Олон улсын марафон гүйлтийн тэмцээн Монголд анх удаа

  “Тал нутгийн марафон-Богдхан Ултра Трайл 50 км” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ний ням гарагт Богдхан уулын Шавартын аманд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монгол Улсад анх удаагаа “Ултра Трайл” буюу уул ус, хот сууринг дамжин гүйх төрөл зохиогдож байгаа юм. Тамирчид Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, Дугуй цаанаас Зайсан толгой хүртэл нийт 50 км газар гүйх аж.

Тэмцээний бүртгэл энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ. Оролцогчид  3, 5, 10, 21 км болон 50 км гэсэн хоёр төрлөөс сонгон бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг Спортын төв ордны дунд сургуулийн 307 тоот болон msrun.mn сайтаар авч байгаа аж. 99697638 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Бүртгэлийн хураамж 3, 5, 10, 21 км төрөлд 10 мянган төгрөг, 50 км төрөлд 60 мянган төгрөг авч байгаа юм. Үүнд хоол хүнс, футболка, тээврийн зардал зэрэг багтаж байгаа аж.

Тус марафонд Монголоос нийт 30 мянга, Тайвань, АНУ, Франц, Непал, Герман зэрэг орнуудаас нийт 400 гаруй иргэн оролцох гэж байгаа нь өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж  байсан тэмцээнүүдээс хоёр дахин их байгаа юм. Мөн Франц улсын гүйлтийн тамирчин, уулын спортын мастер Карол Фүкс, Японы хөл нүцгэн гүйгч гэдгээрээ алдартай Ёшино Цүёши нар оролцож байгаа юм.

“Энэ тэмцээний гол зорилго нь спортын амжилтын төлөө гүйхээс илүү байгалийн сайхан дунд өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрөө өөртөө ялагч байх ёстойд оршиж байгаа” гэж “Шёова холдинг групп”-ийн захирал, Монгол дахь албан ёсны төлөөлөгч Э.Тамир мэдэгдлээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page