хүүхэд төрүүлж байгаа. Биеийн хэмжээ ялгаатай учраас Ази эмэгтэйчүүд жирэмсэн болоод төрөх үеийн хүндрэл харьцангуй өндөр байдаг. Тийм учраас төрсний дараа гам барих соёл Азид, тэр тусмаа Төв Азид тогтсон гэж хэлж болно.

Азийн бүх оронд гам барьдаггүй гэсэн үг үү?

Жишээ нь, Зүүн өмнөд Азийн орнууд болох Тайвань, Индонези, Филиппинд халуун дулаан уур амьсгалтай учраас энэ талын уламжлалт соёл бага талдаа. Гам барих ойлголт Төв Азийн орнуудад голчлон байна. Тэдэн дунд Монголчууд бидэнтэй хамгийн ойр соёлтой Солонгос улсад энэ талын тусламж үйлчилгээ 30-аад жилийн түүхтэй бөгөөд өндөр түвшинд хөгжсөн байгаа. Солонгосоос Хятад руу энэ үйлчилгээ 10-аад жилийн өмнөөс нэвтэрсэн учир одоо Хятадад ийм чиглэлийн томоохон газрууд олноороо ажиллаж байна.

Манайд бол цоо шинэ үйлчилгээ байх нь ээ?

Эмэгтэй хүнийг төрсний дараа асарч сувилдаг, гам барьдаг уламжлалт соёл манайд байсан, одоо ч байгаа. Энэ соёл дээрээ тулгуурлан эмчилгээ, сувилгааны хөтөлбөр бүхий технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан үйлчилгээг үзүүлж байгаа нь цоо шинэ зүйл юм. Энэ бол хамгийн гол нь, сувилгааны хөтөлбөр гэж ойлгож болно. Бид Солонгосын энэ төрлийн тусламж үйлчилгээний шинэлэг арга технологийг Монголдоо нутагшуулж байгаагаараа онцлог. Төрөөд 3-4 хоносон нялх биетэй ээж энд ирэхэд эхний долоо хоногт нь ямар асаргаа орох, дараагийн долоо хоногт нь ямар байх ёстой гээд бүгдийг нарийвчлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлдэг. Төрсөн ээжид болон нярай хүүхдэд тохирсон тусламж үйлчилгээг асаргааны хөтөлбөрт нэг бүрчлэн тусгасан байгаа. Ингэж л Солонгос маягийн хөтөлбөрийг Монголдоо авчирч, уламжлалдаа тулгуурлан нутагшуулж байна.


Яагаад энэ үйлчилгээг Монголдоо нээе, энэ нь заавал сувилгаа-үйлчилгээ хэлбэрээр байх хэрэгтэй гэж үзэв?

