Х.Идэр: Хүн бүтэлгүйтэх болгондоо нэг шинэ зүйл сурч байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 26

 Бидний урьсан энэ удаагийн зочин бол насандаа баймгүй ололт амжилттай, олон сонирхолтой үүх түүхтэй, үнэхээр л шинэ цагийн манлайлагчдын нэг Х.Идэр. Түүнтэй сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

-Хаана сурах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Австрали улсын Мельбурн хотод Бизнесийн удирдлага чиглэлээр сурах гэж байгаа.  

-Америкийн олон сургуульд тэнцэж тэтгэлэг авсан. Яагаад тэнд суръя гэж шийдсэн бэ?

-Хамгийн түрүүнд Америк руу явахыг их хүсдэг байсан. Тэгээд Америкийн нэлээд хэдэн сургууль руу анкет явуулсан. Бүгдэд нь тэнцсэн. Яагаад Австралийг сонгосон бэ гэхээр боловсролын түвшин өндрөөс гадна ажил хийх боломж маш их байдаг. Америкаас илүүтэй Австралийг оюутан залуус зорьдог болсон. Хамгийн тохиромжтой газар. Сургалтын онцлог нь мэдээж их дээд сургуульд онол заадаг, онолын хажуугаар практик заадаг. Янз бүрийн компанид дадлага хийдэг. Энэ талаараа илүү давуу учраас би Австралийн сургуулийг сонгосон.

-Америкийн их дээд сургуулиудад ямар шалгуурыг давж тэнцсэн бэ. Суръя гэсэн зорилготой хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч...

 -IELTS,TOEFL Америкийн их дээд сургуулиудад авдаг SAT (Scholastic Aptitute Test)  шалгалтыг өгөөд өндөр оноо авах шаардлага гардаг. Хүмүүс оноо л байхад хангалттай гэж ярьдаг. Энэ нь бас өрөөсгөл ойлголт гэж боддог. Мэдээж оноо бол байх шаардлагатай, үүний хажуугаар эссэ чухал байдаг. Тухайн хүүхэд өндөр оноотой ч гэсэн онооноос гадна тэр хүн өөрийгөө дүгнэж бичсэн үзэл бодол, янз бүрийн зорилго, амьдралын утга учир, алсын хараа гэх мэтчилэн бүх зүйлийг харуулсан эссэ маш чухал байдаг. Гуравдугаарт, нийгмийн идэвхи чухал. Тийм учраас хүүхдүүд сайн дурын үйл ажиллагаа их зохион байгуулдаг болчихсон. Сайн дурын үйл ажиллагаа яагаад хэрэгтэй вэ гэхээр, би НҮБ-ын загвар хуралд оролцох гээд Монгол Улсаа төлөөлөөд анх удаагаа явж байсан. Тэр үйл ажиллагаан дээр Кембрижийн Их Сургуулийн профессортой уулзсан. Түүнээс танай сургууль яг ямар хүүхдийг авдаг вэ гэхэд "Мэдээж оноо бол шаардлагатай. Гэхдээ тийм ч өндөр биш, харин дэлхий ертөнцийг өөрчилье гэсэн хүсэл сонирхолтой, үнэхээр том алсын хараатай, мөрөөдөлтэй, галзуу солиотой залуус хэрэгтэй байна" гэж хэлж байсан. Нийгмийн идэвхитэй залуусыг гадаадын том их дээд сургуулиуд авдаг. Гэхдээ бас оноо, нийгмийн идэвхээ хослуулах, эссэгээ ч сайн бичих шаардлагатай. Дөрөвдүгээрт, 10 жилийн оноо хэрэгтэй. Олон хүүхэд TOEFL-д өндөр оноо авбал их сургуульд орчихно гэж боддог. Яг үнэн хэрэгтээ 10 жилийн оноо маш чухал байдаг. Энэ оноогүй бол сургуульд ороход хэцүү байдаг. Зарим сургууль тэтгэлгийн онцлогтой байдаг. Сургууль болгонд хувь хүнд өгдөг тусгай тэтгэлэг байдаг. Тухайн хүүхэд тэтгэлэгт анкет явуулаагүй байсан ч цаанаас нь өгдөг. Сургуульд тэнцэхээс гадна чухал зүйл бол тэтгэлэг авах шаардлага гарч ирдэг. Үүн дээр эдгээр дөрвөн зүйлийг анхаараад, тавдугаарт багшийн тодорхойлолт байдаг.

