Ц.Гэрэлтуяа: Сургуулийн өмнөх боловсролыг гэрээсээ авах хөтөлбөр 21 аймагт хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 11

  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 4/487 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” батлагдлаа. Үүний ачаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй 21 аймгийн 4-5 настай бүхий л хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг гэртээ эзэмших боломж бүрдэж байгаа талаар Хүүхдийг ивээх сангийн боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяагаас тодрууллаа.

-Энэ хөтөлбөр өмнө нь зохиогдож байсан уу?

-Энэхүү хөтөлбөрийг манай Хүүхдийг ивээх сан Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран 2012-2017 оны хооронд зохион байгуулж  Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн 30 суманд нийт 8000 гаруй хүүхдэд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Маш үр өгөөжтэй, эцэг эхийн үр хүүхэдтэйгээ холбогдох гүүр болж өгсөн учраас энэ жил 21 аймагт нэвтрүүлхээр шийдээд байгаа.

-Эцэг эхчүүд өөрсдөө хичээл заах уу?

-Тийм. Бид малчин эцэг эхэд зориулж тухайн нөхцөл байдалд нь тааруулсан нийт 96 өдрийн аудио болон номон сурах бичиг хийсэн байгаа. Түүнийгээ аймаг, сумдын номын санд байршуулна. Хүүхэд бүр хөтөлбөрөө дуусгаад дараагийнхдаа шилжих системтэй явагдах байгаа.

-Зөвхөн малчид гэлтгүй хот суурин газрын иргэд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Энэ хичээл нийт 20-40 минутын хөтөлбөр байгаа. Энэ нь долоо хоногт эцэг эх хүүхэдтэйгээ 3-4 хоногийг хамт өнгөрөөж байгаа гэсэн үг. Тийм учраас ажил хэрэгт саад учруулахааргүй байх болно.

-Хичээл сурах явцыг хэрхэн хянах вэ?

-Бид аймаг, сум бүрт Олон нийтийн зөвлөл байгуулсан. Үүнд боловсрол, эрүүл мэнд, эцэг эх, засгийн газрын төлөөллүүдээс бүрдсэн 7-11 хүн багтсан байгаа. Тиймээс салбар салбарын гишүүд дааж авсан айлаа хариуцаж ажиллах болно. Нэг гишүүн 4-5 айл дааж авах болно.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amjilt(66.181.161.8) 2018 оны 08 сарын 12

Snuu Amgalanboldoo Ene hurald taarsan ym bna. Hoorhon asuult hariult helbert oruultsan bna sh de Amjilt

0  |  0
Top