Манай том хүүхэд 2014 онд Монголдоо төрсөн юм. Эхнэр маань “Гурван гал” эмнэлэгт төрөөд, анхны төрөлтийн хүндрэлүүд тохиолдоход бид хоёр нэлээд сандарсан. Хүүхэд маань сарын өмнө дутуу төрсөн учраас төрсний дараах асаргаа сувилгаа нэлээд шаардагдсан. Эхнэрийн маань хөхөнд нь сүү орохгүй байснаа 2-3 хоноод сүү ороод эхэлсэн чинь хөх нь хагарчих гээд язарч өвдөөд, эхнэр уйлаад л. Хүүхэд маань дутуу төрсөн болохоор хөхөө амалж чадахгүй, буруу амлаад, сорж чадахгүй гээд бөөн асуудал болж байлаа. Хоёр дахь хүүхдээ төрөхөд Солонгост очиж төрүүлсэн. Тэнд төрсний яг ийм сувилалд 14 хоног амарсан юм. Тэнд аавуудыг нь оруулдаг, өөр гадны хүн орж болдоггүй. Би ороод үзэхэд өмнөх асуудлууд ахин давтагдсан. Хөх нь зангирч өвдөөд л, чих нь шуугиж байна гээд, хүүхэд сайн амалж чадахгүй. Эхнэр бөөр муутай хавагнаж төрдөг, уураг алдаад их ядарчихсан байлаа. Ийм байдалтай эмнэлгээс гараад сувилалд очиход тэр бүх асуудлыг үнэхээр гоё шийдээд, бөөртэй холбоотойгоор дусал тарианд оруулаад, аарцаг нурууг нь барьж бариа массаж хийгээд л, нярай хүүхдийг маань сайхан асраад, эхнэр ганцаараа нам унтаад л... Иймэрхүү маягаар 2-3 хоноход л нүдэн дээр илт сайхан болоод ирсэн. Би эхнэрийнхээ хажууд байсан болохоор энэ бүгдийг хараад их гоё санагдаж, үнэхээр хэрэгтэй үйлчилгээ юм байна гэдгийг өөрөө харж мэдэрсэн. Манай эхнэр жирэмсэн болоод 18 кг нэмсэн учраас жаахан стресстэх маягтай байсан. Харин төрөөд л сувилалд 14 хоног амарсны дараа буцаад 20 кг тураад Монголдоо ирсэн. Эхнэр их баяртай байсан. Мөн эхнэр бид хоёр хүүхэддээ хөхийг нь хөхүүлж чадахгүй будилж байхад мэргэжлийн эх баригч хажууд зогсож байгаад л бүхий л арга барилы нь зааж өгөөд, их гоё хөхүүлчихнэ. Энэ маягаар төрсний дараах асуудлуудыг шийдээд явчихаж байгаа юм. Тэгээд биднийг Монголд ирэхэд манай эхнэрийг ойр дотныхон маань хараад “хүүе ямар гоё болчихсон юм бэ, энэ чинь төрсөн хүүхэн мөн үү” гээд л бөөн юм болсон /инээв/. Би өөрөө хажууд нь байж нүдээрээ харсан болохоор ээж, бэр эгч нартаа “Ийм газар байдаг юм байна. Үнэхээр гоё” гээд л ярьж өгч байлаа. Тэгээд л төрсний дараах гамыг зөв барих нь маш чухал, тэр тусмаа мэргэжлийн тусламж үйлчилгээ ямар их үр дүнтэй байдгийг бүрэн дүүрэн ойлгосон доо.

Монголдоо энэ үйлчилгээг нээх санаа хэзээнээс төрөв?

Би Солонгосын Конхи их сургуульд эмнэлгийн удирдлагын ангид суралцаж, дараа нь эрүүл мэндийн бизнесийн удирдлага, эрүүл мэндийн менежментээр магистрын зэргээ хамгаалж Солонгост 7 жил болоод 2013 онд Монголдоо ирсэн. Монголд ирснийхээ дараа Солонгост сурч мэдсэн зүйлдээ түшиглэн 2013 оны тавдугаар сард анхны эмнэлгээ нээсэн. Тэр цагаас хойш 3-4 чиглэлээр эмнэлэг нээгээд ажиллуулж байна. Манай “Тод ББ” компани өмнө нь арьс, гоо сайхны болон Эрэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулж байлаа. Компани маань 2009 онд анх байгуулагдсан. Эмнэлгийн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь 2013 оноос хойш буюу одоо тав дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж, ийм төрлийн сувилал байдгийг би Солонгост ажиллаж, амьдарч, сурч байхдаа сонсож л байсан. Хоёр дахь хүүхдээ Солонгост төрүүлэх үед нүдээр харж мэдрэн, маш сайн ойлголттой болсон. Ингээд манай эхнэр 2017 онд гурав дахиа жирэмсэн болох үеэр нөгөө асуудлуудтай тулгарах болно шүү дээ. Болдогсон бол Солонгост байсан тэр сувиллыг Монголд нээчих юмсан. Тэгвэл Монголдоо төрөөд л сайхан амарвал гоё байх даа гэж ярилцдаг байлаа. Гэтэл манай их сургуулийн солонгос залуу өнгөрсөн жил Монголд ирж аялаад, бид гоё бизнесийн санаа ярьж санал солилцож байхдаа “Монголд ийм сувилал хийхийг бодож явдаг” гэж би хэлсэн юм. Гэтэл нөгөө найз маань дэмжээд, “Монголд байхгүй ийм хэрэгтэй юмыг хоёулаа хамтраад хийе” гэсэн. Бид энэ төслөө бодож төлөвлөж, судалж явсан хугацаа бол удаан. 2014 оноос хойш гэсэн үг шүү дээ. Харин гурван жилийн дараа буюу 2017 оны найман сард энэ яриа яригдаад л, “за хийе” гээд хоёр сар судалгаан дээрээ суугаад, 11 сараас заслын ажил нь эхлээд гурван сарын дотор маш хурдан хугацаанд дуусгасан. Аливаа ажил “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг шиг бодоод, тооцоолоод зориод явж байсан учир яг хийх үед бүх тохироо бүрдчихсэн.