-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Өөрөө сонгосон уу, аав ээж чинь зөвлөсөн үү?    

-Маш олон аав ээж хүүхдүүдээ өөрсдийн хүсч байгаа мэргэжлээр сургах гэж шахалт үзүүлдэг. Бид тухайн мэргэжлийг сонгохдоо нэгдүгээрт тэр мэргэжлийг сонгосноороо бидний амьдралд ямар давуу талтай эсэхийг сайн харах хэрэгтэй. Үнэхээр тэр мэргэжилдээ дуртай юу гэдгээ, дараа нь ирээдүйд Монгол оронд хэр их ашиглагдах вэ гэдэг талаар бодох хэрэгтэй. Ер нь мэргэжил сонгохдоо ямар ч үндэслэлгүйгээр сонгож болохгүй байх. Би Бизнесийн удирдлагыг яагаад сонгосон бэ гэхээр бизнес, эдийн засгаар сууриа тавьбал зүгээр санагдсан. Өөрөө тийм ч дуртай биш, гэхдээ сурах шаардлагатай. Энэ талаар шинжлэх ухаанчид судалсан байдаг юм билээ. Хүн 25 нас хүртлээ дургүй мэргэжлээрээ ч юмуу дургүй зүйлээ сайн хийж чаддаг. Наад захын жишээ: өглөө босоод хамгийн түрүүнд сайн чадахгүй зүйлээ хийх ёстой. Учир нь хүний хамгийн бүтээмжтэй цаг байдаг. Тийм учраас би өглөө хэцүү зүйлээ хийгээд, өдөр нь өөр ажил руу ордог ч юмуу яг тийм чиг баримтлалаар ажилладаг.

-Яагаад Монголдоо биш гадаадын их дээд сургуульд суралцахаар шийдсэн бэ?

-Мэдээж Харвардад зааж байгаа эдийн засгийн онол Монголд зааж байгаа онолтой яг л ижил. Хамгийн гол нь юу тэр Харвард сургуулийг илүү болгож байгаа вэ гэхээр орчин хамгийн чухал. Гэхдээ монгол сургуульдаа сураад төгсөөд магистраа хамгаалаад амжилттай ажиллаж байгаа маш олон хүн байгаа. Эх нутагтаа сурлаа гээд ирээдүй чинь харанхуй болно гэж байхгүй, харин ч маш олон давуу талтай. Би яагаад гадаадын их дээд сургуулийг сонгосон бэ гэхээр тухайн орчинд Монголд байхгүй зүйл байгаа. Австралид очоод сурч байх хугацаандаа янз бүрийн хэрэгтэй зүйлийг аль болох сураад, мэдээд, туршлага аваад эх нутагтаа ирээд түүнийгээ хуваалцаад хамт хөгжье л гэж бодсон. Бид бие биенээ дэмжихгүй бол өөр хэн ч дэмжихгүй шүү дээ. Хамгийн гол нь хамтдаа хөгжиж нэгдэх хэрэгтэй гэж бодож байна.

-Ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулж оролцсон бэ?  

