Б.Энх-Амгалан: Орон сууцны хуультай болох шаардлагатай

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Улс төрийн намууд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ албан ёсоор гаргаж, бэлтгэлээ хийж эхэллээ. Улмаар намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ чимээгүйхэн, нууцхан тодруулж байгаа гэсэн. Танай намынхан нэр дэвшигчээ тодруулсан уу?

-Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг чимээгүй тодруулах боломжгүй шүү дээ. Сөрөг хүчин болох Ардчилсан намынхан Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчээ намын гишүүдийнхээ саналаар тодруулна гэсэн байна лээ. Манай намын хувьд өнгөрсөн даваа гарагт намын хоёрдугаар Бага хурлаа хийж, нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ албан ёсоор гаргасан. Харин нэр дэвшигчээ тодруулаагүй. Нэр дэвшигчийг тодруулах нь хуулийн хугацаатай байдаг. Нэр дэвшигчийг өмнө нь зарлах нь Сонгуулийн тухай хуульд нийцэхгүй гэсэн үг.

-Гэхдээ нөхөн сонгууль товлосон хугацаандаа болох эсэх нь тодорхойгүй болчихлоо. Нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар шийдвэрлэхээр болсон. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд УИХ-ын тогтоол түдгэлзэхгүй.  Тиймээс энэ хугацаанд улс төрийн намууд сонгуульд оролцох, нэр дэвшигчээ тодруулах ажлаа хийж байна гэж ойлгож байгаа.

-Та ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өргөдлийн байнгын хороонд 700 гаруй иргэн ахмадын болон түрээсийн орон сууцанд оруулж өгөх талаар хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу тус Байнгын хорооны хуралдаанаар холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан мэдээлэл сонсож, тус Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн юм. Мөн уг тогтоолоор ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь би ажилласан. Ажлын хэсгийнхэн Өргөдлийн байнгын хорооны тогтоолын хэрэгжилт, Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлсэн. Мөн орон сууц хүлээлцэх, түрээсийн гэрээ, орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхтэй газар дээр нь очиж танилцсан юм. Улмаар ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ Өргөдлийн байнгын хорооны хуралд танилцуулсан. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат нар ажилласан.  

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт ямар байсан бэ?

-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт Улаанбаатар хотод 5000, орон нутагт 1200, Өргөдлийн байнгын хороонд 700 нийт 6900 гаруй өргөдөл, мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Захирагчийн ажлын албанд 4500 гаруй өргөдөл ирсэн байна. Ажлын хэсэг “Буянт-Ухаа 2” хороололд ажиллах явцад өмнөх Засгийн газрын үед “ТОСК” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь иргэдэд хямд өртөгтэй, чанартай сууцаар хангах төрийн бодлого, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “ТОСК”-ын захиалгаар орон сууц барьж ашиглалтад оруулах гэсэн үндсэн үүргээ зөрчсөн байна лээ. Тухайлбал, “Буянт-Ухаа 1” хороололд Хан-Уул дүүргийн зургаан хорооны Засаг даргад байр олгосон, “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцанд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/533 тоот захирамжаар15 иргэнд байр олгосон, 962 айлын орон сууцыг иргэдэд нээлттэй худалдан борлуулсан, нэг иргэнд хоёр буюу түүнээс дээш байр худалдан борлуулсан зэрэг зорилтот бүлэгт биш зорилготой иргэдэд чиглэсэн бодлого явуулсан байна. Мөн газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзах үеэр орон сууцнуудад ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, грааш, гэрэлтүүлэг камержуулалт байхгүй, долоон байр дундаа нэг СӨХ-той, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг хүрэлцээгүй, АТМ, бусад нэг цэгийн үйлчилгээ зэрэг шаардлагатай байгааг иргэд хэлж байсан. Одоо улсын хэмжээнд иргэдийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн нарийвчилсан судалгааг гаргаж, тус судалгаанд тулгуурлан орон сууцны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, дээрх зөрчил, дутагдлуудыг засаж шийдвэрлэх, мөн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууц ашиглалтад ороход дээрх асуудлыг цогцоор шийдвэрлэх нь зүйтэй. Мөн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд орон сууцны хуультай болох шаардлагатай.

-Та бас Байнгын хорооны хуралдааны үеэр энэ онд багтаан орон сууцны тухай хууль батлах шаардлагатай талаар ярьж байсан. Ийм хууль гаргах гол шаардлага нь юу байна вэ?