Танайх үйлчлүүлэгчдээ аваад эхэлчихжээ. Үйлчлүүлэгчид тань хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

Бид энэ оны нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийж анхны үйлчлүүлэгчдээ аваад эхэлчихсэн байгаа. Бид үйлчлүүлэгчээ гарахад нь сэтгэл ханамжийн судалгаа гээд 10 асуултаар санал асуулга авдаг юм. 1-5 оноогоор үнэлдэг. Манай үйлчилгээг авсан хүмүүс бүгд л 5 гэсэн тоог дугуйлаад байгаа шүү дээ /инээв/. Манай төрсөн ээжүүдийн өрөө гэхэд, нэвт салхилахааргүй, тасалгааны температур 25-28 хэм, харьцангуй дулаахан байх ёстой гээд бүх юмыг тооцоолон тохижуулсан. Мэдээж шинэ хонины шөл, мөөгний шөл уулгадаг, хөхөнд нь сүү ороход сайн гээд хийцтэй шар будаатай цай, хар талх зэрэг уламжлалт хоол хүнс болон цоо шинэхэн тэжээллэг бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Эмчилгээ асаргааны хөтөлбөр нь л Солонгос маягийнх болохоос биш, ерөнхий гам барьдаг манай уламжлалт зүйлс бүгд хэрэгжиж байгаа.


Монголын нөхцөлд төрсний дараа эх болон нярайд ямархуу гол гол хүндрэлүүд тулгарч байна вэ?

Төрсний дараа ээжүүдэд үүсдэг нийтлэг асуудлууд байна. Жишээ нь, кесерево хагалгаагаар төрсөн, төрөхийн хүндрэлтэй, цус алдалт ихтэй ээжүүдийн хувьд, төрсний дараах янз бүрийн үрэвсэл дарах, өвчин намдаах эмийн болон дусал, тариа эмчилгээнүүд 3-5 хоног хийх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл, мэс засалд орсон учраас шарх үүсчихсэн, үрэвслийн шинж тэмдэгтэй ч байдаг юм уу, мөн эмэгтэй хүн төрөөд байгалийнхаа жамаар шавхарга гараад, сав нь агших ёстой байтал сайн агшаагүй, шавхарга гарч шалихгүй байх гэх мэт. Ер нь кесерево хагалгааны үед иймэрхүү нийтлэг зовиурууд тохиолддог. Тийм ээжүүдийг өдөрт эхо аппаратаар байнга харна. Сав, умайн агшилт хэр байна, үрэвсэж байна уу, шавхрага нь яаж гадагшилж байна гээд. Ингээд тохирох дусал, тариа, эмийн эмчилгээнүүд хийгддэг. Жирэмсэн байх үед хүүхдийн жин дунджаар 3-3,5 кг, үүн дээр ус гээд бараг 10-аад кг “ачаа” эмэгтэй хүнд ирдэг гэсэн үг. Олон сар ураг тээж явснаас шалтгаалан нийтлэг тохиолддог асуудал бол эхийн аарцаг нурууны гажилт, суулт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд юм. Эдгээрийг бид бариа засал, уламжлалт эмчилгээгээр анагаадаг.