-TEDX-ийг үзэхийг маш их хүсдэг байсан. Тэгээд ямар үйл ажиллагаа, яаж бүртгүүлдэг юм бол гэж бодоод эхлээд анкет бөглөсөн. Гэхдээ тэнцэж чадаагүй. Дараа нь арай гэж билетийг нь аваад үзсэн. Тэр үед 11 дүгээр ангид байсан. Тэгээд би миний үеийн хүүхдүүд юм зохион байгуулаад байхад яагаад би дутуу байгаагаа бодож эмзэглэж байсан. Тухайн үедээ зохион байгуулах эрхийг авах гэж анкет бөглөсөн, бас л тэнцээгүй. Тэгээд гурав дахь удаагаа бөглөхөд ашгүй тэнцэж зохион байгуулж байсан. Би илтгэгч болохыг маш их хүсдэг байсан. Тийм мундаг хүн биш болохоор ийм боломж олдохгүй байх гэж бодсон тэр үедээ. Түүний дараа 12 дугаар анги төгсөхөд илтгэл хэлэлцүүлэх урилга ирсэн. Тухайн үед маш их аз жаргалтай байсан. TEDX-ээс өмнө хамгийн анхны сайн дурын ажил цэцэрлэгийн төгсөлт дээр хүүхдүүдэд далавч зүүж өгч байсан. Хамгийн гол нь ажлыг жижиг гэж голж болохгүй юм шиг санагдсан. Ямар ч ажлаас бид суралцдаг. Бидний амьдралын хамгийн жижигхэн сонголт амьдралыг төсөөлж байгаагүй арга замаар өөрчлөх боломж байдаг. Хамгийн гол нь тэр зүйлийг би хийгээгүй байсан бол одоогийн Мөрөөдөлд хүрэх зам төрийн бус байгууллага байгуулж, 1000 гаруй залууст лекцийн үйл ажиллагаагаа зохион байгуулахгүй байсан байх. Хөгжлийн галт тэрэг гээд сургалтын төвийн багш, захирлын үүргийг гүйцэтгэдэг. Явах гээд үйл ажиллагаагаа түр завсарлачихсан байгаа. Сургуулиа төгсч ирээд илүү том сургалтын төв болгох хүсэл зорилготой байгаа. Мөн "Монгол дархлаа" төслийг санаачилсан. Одоогоор “Universal” сургалтын төвд маркетингийн менежер гэх мэтчилэн зүйлүүдийг хийсэн.

-Хүмүүс өөрсдийн үзэл бодлоо бусдад илэрхийлэхдээ сандрах гэх мэтчилэн бэрхшээлтэй тулгардаг . Та ч бас ийм зүйлтэй тулгарч байсан байх. Үүнийгээ хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Би одоо хүртэл сандардаг. Гэхдээ энэ нь муу зүйл биш. Хүүхдүүд сандрахаараа би чадахгүй юм байна гэж боддог. Сандрал нь үзэх гэж байгаа танхимд байгаа хүмүүст үзүүлж буй хүндлэлийн нэг хэлбэр гэж би хувьдаа боддог. Тэр нь хүмүүсийг хүндэлж байгаа учраас сайн ярихгүй бол яах юм бэ, энэ хүмүүсийн итгэлийг алдвал яанаа гэсэн бодол. Үнэхээр сандрал байвал олон удаа оролдоод үз гэж би зөвлөмөөр байна. Олон удаа оролдож үзэж байж тухайн зүйлийг сурна, мэднэ. Ярианы чадвар дээр нэг зүйл хэлэхэд үнэхээр сандралаа даван туулахын тулд жишээ нь, сагс тоглоход хүн заавал бэлтгэл хийж, гүйж, сунгалт хийдэг. Үүнтэй адилхан илтгэх урлаг дээр халаалт байдаг. Илтгэл хэлэлцүүлэхээсээ өмнө, яриа персинтэйшн тавихаасаа өмнө 5-15 минутын өмнө найзуудтайгаа ярилц. Илүү олон зүйлийн талаар ярих хэрэгтэй. Бид ярилцаад л байвал илүү дотно болдог. Үүн шиг чимээгүй байж байгаад гэнэт үгнүүдийг буруу хэлэх хандлага гардаг. Тэрнээс болоод ичиж сандардаг. Ийм учраас илтгэлээ хэлэлцүүлэхээсээ өмнө маш олон зүйлийн тухай юм ярьж амаа халаах хэрэгтэй. Ингэснээр үгнүүдээ илүү тод хэлэх магадлал илэрдэг. Маш олон дасгал байдаг. Жишээ нь, хэлээ баруун, зүүн тал руугаа 15 удаа эргүүлэх, мөн сунгалтууд бас байдаг. Тэдгээрийг хийвэл зүгээр санагдсан.  