-Орон сууцны хуультай болох хэд хэдэн шаардлагууд байна. Тухайлбал, ахмадын болон түрээсийн орон сууцны асуудлаар Барилга хот байгууллалтын яам, “ТОСК”, “Монголын ипотекийн корпораци”-тай хамтран орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа гаргасан байгаа. Энэ судалгааны дагаа иргэдийн орон сууцанд хамрагдах нэгдсэн бүртгэл бүхий улсын хэмжээний “Нийслэл, орон нутгийн орон сууцны нэгдсэн мэдээллийн сан”-г бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн дагуу нийслэлд 16 мянга, орон нутагт дөрвөн мянга гаруй айлыг түрээсийн орон сууцаар хангах гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд 380 мянга орчим өрх амьдарч байгаагаас 43 хувь нь орон сууцанд, 217 мянган өрх гэр хороололд амьдарч байна гэсэн судалгаа бий. Үүнд үндэслэн бага, дунд орлоготой иргэдийг өөрийн хэрэгцээндээ нийцсэн орон сууцыг худалдан авах мэдээ мэдээллээр хангах, түрээсийн орон сууцны хөтөлбөрт өргөнөөр хамруулах зорилго бүхий “Орон сууцны үндэсний хөтөлбөр” боловсруулах нь зөв. Гуравдугаарт, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн Засгийн газрын тогтоолоор “ТОСК”-ын захиалгаар барьж, ашиглалтад оруулсан 1289 айлын орон сууцыг төрийн өмчлөлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн. Үүний дагуу орон сууцны өртөг болох 82.3 тэрбум төгрөгийг 2019, 2020 оны улсын төсөвт суулгах ёстой. Үүнээс гадна гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд дахин төлөвлөлт хийж,  “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд барьсан орон сууцыг ипотекийн зээлийн илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхийн тулд орон сууцны хуультай болох шаардлагатай байгаа юм.

-Чуулганы завсарлагаанаар зарим гишүүд амарч, зарим нь тойрогтоо ажиллаж байгаа гэсэн. Таны хувьд завсарлагааны хугацааг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо улс, нийслэлийн төсвөөр хийж буй сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, эмнэлгийн барилга, тохижилтын ажлуудтай танилцлаа. Зарим ажил нь эхлээд ид дундаа явж байна. Харин зарим нь дөнгөж эхэлж байна. Зам засварын ажлууд жаахан удаашралтай байна. Гэхдээ хугацаандаа амжих байх. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд зүүн хил, хилийн бүсээр яваад ирлээ. Хилчдийн нийгмийн асуудал тэтгэвэр, тэтгэмж, хил хамгаалахад шаардлагатай техник тоног төхөөрөмж, хилийн торон хамгаалалттай холбоотой асуудлуудыг байнгын хороонд тавьж шийдүүлэх ажлууд байгаа. Мөн “Дети Азии 2020” хүүхдийн их наадам 2020 онд Монгол Улсад зохион байгуулна. Энэ том арга хэмжээний Монголын талын ажлын хэсгийн даргаар ажиллаж байна. Удахгүй ОХУ-ыг зорьж холбогдох албаны хүмүүстэй уулзана даа.


Эх сурвалж: Үндэсний шуудан

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

Оюунцэцэг [ 66.181.161.78 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 05:59 минутанд

Түрээсийн орон сууцанд орох журам дугаар дээр тоск ахмадуудыг насаар нь эрэмблэнэ гэж шийдвэр гаргасан бна лэ яг хороо хориноор нь судалгаа авч орон байранд орох хүмүүсийг нь нэгдсэн дүн гаргамаар юм зарим настайчууд орохгуй өвөө эмээ эцэг эхийнхээ нэр дээр хүүхдүүд нь орох тохиолдол гардаг тэгээд насны жагсаалтаас хасагдах орж чадахгуй үлдэх тохиолдол гардаг үүн дээр маш их анхаармаатр бна

иргэн [ 202.179.25.180 ]      |     2018 оны 8-р сарын 12 -нд, 10:41 минутанд

жүжигчин монин жүжигчин шүү хэ хэ

баяр [ 202.70.47.158 ]      |     2018 оны 8-р сарын 10 -нд, 05:16 минутанд

Хууль хэрэггүй, орон сууц л хэрэгтэй.

Иргэн [ 27.123.212.139 ]      |     2018 оны 8-р сарын 09 -нд, 09:17 минутанд

М.Энхболдод ийм цүнх баригч хэрэггүй ээ?! Тэгээд ч Энхамгалан биеэ даасан улс төрч?! Харин ТОСК гэх нэрийн дор бас л бусниулсан, замруулсанг нь үнэн ярьсан байна?! АН-ынхан гэхээрээ л нэг өмчид халгаатай хүмүүс байх?! Монин юм шүү?!

Иргэн [ 27.123.212.139 ]      |     2018 оны 8-р сарын 09 -нд, 09:17 минутанд

М.Энхболдод ийм цүнх баригч хэрэггүй ээ?! Тэгээд ч Энхамгалан биеэ даасан улс төрч?! Харин ТОСК гэх нэрийн дор бас л бусниулсан, замруулсанг нь үнэн ярьсан байна?! АН-ынхан гэхээрээ л нэг өмчид халгаатай хүмүүс байх?! Монин юм шүү?!

Иргэн [ 78.116.228.97 ]      |     2018 оны 8-р сарын 08 -нд, 13:09 минутанд

Миеэгийн цүнх баригч бна

Go to top of page