Канадын элчин сайдыг хөөсөн Саудын Арабын үйлдлийг Бахрейн улс дэмжжээ. Саудын эрх баригчид вант улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо хэмээн Канадыг буруутгаад байгаа билээ.
Саудын Араб дахь Канадын элчин ойрын хугацаанд эх орон руугаа буцах ёстой бөгөөд Оттава дахь өөрийн элчин сайдаа Саудын Араб мөн зөвлөлдөхөөр дуудсан байна.
Канадтай хийсэн Саудын Арабын хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлүүд болон хоёр орны хоорондох шинэ худалдаа арилжаа зогсчээ.
Саудын Араб бүсгүйчүүдийн машин жолоодох эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилсны дараахан дипломат зөрчил хурцадсан юм. Баривчлагдсан иргэний хөдөлгөөний идэвхтэнүүдийг нэн даруй суллахыг Канадын эрх баригчид шаардсан байна.
“Самар Бадави Саудын Арабт баривчлагдсаныг мэдээд би маш ихээр сэтгэл зовнисон. Канад улс энэ хүнд хэцүү үед нь Бадавигийн гэр бүлийг дэмжиж байгаа учраас тэднийг чөлөөлөхийг бид уриалж байна” хэмээн Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд Твиттер хуудсандаа бичсэн аж.
Түүний энэхүү жиргээнд Эль-Рияд ширүүхэн хариу барьжээ. Саудын Арабын Гадаад явдлын яам албан ёсоор дараах утгатай мэдэгдлийг хийсэн байна: “Саудын Арабын бүхий л түүхэнд бидний дотоод хэрэгт хутгалдахыг хэнд ч зөвшөөрч байгаагүй бөгөөд мөн ямар нэгэн улс орны тушаалд бид хэзээ ч захирагдаж байгаагүй. Иргэний хөдөлгөөний идэвхтэнүүдийг баривчилсан явдал нь тус вант улсын хууль тогтоомжийн дагуу үйлдэгдсэн учраас канадчуудын энэхүү эгдүүцэл ямар ч үндэслэлгүй зүйл юм” гэжээ.
Саудын Арабын дотоод хэрэгт гаднаас оролцох гэсэн оролдлого нь Канадын дотоод хэрэгт мөн оролцох хариу эрхийг олгож байна. Ингэснээр нөхцөл байдал улам муудаж болохыг Вант улсын зүгээс онцгойлон тэмдэглэсэн аж.
Өнгөрөгч онд гэхэд, Саудын Араб руу хийсэн Канадын экспорт 1,5 тэрбум долларт хүрч, тэндээс оруулж ирсэн импортын бүтээгдэхүүн /голчлон нефть болон зэсийн хүдэр/ нэг тэрбум гаруй доллар болжээ. Харин одоо энэ бүхэн зогсоход хүрвэл Канад улс илүүтэй хохирол амсан, нөгөөдүүл нь ялагч болох магадлалтай юм.
Ханхүү Мухаммед бен Салман цөлд маш том хэмжээний хот байгуулахаар эдийн засгийн шинэ төсөл хэрэгжүүлж эхлэхээр болсон нь олон улс орны хувьд "арааны шүлс асгаруулсан" их бүтээн байгуулалт гэж болохоор. Харин үүнд канадчууд оролцож чадахаа больчихвол ёстой л "амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн" хэрэг болох биз!
Самар Бадави болон хүний эрхийн бусад тэмцэгчид энэ оны тав, зургадугаар сард баривчлагдсан бөгөөд харин Саудын Араб бүсгүйчүүдийн автомашин жолоодохыг хориглосон хуулийг зургадугаар сарын 24-нд хүчингүй болгосон байна. Энэ нь баривчлагдагсдын хувьд зөөллөх хүчин зүйл болж болох ч тус хоёр орны хооронд өрнөөд буй дипломат зөрчил цаашид хэрхэн өрнөх бол?
Д.Мигаа
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Muu arabuud mongoliin bool baisnaa buu mart. Gazriin tosnii achaar ulsarhuu uim bolsiin termers umnu tsalin heden temeechinguud bsn bizdee.