Алдартай эрдэмтнийг дэлбэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

Сирийн Масьяф хотноо автомашин нь дэлбэрсний улмаас тус улсын нэртэй эрдэмтэн Азиз Асбар амь үрэгдсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч Башар Асадын ойр дотны хүнд тооцогддог байсан аж.

Израилын Walla сайтад мэдээлснээр, эрдэмтэн Асбар гэрийнхээ гадна байсан машиндаа суух үеэр дэлбэрэлт болсон бөгөөд түүний жолооч мөн амь үрэгджээ.

Энэхүү дэлбэрэлтийн хариуцлагыг Абу Амар гэгчийн удирддаг террорист бүлэглэлийн дайчид хүлээгээд байгаа хэдий ч уг аллагын ард гадаадын тусгай албад байх магадлалтай хэмээн орон нутгийн сэтгүүлчид үзэж байна.

Масьяф хотод нэгэн судалгаа шинжилгээний төв байрладаг бөгөөд түүн дотор химийн зэвсэг үйлдвэрлэн боловсронгуй болгодог гэж барууныхан таамаглаж байсан бололтой. Амь үрэгдсэн эрдэмтэн уг үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг байсан гэнэ.

Энэ эрдэм шинжилгээний төв өмнө нь хоёр ч удаа Ливаны агаарын орон зайгаас илгээсэн Израилын цэргийн бөмбөгдөлтөд өртөж байсан бөгөөд тухайн үед уг эрдэмтэн ажлын байран дээрээ байхгүй байсан аж.


Сирийн дайн дэгдсэнээс хойших хугацаанд химийн хорт бодис хэрэглэсэн тухай мэдээлэл нэг бус удаа дэгдэн, Барууны улс орнууд Дамаскийг буруутгаж байсан билээ. Харин Сирийн эрх баригчид үүнийг эрс эсэргүүцэн, энгийн номхон ард иргэд болон алан хядагчдын эсрэг хэзээ ч химийн зэвсэг хэрэглэж байгаагүй хэмээн батлаад байгаа юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top