-Та хэдэн хэл эзэмшсэн бэ?

-Англи хэлнээс гадна япон хэл гурван жил судлаад 12 дугаар ангид ороод цаг зав гарахгүйгээс шалтгаалаад орхисон. Яваандаа япон хэлээ сэргээе гэж бодож байгаа. Мөн турк хэл бага зэрэг мэднэ. Хятад хэл сурах бодолтой байгаа. Мэдээж ярих амархан, хийхэд хэцүү. Ер нь олон хэл эзэмшихийг л маш их хүсч байгаа.

-Гадаадын улсуудыг зорьж байгаа хүмүүст хэл маш чухал. Англи хэл сурсан үр дүнтэй аргуудаасаа хуваалцаач...

-Хүмүүс англи хэлийг сурахдаа ял юм шиг сурдаг. Би үүнийг яаж сурах вэ гээд шаналаад л яваад байдаг. Ийм сул тал, сөрөг хандлагууд гардаг. Харин үүнийг нөгөө талаас нь би сурахгүй бол яах юм бэ? Миний эргэн тойрны найзууд, гэр бүлд миний мэдлэг хэрэгтэй. Сурах гэж байгаа зүйлдээ дурлаж, сэтгэл зүрхээ зарцуулж сурвал үр дүн нь гарна. Өглөө бүр босоод л англи хэлээ ингэж гоё сурна аа, надад маш их ашиг тустай, үүнийг хийснээр миний амьдралд ийм өөрчлөлт гарна гэж эерэг талаас нь харах хэрэгтэй. Саяхан оюун ухааны акедемийн Хатанбаатарын "Гадаад үг хэрхэн цээжлэх вэ" гээд ном гарсан байсан. Түүн дээр дурдагдсан. 20 гадаад үг байлаа гэхэд шууд дарааллаар нь цээжилдэг. Энэ нь арай буруу, хоцрогдсон арга юм шиг санагддаг. Орчин үеийн арга бол жишээлбэл, “hug” буюу тэврэх гэсэн утгатай үг байлаа. Энэ үгийг хэрхэн тогтоох вэ гэхээр хүн хамгийн дургүй хүнээ тэвэрсэн чинь үснийх нь хаг унаад чиний хувцсан дээр наалдчихлаа гэж төсөөлөхөөр чиний толгойноос ерөөсөө гарахгүй. Аливаа нэг зүйлийг эгдүүцсэн, дургүйцсэн, магадгүй тийм хошин аргаар цээжлэх нь илүү тархинд үлдэх хандлага байдаг гэж шинжлэх ухаанчид нотолсон байдаг. Ийм учраас шинэлэг аргаар цээжилвэл илүү үр дүнтэй.   

-Урлаг спортын аль нэгээр нь хичээллэдэг үү?

-Аль алинаар нь хичээллэдэг. Хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглох дуртай. Сагсан бөмбөгийг олон жил тоглож байгаа. Хүмүүс намайг даруухан, философи маягийн, уйтгартай амьдралтай гэж боддог юм шиг байна лээ /инээв/. Ерөөсөө тийм биш. Маш идэвхитэй, бусдад нээлттэй энгийн хүн гэж боддог. Төгөлдөр хуурыг 10 жил тоглож байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Хүүхдийн ордоныг төгсч байсан. Заримдаа хүмүүстэй ярилцаж, фэйсбүүкээс илүүтэй ганцаараа өөрөө өөртэйгөө ярилцаж, өөртөө тоглож өгч, сонсч байх нь илүү тайван болгодог юм шиг санагддаг.

-Цагийн менежментээ хэрхэн хийдэг вэ?

-Гэнэтийн зүйл маш их гардаг. Хамгийн гол нь хувийн зохион байгуулалт. Би гэртээ нэг календартай байдаг. Календар дээрээ хийх ёстой хамгийн том, чухал ажлаа бичдэг. Мөн утсан дээрээ нарийвчлаад эсвэл цаасан дээр биччихдэг. Ихэвчлэн мөрдөхгүй байх шалтгаан гардаг. Ийм зүйлүүд байлаа гээд хэт их цагтаа шунаж болохгүй. Аль болох хэрэггүй зүйлд цагаа зарцуулахгүй л байхад бараг болох юм шиг санагддаг. Хамгийн гол нь тухайн хүний хүчин чармайлтаас шалтгаалах байх. 

