Башар Асадын эхнэр хорт хавдраар өвчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 09

Сири улсын Ерөнхийлөгчийн эхнэр Асма Асад хорт хавдраар өвчилсний улмаас Дамаскийн эмнэлэгт хэвтсэн тухай ерөнхийлөгчийн тамгын газрын твиттер хуудсанд мэдээлсэн байна.

Тэргүүн хатагтай хөхний хорт хавдраар өвчилсөн бөгөөд азаар, эрт шатанд нь илрүүлж, эмчилгээг эхлүүлжээ.  Сирийн Ерөнхийлөгчийн гэргий энэ сарын 11-нд 43 нас хүрнэ.

Асма Фаваз аль-Ахрас Лондонд төрөн, тэндээ дунд сургууль, Лондонгийн Их сургуулийн Хатан хааны коллежийг компьютер технологи болон францын утга зохиол мэргэжлээр дүүргэжээ. Тэрээр Deutsche Bank болон JPMorgan Chase-д ажиллаж байгаад дараа нь эцэг эхийнхээ эх орон болох Сири улсыг зорьсон аж.

Башар Асад, Асма нар 2001 онд гэрлэсэн бөгөөд тухайн онд хүү Хафез, 2003 онд охин Зейн, 2014 онд хүү Карим нар мэндэлжээ. Асма Асад 2016 онд ярилцлага өгөхдөө нөхрийгөө “маш тайван дөлгөөн, бодлогошронгуй, үргэлж эелдэг халамжтай ханддаг” хэмээн чин сэтгэлээсээ магтаж байсан билээ.

Тэрээр хорт хавдраар өвчилсөн тухай онош тавигдсаны дараахан өөрийн орны ард иргэдэд хандсан байна. Түүний хэлсэн үгийг Сирийн удирдагчийн засаг захиргааны твиттер хуудсанд нийтэлжээ.


“Би бол бэрхшээлтэй нүүр тулсан үед түүнийг даван гарах хүч чадал, авьяас чадвар бүхий зоримог ард түмний дундаас төрөн гарсан билээ. Иймээс миний шийдмэг байдал нь та бүхний өмнөх жилүүдийн тууштай байдлаас үүдэн гарсан” хэмээн уян зүү суулгасан боолттой гартай хэдий ч инээмсэглэсэн дүр төрхтэй тэргүүн хатагтай  өгүүлсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top