Сувиллынхаа хөрөнгө оруулалтын талаар сонирхуулбал? Ер нь ямархуу боловсон хүчний нөөцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

Анх төслийг хэрэгжүүлэхэд хамтарсан байдлаар эхлүүлсэн. Тэгээд нээлтээ хийсний дараа Солонгос талын хөрөнгө оруулагч маань Монголд үйл ажиллагаа явуулахаа болилоо гэсэн шийдвэр гаргаад, одоогоос сарын өмнө Монголын талын “Тод ББ” компаниас 50 хувийн хөрөнгө оруулалтаа буцаагаад татчихсан. Одоо бол дангаараа, 100 хувь Монгол компани. Төрсний дараах сувилал гэхээр, манай Монголд хууль эрх зүйн орчин дутмаг, сайн ойлголт тогтоогүй учраас хоёр зүйл яригддаг юм. Энэ үйлчилгээ Азийн олон улс оронд түгэн дэлгэрч байгаа гэдэг дээр тулгуурлан жишээ дурдахад, Зүүн өмнөд Азийн орнууд, ялангуяа Хятадад төрсний дараах сувиллыг эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээнээс хасаад, нэг ёсондоо эмнэлэг гэж үздэггүй, зүгээр л амралтын газар, зочид буудлын ангилалд оруулчихдаг. Эмэгтэй хүн амардаг газар гэсэн утгаар нь. Хуулиндаа төрсний дараах сувилал гэдгийг эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мөн гэж оруулан, эрүүл мэндийн байгууллага гээд тодорхойлчихоор хуулийнхаа дагуу тэнд сувилагч байх ёстой, тийм юм байх ёстой гээд стандартууд гараад ирдэг. Энэ стандарт Япон, Солонгост өндөр хөгжсөн байгаа ч хожуу хөгжиж байгаа орнуудад яг стандартчилж, хуульчилж өгөөгүй учраас жишээ нь, Хятадад гэхэд л, зарим газруудад сувилагч биш, энгийн хүнийг сургаад л ажиллуулдаг.

Харин танай Сорхун сувиллын хувьд?

Одоо манайх бүрэн хүчин чадлаараа хараахан ажиллаж эхлээгүй байна. Одоогоор манайд 12-13 мэргэжилтэн ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол 20-иод хүн ажиллах ёстой. Одоо нарийн мэргэжлийн гурван эмчтэй, нэг солонгос зөвлөх, нэг монгол зөвлөх эмчтэй. Нэг ёсондоо байнгын ажиллагаатай нарийн мэргэжлийн гурван эмчтэй, хоёр зөвлөх эмчтэй гэхээр Солонгосын мундаг гээд байгаа сувиллуудаас ч илүү байгаа гэсэн үг. Тэнд очоод үзэхэд ихэвчлэн 1-2 эмч л байдаг юм. Манайх таван нарийн мэргэжлийн эмчтэй учраас нялх биетэй ээжид төрсний дараах бүхий л оношилгоо эмчилгээг хийх боломжтой. Манай Эрүүл мэндийн тухай хууль өмнөхөө бодвол харьцангуй дэвшилттэй болсон байгаа. Манайх бол сувилахуйн төв гэдэг стандартад хамрагдаж байгаа юм. Сувилахуйн төв гээд хуулиндаа орчихсон болохоор энэ нь ямар нэг байдлаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага мөн. Тэгэхээр энд эмнэлгийн мэргэжлийн хүн л ажиллах ёстой учраас эмэгтэйчүүдийн эх барихын нарийн мэргэжлийн болон хүүхэд нярайн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Нярайн тасагт маань дагнаад эх баригч юм уу, нярайн сувилагч мэргэжилтэй хүмүүс ажиллаж байгаа. Дээрээс нь, жирэмсэн ээжүүдэд тулгардаг асуудлуудад европ анагаах ухаанаас илүүтэй уламжлалт анагаах ухаан талаас засах шаардлага их байдаг учраас уламжлалтын эмч, бариа засалчид ажилладаг. Манайх боловсон хүчний хувьд нэлээд цогц бүрэлдэхүүнтэй учир Солонгосын мундаг гээд байгаа эмнэлгүүдийн түвшинд хүрэхээр сайн хангагдсан гэж би хувьдаа дүгнэнэ.

МАНАЙХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ХӨЛСНИЙ ТАЛ ДЭЭР УЯН ХАТАН БОДЛОГО БАРИМТАЛДАГ


Төрсний дараа хүүхэд асралцах хүн хүч хомс, гам барих нөхцөл боломж тааруу гэр бүлд танай үйлчилгээ нэн тохиромжтой санагдлаа. Ер нь нярайн асаргааг танайх бүрэн хариуцдаг уу?

Тийм. Улс орон хөгжөөд, цаг хугацаа явахын хэрээр гэрээрээ асарч сувилуулдаг, гэртээ гам барина гэсэн ойлголт багасаж байна. Дээр үед бол хадам ээж нь ч юм уу, өөрийн ээж нь хажууд нь байгаад л хоол ундыг нь нааш цааш нь болгож өгөөд, хүүхдийг нь хуурайлаад л тусалдаг байсан. Гэтэл одоо нөгөө ээж, эмээ нар бараг олдохгүй болсон. Тус тусдаа ажилтай, гэрт суудаг хүн ховор, завгүй болчихсон. Тийм учраас л бүсгүйчүүдэд энэ төрлийн үйлчилгээ их хэрэгцээтэй болж байгаа. Эх, хүүхэд манайх руу шилжээд ирэнгүүт ээжийг нь эмэгтэйчүүдийн эмч үзээд, тохирох эмчилгээ нь бичигдээд түүний дагуу эмчилгээндээ ороод явчихна. Хүүхдийг нь нярайн тасагт шилжүүлж аваачаад, нярайн эмч маань үзээд, нярайн шарлалт, харшил, тууралт зэргийг нь оношлоод, тэр дор нь эмчилгээнд орох шаардлагатай бол эмчилгээг хийгээд эхэлнэ. Асаргааг тодорхой зааврын дагуу нярайн сувилагч, эх баригч нар хийгээд явчихдаг. Хүүхдийг 24 цагийн турш нярайн тасагт харж асарна. Ээж тусдаа VIP өрөөнд амарна. Ээж хүссэн үедээ хүүхдээ хажуудаа байлгамаар байвал өрөөнд байгаа дотуур холбоогоор нярайн тасагтай холбогдоод хүүхдээ авчруулна. Ингээд өрөөндөө хэсэг байлгаж байгаад өөрөө унтаж амармаар санагдвал дуудаад хүүхдээ өгнө. Дөнгөж төрсөн ээжүүд эхний 20 хоногт шөнө босч хөхүүлэх хэцүү байдаг. Нярай хүүхэд хоёр цаг тутамд хөхөх ёстой. Тэгэхээр шөнө болгон байн байн босоод хүүхдээ хөхүүлэх нь нялх биетэй ээжийг хамгийн ихээр ядраадаг. Харин манайд бол тэгэх шаардлага байхгүй. Ээж нь унтахаасаа өмнө 2-3 цаг хүүхдээ сайхан хөхүүлээд хөхөө суллачихна. Өрөө болгон автомат саалтууртай учраас үлдэгдэл сүүгээ саагаад нэрийг нь биччихсэн зориулалтын угжинд хийгээд нярайн тасагт өгчихнө. Ээж шөнөжин сайхан унтана. Шөнө нь хүүхдийг саасан сүүгээр, жаахан дутагдалтай бол нэмэлт сүүгээр угжчихна. Энэ маягаар бид нялх биетэй ээжид 14-21 хоног сайхан амрах боломжийг олгох үүднээс ажиллаж байна.