          "Хүн болгонд нэг зүйл байгаа. Түүнийгээ олохгүй, харин тэр зүйлийг бүтээдэг"

-Гэр бүл чинь таныг дэмждэг байсан уу?

-Эхлээд бол намайг хэн ч дэмжээгүй. Багш нар намайг сайн дүн авахаар итгэдэггүй байсан. Ангийн хүүхдүүд ч гэсэн гадуурхдаг ч юмуу тийм сөрөг хандлагатай байдаг байсан. Эдгээрт хамгийн их баярладаг ч юм шиг. Гэр бүл намайг ерөөсөө дэмждэггүй байсан. Бас тэрэнд их баярладаг, яагаад гэхээр тэгж хэлснээрээ ирээдүйд маш их шүүмжлэлийг би хүртэнэ, янз бүрийн зүйл хийж байхад хүмүүсийн доромжлол, шүүмжийг авна. Монголчууд ер нь хүн шүүмжлэх дуртай. Боломж л гарвал доош нь хийдэг хандлага байдаг. Тэрийг бол өөрчлөхийг хүсдэг. Гэрийнхэн магадгүй намайг шүүмжилж, доош нь дараагүй байсан бол өнөөдөр ингэж явахгүй байсан байх. Яагаад гэхээр миний хүү үнэхээрийн эдгээр үгийг хүлээж авах хатуужилтай байгаасай гэсэндээ тэгсэн байх. Энэ зүйлүүдийг ингээд хэлчихвэл хүний хор шар нь буцлаад илүү хичээхийг хүсдэг. Хий дэмий урам зориг өгөөд байхаар түүнд автаад хичээхгүй байгаад байдаг.

Би болчихлоо гэж бодсон цагаасаа хойш хүн илүү доошилдог юм шиг санагддаг. Хамгийн гол нь хүн бүр янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Тэдгээр нь биднийг илүү хүчирхэг болгодог юм шиг санагддаг. Бид нар амьдрал гэж номны эхний хэдэн бүлэг дээр явж байна. Зөндөө олон бүлэгтэй, нэг бүлэг нь 365 хуудастай буюу амьдралын 365 хоног байгаа. Заримдаа аз жаргал, хэцүү үеүд байгаа. Хамгийн гол нь тэр номны төгсгөл сайхан, аз жаргалтай байгаа гэдэгт итгэдэг. Итгэхийг ч хүсдэг. Учир нь номны зохиолч нь бид өөрсдөө. Бид л хүсэх юм бол амьдралаа бичиж чадна. Хамгийн гол нь өөртөө итгэж, эерэг хандлагатай байх хэрэгтэй гэж боддог.

-Цаашдын зорилго, хүсэл тэмүүллийнхээ талаар хуваалцаач...

