Харцагын болзол хангасан Т.Бэгзсүрэн “Мянгат малчин”-ы болзол хангах нь

2018 оны 08 сарын 09

Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар гурван харцага төрсний нэг нь Завхан аймгийн Отгон сумын харъяат Аймгийн арслан Т.Бэгзсүрэн билээ. Отгончууд шинэхэн харцагынхаа найр наадмыг энэ сарын 20-нд тэмдэглэхээр зэхсэн байна. Ингэхдээ Т.Бэгзсүрэн харцагад Завхан аймгийн Отгон сумаас төрөн гарсан “Мянгат малчид” тус бүр 100 хонь, жирийн малчид тус бүр нэг хонь бэлэглэхээр болсон тухай нутгийн иргэд хэллээ. Тус сум нь 826 өрхийн 3200 гаруй иргэнтэй, мал сүргийнхээ тоогоор аймагтаа эхний дөрөвт жагсдаг аж. Тэгэхээр Отгон сумын малчид дунд дундажаар 20 “Мянгат малчин” байж таарна. Энэ бүгдээс 100 хонь гэхээр Харцага маань багадаа л 2000 хоньтой болох нь. Дээр нь нутгийн малчин иргэийн тус бүр нэг хонь гэхээр “нуур шиг” хонин сүрэгтэй болох нь дамжиггүй. Ингэхээр залуу Харцага маань ямартай ч “Мянгат малчин”-ы болзол хангах нь тодорхой болж байна.

Түүнийг Харцага цол авсан даруйд УИХ-ын гишүүн Я.Санжмятав тэргүүтэй Завхан нутгийн зөвлөлийн хамт олноос “Ланд-200” маркийн автомашин бэлэглэж байсан бол Отгон сумынхан ийнхүү харцагыг малжуулж өгөхөөр шийдсэн бололтой.  

Т.Бэгзсүрэнгийн хувьд унаа холтой, барилдааны ур чадвараар зогсолтгүй өсч яваа бөх гэдгийг бөхийн мэргэжилтнүүд үздэг. Хүүхэд ахуй цагаасаа барилдаж Отгон сумынхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан цол хүртэж байсан залуу хүү 2013 онд Завхан аймгийн баяр наадамд барилдан зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн нь сумаас аймгийн дэвжээнд авчирсан том амжилт байв. Сумын цолтой залуу хүү аймгийн хүчтнүүдтэй гар зөрүүлэн цол хүртэнэ гэдэг чамгүй урмын ташуур байсан биз ээ.

Нэгэнт аймгийн дэвжээнд зодоглож цол хүртсэн залуу хүчтэн маань 2014 онд Завхан аймгийн баяр наадамд сумын заан Б.Чимэдванданд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн нь аймгийн хэмжээнд цөөн өрсөлдөгчтэй хүчтэн болох ирээдүйгээ харуулсан явдал юм.

Аймгийн наадамд үзүүрлэж болсон залуу хүчтэнд түрүүлэх бодол юу юунаас илүү чухал байсан нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч 2016 онд Завхан аймгийн баяр наадамд аймгийн харцага Э.Баасандоржоор найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн нь түүнд улсын дэвжээ бий шүү гэсэн дохиог өгсөн нь гарцаагүй.

Ингээд аймгийн дэвжээнээс хальсан залуу хүчтэн 2018 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг нэмээд даруй улсын баяр наадамд Улсын заан Н.Түвшинбаяраар тав, улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж шөвгөрөн " Монгол улсын харцага " цолыг хүртсэн юм. Н.Түвшинбаяр, Н.Ганбаатар нарын хувьд аль аль түрүү үзүүрт хүрч барилдах туйлын сонирхолтой ид ухаан зааж, бяр суусан хүчтнүүд учраас Т.Бэгзсүрэнгийн хувьд жинхэнэ өөрийн хүчээр начин цолонд хүрч, улмаар харцага цолны болзол хангалаа хэмээн бөхийн хорхойтнууд үздэг.  

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ок(150.129.143.96) 2018 оны 08 сарын 09

Хүчээрээ авсан ганц бөх

0  |  0
Irgen(202.70.34.70) 2018 оны 08 сарын 09

Nairaagui tsol avsan. Gyij avaagui gyidaj avsan daa.

0  |  0
Top