Нярайн “шарлалт” хэмээх асуудал их гардаг. Энэ тал дээр ямар төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг вэ? Ер нь нярайн арчилгаа сувилгааны чиглэлээр эхчүүдэд зөвлөгөө өгдөг үү?

Хүүхдийн асаргаа нь таараад ирэхээрээ нярайн шар байгалийнхаа жамаар буурдаг. Хүүхдийн шар их байна гэдэг нь төрсний дараа нярайн асаргаа сувилгаа, хооллолт зохицохгүй байна гэсэн үг. Манайд ирсэн нярай хүүхдүүдийн шарлалт 3-4 хоногийн дотор буучихдаг. Хүүхдийг цаг тухайд нь тохирсон хөтөлбөрийн дагуу мэргэжлийн хүмүүс нь хооллоод ундлаад явах учраас нярайн шар хүндрэх асуудал гардаггүй. Эх, нярайн эндэгдэл гэдэг үзүүлэлт тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог гол зүйл болчихоод байна. Харин төрсний дараах тусламж үйлчилгээ өндөр хөгжсөн улс орнуудад нярай үедээ золгүйгээр эндэх асуудал тун бага. Тэнд төрсөн ээж болгон ийм сувиллаар дамждаг учраас нэгдүгээрт, хүүхэд маань хангалттай сайхан борогшоод томроод гарчихдаг. Хоёрдугаарт, залуу ээж, аавууд туршлага, мэдлэг мэдээлэл байдаггүй гэж ярьдаг ч уншаад мэдье гэвэл энэ талаар олон ном гарсан байдаг хэдий ч бодит сургалтанд хамрагдаж суралцах нь илүү үр дүнтэй шүү дээ. Тийм учраас манай сувилалд долоо хоногт өнжөөд 2-3 удаа ээж нарт асаргаа, аюулгүй ажиллагаа, анхаарах зүйлс, яаралтай тусламж, нярай хүүхдийг угаах, арчлах сургалтууд явуулдаг. Хүүхдийг усанд оруулж байгаад унагаагаад эндчихсэн тохиолдол зөндөө. Нярай хүүхэд маш жижигхэн учраас ингэж бариад ингэж угаах ёстой гэдэг техник байна. Мөн хүүхэд нь эрүүл сайхан төрчихсөн боловч золгүй эндэх тохиолдол хааяа гардаг. Ялангуяа 0-1 насны хүүхдийн золгүй эндэгдлийн бараг 50 хувь нь нярай үедээ буюу 0-30 хоног дотор тохиолддог. Нялх биетэй ээж ядарчихсан, шөнө олон дахин босч хөхүүлээд нойр нь хүрчихсэн үедээ хүүхдээ хөхүүлж байгаад өөрийн мэдэлгүй унтаад хүүхдээ хөхөөрөө дарчихдаг, эсвэл хөвсгөр зөөлөн матрастай орон дээр хүүхэд доошоо шигдээд амьсгаа нь боогдох золгүй тохиолдлууд байдаг. Мөн нярай хүүхэдтэйгээ хамт унтаж байхдаа гараа дээр нь тавьчихдаг, эсвэл орноосоо унагаачихдаг тохиолдол ч бий. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд нярай хүүхдээ тусад нь орон дээр унтуулдаг байх нь зөв юм. Жишээ нь, хамгийн их золгүй энддэг тохиолдол бол, хүүхдээ хөхүүлчихээд хэхрүүлэхгүйгээр дээш нь харуулаад тавьчихдаг. Хүүхэд хөхсөний дараа заавал хэхэрч байх ёстой. Хэхрүүлэхгүйгээр тавихаар хүүхэд хэвтэж байгаад хэхрээд огиудас гарч ирээд бөглөрчихдөг. Хүүхдийг хөхүүлсэн тохиолдолд босоо байрлалаар тэвэрч байгаад хэхрүүлнэ, хэхэрсэн тохиолдолд заавал 35 градусаар налуу байрлалаар хэвтүүлнэ гэх мэт сургалтыг ээж нарт ягштал заагаад сургаад гаргаж байгаа учраас гэртээ гараад тийм золгүй байдал үүсэх магадлал байхгүй. Тэр талаараа давуу талтай.