-Кино болон номон дээр хэцүү үе буюу уналтын хэсэг гардаг. Миний амьдралд уналтын хэсэг нэлээдгүй гарах байх. Тэр бүх зүйлд бэлтгэлтэй байна гэж бодож байгаа. Хүн хэт их эерэг байгаад байхаар сөрөг талаа ухаарахгүй орхигдуулчихдаг. Хамгийн түрүүнд би хийх зүйлийнхээ сөрөг талыг хардаг. Энэ ямар эрсдэлтэй талаар бодолцоод, эрсдлийг тооцоолоод, дараа нь эерэгээр хардаг. Хүмүүс эхлээд энэ ямар гоё юм бэ? даанч яасан сөрөг юм бэ гэдэг хандлагатай байдаг. Миний амьдралын дараагийн бүлгүүд надаас шалтгаална. Би өөрийгөө мундаг амжилтанд хүрсэн хүн гэж боддоггүй. Яагаад гэхээр ном дөнгөж эхэлж байна. Би бүх зүйлийн суурийг тавих гээд л явж байгаа. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Би өөртөө би болчихлоо, мундаг гэж хэзээ ч их зан сууна гэж бодож байгаагүй. Маш их зүйлийг хийхийг хүсч байна. Эмээ маань бага байхад эмч болоорой гэдэг байсан. Би өөрөө биологийн хичээл дээр унтдаг байсан. Эмчийн мэргэжил таалагддаггүй байсан. Яагаад ч юм надад үнэхээр хүнд санагддаг байсан болохоор өөр мэргэжлээр сурахыг хүссэн. Гэхдээ одоо би эмч болсон гэж боддог. Юуны эмч вэ гэхээр нийгмийн эмч гэж бодож байгаа. Нийгэм гэдэг хүн өнөөдөр сөрөг хандлага, урам зориггүйтэл, доромжлол гэх мэт янз бүрийн зүйлээр өвчилсөн байгаа. Тэрийг магадгүй бас өөрчилж, хүүхэд залуусаас жаахан ч гэсэн салгаж, нийгмээ эмчлэх нь миний нэгэн том зорилго. Ирээдүйд маш олон том зүйлийг хүсч байгаа. Жишээлбэл, би Кембрижийн их сургуульд очиход яасан гоё сургууль вэ, бид нар ийшээ сурах юмсан гэж хуралд оролцож байсан оюутнууд хэлсэн. Хамгийн гол нь хэзээ нэг өдөр яг үүн шиг Монголын МУИС, ХҮМҮҮНЛЭГ, ШУТИС, САНХҮҮ-г ч гэсэн гадаад оюутнууд тэгж яриасай, бодоосой. Магадгүй Монголд очиж амьдрах юмсан, Монголын тэр цуйван, бууз, хуушуур нь ямар гоё юм бэ? Яасан гоё агаарын бохирдолгүй, хотууд нь ч гэсэн сайхан хөх тэнгэртэй юм бэ, энд амьдармаар байна гэж гадаадын оюутан, залуус, хүүхдүүд, том хүмүүс нь хэлэхийг хүссэн минь алсын хараа юм болов уу гэж боддог. Мэдээж хэлэх амархан, хийх хэцүү. Маш олон хүн энэ зорилго чинь бүтэхгүй ээ гэж хэлж байсан. Гэхдээ бид өөрсдөө л хичээхгүй бол бүтэхгүй. Үнэхээр хичээгээд л, түүнийхээ төлөө тууштай хамтдаа тэмцэж чадвал эерэгээр харахад боломж байгаа гэж боддог. Хамгийн гол нь бид эерэгээр харахыг хүсэх л юм бол амьдралдаа бий болгож чадна. Миний амьдралын ирээдүйн хуудас, бүлгүүд ийм л байгаа байх гэж боддог. Магадгүй би тэр том амжилтанд хүрэхгүй, Монголоо тийм мундаг болгохгүй юмаа гэхэд ядаж суурийг нь тавиад бүх зүйлээс, энэ хорвоогоос явмаар байна. Амьдрахдаа ямар нэгэн утга учиртай амьдрах хэрэгтэй. Утга учраа олж хараагүй хүүхдүүдэд нэг зүйлийг хэлмээр байна. Хүн болгонд нэг зүйл байгаа. Түүнийгээ олохгүй, харин тэр зүйлийг бүтээдэг. Бүтэлгүйтэх алхам тутамдаа шинэ зүйлийг сурч, мэдэж өөрсдийн авъяас чадварыг бүтээдэг. Хамгийн гол нь оролдлогыг тууштай хийж байгаарай. Оролдлого заримдаа бүтэлгүйтэл болдог. Мөн туршлага ч болдог. Бидэнд авъяас чадварыг өгнө. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг харахаас илүүтэй юун дээр алдсан гэдгийг нь маш сайн хардаг. Хүн болгонд амжилтын оргил харагдана. Гол нь тэр суурь нь юун дээр тогтсон байна, тэр хүн юун дээр тэмцсэн байна гэдгийг бодох хэрэгтэй байх.


