“Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-нд болно

2018 оны 07 сарын 24

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол Түмний шашны тэргүүн, анхдугаар богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй шашин соёлын томоохон арга хэмжээ юм.   

Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар(1635-1722)-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад ноёд ба энгийн ард олон нийтээр цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, залаад их баяр наадам үйлдэж байжээ.

 

Мөн наадмын гол хэсэг болох Хүрээ цам нь  Монголын ард түмний үндэсний урлаг соёлын салшгүй  томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн турш хөгжсөөр өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв юм. Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжсөн. Хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр, уран хошин, инээдэмт арш Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа онцлогтой.

Тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Даншиг наадам бол агуулга, үр өгөөжийн хувьд ач холбогдол өндөр, томоохон арга хэмжээ юм. Бид энэхүү наадмыг нэг жилийн өмнөөс дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж эхэлсэн. Жил бүр Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо өсөх хандлагатай байна. Тухайлбал Үндэсний их баяр наадмыг үзэх гэж олон жуулчин ирдэг. Тиймээс бид үндэсний их баяр наадамтай зэрэгцэх томоохон арга хэмжээг зохион байгуулдаг нь Даншиг наадам юм. Аливаа нэг аялал жуулчлалын арга хэмжээг олон жил зохион байгуулж, сурталчилж байж үр дүнд хүрдэг, дэлхий дахинд танигддаг, жуулчдыг татдаг. Энэ утгаараа бид Даншиг наадмыг жил бүрийн 8 дугаар сарын эхний амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд манай улсыг 471 мянган жуулчин зорин ирсэн гэсэн тоо баримт байна. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхий дахинд таниулах томоохон арга хэмжээ юм” гэлээ.

Энэ жилийн наадам нь мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг үзэх, монголын соёлын өвийн ховор нандин үзвэрүүдийг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Гандантэгчэнлин хийдэд 8 дугаар сарын 2-6 нд Жахар цамын хурлаар эхэлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top