Төрсний дараа эх нярай хоёр ямархуу хугацаагаар энд үйлчлүүлбэл илүү үр дүнд хүрэх вэ? Танай үйлчилгээний үнэ ханш манай эхчүүдийн амьжиргааны нөхцөл боломжтой хэр уялдаатай бол?

 Ер нь манай уламжлалт соёлыг аваад үзвэл, эмэгтэй хүн төрөөд 30- 45 хоногийн дотор гам барина гээд хэвшчихсэн байдаг. Тийм учраас ер нь дээд тал нь нэг сар байхад хангалттай сайн үр дүн гарна. Гэвч манайд 7, 14, 21 хоногийн, нэг сарын хөтөлбөрүүд гэж байгаа. Өөрийн хүссэнээ хугацаагаа сонгоно гэсэн үг. Ер нь бид голчлон 14 хоногийг санал болгодог. 14 хоногт ээж хангалттай сайхан тэнхэрчихдэг. Нярай хүүхдийн хүй нь цөглөөд уначихна. Холбогдох дагалдах сургалтууд нь явагдчихдаг. Тэгэхээр 14 хоног бол тохиромжтой. Боломжтой бол 21 хоноод, нэг сар болбол бүр л сайн. Эхний ээлжинд бид 14 хоногийг санал болгож байгаа. Манайх олон улсын жишигтэй харьцуулбал туйлын хямддаа орно. Ер нь манайд энгийн өрөө гэж байхгүй. Бүгдийг нь VIP өрөөгөөр тохижуулсан. Тусламж үйлчилгээний бүх юмаа сайн чанартай хийж тохижуулсан хэдий ч үнэ өртгөө зөвхөн VIP хүмүүст зориулсан гэхгүй. Оффисын ажилтай эмэгтэй хүн Монголд дунджаар 600 мянгаас нэг саяын хооронд цалин авч байгаа. Төрөхийн өмнөх декретний мөнгөө төрсний дараах декретний мөнгөтэйгээ нийлүүлэхэд л 14 хоногт хангалттай хүрдэг байхаар үнэ ханшаа тавья гэж өнөөгийн нөхцөлд тохируулсан. Манайх шиг иймэрхүү тохижилттой , өрөө тасалгаа нь цэлгэр сувилал Солонгост хамгийн хямд нь таван сая вон, таван мянган доллар гэж байх жишээний. Гэтэл бид түүний гуравны нэгтэй дүйцэхүйц үнэ ханшаар үйлчилж байгаа учраас олон улсын жишигтэй харьцуулахад үнэтэй гэж бодохгүй байна. Тэгээд ч манайх үйлчилгээний үнэ хөлсний тал дээр уян хатан бодлого баримталдаг. Төрсний дараа сувилалд асруулах хугацаагаа ойролцоогоор товлож урьдчилан захиалаад, төлбөрөө сар сард нь цувуулан өгөх боломжтой.

Эхчүүд, бүсгүйчүүдэд чиглэсэн шинэлэг, буянлаг үйлс бүтээж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

2018 он "Зиндаа" сэтгүүл №09/509

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 64.119.27.213 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 04:15 минутанд

SOLONGOSIIN SAIN TALIIG NUTAGSHUUL CHANAR GEHEER UZEMJIIG DUURAIDAG SOYLIIG BUU AV

Go to top of page