-Оюутан залуустаа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгнө үү...

-Өѳрѳѳ ѳѳртѳѳ цаг гарга. Хүн ѳѳрийгѳѳ ялан дийлэхгүй бол ѳѳр хэнийг ч дийлэхгүй байх. Олимпийн тамирчин хэлсэн байдаг. "Би яг яаж бүх тамирчдыг ялсан бэ гэхээр ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ ялсанаас үүдсэн" гэж хэлж байсан. Хамгийн гол нь хүн ѳѳрийгѳѳ ялах хэрэгтэй. Битгий залхуураарай. Залхуурал гэдэг бол бидний авьяас, бүтээл, янз бүрийн том амжилтанд гал ус мэт харш зүйл. Залхуурсан ч гэсэн ѳѳртѳѳ хэлж байх хэрэгтэй. "Би энд залхуурч хачин царайлж байхад ммний эргэн тойрны хүмүүс надаас илүү болох гэж номоо эргүүлэн тэмцэж байгаа. Тийм учраас бусад нь хичээж байхад би яагаад ѳѳрийгѳѳ дайчилж болохгүй гэж" хэмээн ѳѳртѳѳ хэлэх хэрэгтэй гэж боддог. Нэгэн сонирхолтой түүхийг би хамгийн сүүлд хуваалцъя гэж бодлоо. Нэг залуу их дээд сургуулиа тѳгсѳѳд хоёр хүнээс ярилцлага авахаар явжээ. Гэтэл тэр хоёр хүн зѳвшѳѳрѳѳгүй. Учир нь бид чамд ярилцлага ѳгѳх цаг алга, их ажилтай байна гэж хэлжээ. Тэр хоёр хүн барилгын талбай дээр цемент зуурч байгаа аж. Нѳгѳѳ залуу гурав дахь хүн дээр нь очоод ярилцлага авъя гэхэд зѳвшѳѳрчээ. Тэр хоёртой адилхан цемент зуурч байсан ч гэсэн илүү хурдтай зуурч байгаа харагджээ. Түүнээс ярилцлага авсан сэтгүүлч нь "Та яагаад ийм их эрч хүчтэй байгаа юм бэ, энэ ажил чинь хүнд хэцүү ажил, хүсээд байх зүйл биш шүү дээ" гэхэд "Энэ барилгыг чи харж байна уу? Энэ барилга энэ хотын хамгийн ѳндѳр барилга болно. Хэзээ нэг ѳдѳр миний хүүхдүүд энэ барилгын хажуугаар ѳнгѳрѳхдѳѳ миний аав энэ барилгыг барьсан, ийм мундаг хүн гэж хэлээсэй. Магадгүй миний хүүхдүүдийн хүүхдүүд, ач гуч, зээ нар харахдаа ѳвѳѳ минь үнэхээр мундаг хүн байсан. Том болоод би ѳвѳѳ шигээ л хүн болно гэж ангийнхандаа онгирч хэлээсэй. Магадгүй тийм ѳдѳр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Би хүүхдүүдийнхээ тѳлѳѳ энэ зүйлийг заавал хийж чадна. Хэзээ нэгэн цагт хараад бахархах үндсийг би тавина. Тийм болохоор ѳѳрийгѳѳ ялан дийлж ажилдаа дурлана гэж хэлж байжээ. Үүн шиг ямар ч ажил байсан тэр ажилдаа дурлаж, сэтгэл зүрхээ зарцуулаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл бид зѳв амьдралыг сонгохгүй бол амьдрал биднийг сонгохгүй. Бид өөрсдөө зорилгоо биелүүлэхгүй бол хэн ч түүнийг биелүүлэхгүй. Өөртөө итгэж, тууштай байх хэрэгтэй. Тэр тууштай зүтгэсний үр дүн 7 хоног, эсвэл сар, жилийн дараа ч гарахгүй байж мэднэ. Хамгийн гол нь хэзээ нэг өдөр бидний хичээл зүтгэлийн үр дүн гарна гэдэгт итгэх хэрэгтэй. Урагшилж, бүгдийг бүтээ, ухарч битгий няцаарай.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

Э.Сүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(202.9.42.11) 2025 оны 03 сарын 13

Женко азтай юмаа, энэ хүү шиг өөрийгөө дайчилж олон жил ном сураагүй шууд ерөнхийлөгч болцон. Соц үед бсн хэдэн үйлдвэрийг хужаа агаагаар пи ары нь зохиолгож мөнгий нь гаргуулаал баян болцон их азтай хүн юм. Өөрөө зовсон юм бхгүй кк

1  |  0
Zochin(150.129.142.105) 2025 оны 03 сарын 13

Uy gj de naiz min! Usa bolovsrol bol delhiid numbet 1. Mun Australia amidraliin tuvshin, ajliin bairnii huvid oldots muutai. Tsalin avsan ch urtug undur bdg uym. Uym uz!

1  |  0
injener natsagnyam (182.160.34.92) 2025 оны 03 сарын 13

harvardiin onol yaduu orniig shulah zorilgotoi

1  |  0
zochin(182.160.34.92) 2025 оны 03 сарын 13

uiddaggui mergejil injener lam nar

1  |  0
odod(122.201.19.99) 2025 оны 03 сарын 13

Bidnii ireedui bolson zaluus maani iim es surtahuuntai, erdem medlegtei humuujiltei zorilgotoi setgeltei baihad Mongol uls mini hugjin mandana gedegt itgeltei bna, Hun bur, zaluus maani Bi hen bilee; yug hamgiin sain chadah bilee gedgee sain medej chadsanaar uls eh oron mini hugjinuu. Husel ermelzel duuren zaluu nas iim l baih estoi

1  |  0
baysgalan(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

vneheer zow bodoltoi hvvhed bna shvv. hiij chadah ch bai chadahgvi ch bai hvvhed bvhen iim gegeeleg zvil boddog baigaasai. amjilt hvsiy

1  |  0
Э(64.119.20.164) 2025 оны 03 сарын 13

Гэр бүл нь дэмждэггүй байсан гэж байна шүү дээ. Над шиг санагдчихлаа. Хамгийн дотны хүмүүс ойлгохгүй байх хамгийн аймшигтай. Их л өөрийгөө хатуужуулсан мундаг хүү юм байна даа. Буруу бодож байсан байна. Маш их амжилтыг хүсье. Бас ирээдүйд хамгийн сайхан хайраа олохыг хүсье!

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

yag iim hyyhed zaluusiig demjij baih estoi , mongoliin maani ireedui haranhui bish l baigaa um baina,,,,iim uhaantai zaluus olon baigaasai, surlaga , ajil, amdrald ni amjilt hysie

1  |  0
Зочин(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Мундаг байна. Амжилт. Наад хэлсэн чинь их зөв санаа шүү.

1  |  0
Davaasuren(202.21.124.249) 2025 оны 03 сарын 13

ёстой мундаг хүүхэд юм аа. амжилт хүсэе

1  |  0
цээгий(64.119.19.113) 2025 оны 03 сарын 13

сайн хүү юмаа том зорилготой. монголын минь үр хүүхэд бүгд зорилготой түүндээ хүрэх түмүүлэлтэй байгаасай. ирээдүйгээ сайхнаар хараасай гэж хүсе. ИДЭР хүүд цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт эрүүл энх сайн сайхныг хүсе. Монгол улсаа хөгжүүлээрэй. Манай ирээдүй сайхан харагдаж байна. Монгол улс хөгжинөө заруучуудаа,,,,,,,,,,,,,,,,,

1  |  0
иргэн(103.14.36.18) 2025 оны 03 сарын 13

Жаахан мөртлөө яасан хэрсүү, ухаантай хүү вэ, бахархмаар юмаа.

1  |  0
ану(64.119.21.102) 2025 оны 03 сарын 13

хөөх үнэхээр сайхан мэдээлэл, ярилцлага болсон байна. сурвалжлагч нь бас яг гоё, тохиромжтой асуултыг асуужээ баярлалаа. Идэр ах үнэхээр мундаш шүү

1  |  0
Close menu