Даваа гаригт шилжих шөнө “Яги” хар шуурга Хятадын зүүн эргийг нөмөрсөн бөгөөд үүний өмнөхөн Филиппинийг хамарч их хэмжээний сүйрэл учруулсан билээ. Хүчтэй хар салхины улмаас Шанхайд хэдэн арван нислэг цуцлагдсан байна.
“Яги” хар шуурганы уршгаар Филиппин их хэмжээний үерт автжээ. Ялангуяа Булакан муж үерт илүүтэй өртсөн хэдий ч орон нутгийн сүмд залуусыг гэрлэхэд саад учруулж чадсангүй. Сүйт бүсгүйн эцэг эх үерийн усанд автсан танхимаар охиноо баяр баясгалантайгаар хөтлөн индэр рүү дөхөн очиход тэнд сүйт залуу гутлаа тайлаад барьчихсан, усан дунд хүлээгээд зогсож байх жишээний.
Хар шуурга Хятадад бүр ч илүүтэй гамшиг тарьж мэдэхээр байна. Хүчтэй аадар бороо Бээжин хотод хөрсний гулгаа үүсгэжээ. Азаар хүн амьтан бэртэж гэмтээгүй ч авто зам хэдэн цагаар хаагдахад хүрсэн аж. Чжухай хотын нисэх буудал усанд автсан нь далайн боомтыг санагдуулна.
Хар шуурганы цохилтын гол хүч Хятадын зүүн эрэгт чиглэжээ. Тэнд аюулын дохио зарлагдан, 135 мянга гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Олон мянган завь, хөлгүүд боомт руугаа буцаж ирэхэд хүрчээ. Мөн олон зуун нислэгүүд цуцлагдаж байгаа учраас зорчигчдод нэлээн хүндрэл үүсгэж буй бололтой.
Хятадын зүүн эрэг бүхэлдээ хүчтэй шуурганд өртөж, аадар бороо тасралтгүй шаагиж байгаа учраас гол тэнгисүүд ай саваа халин, зам харгуй усанд автсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )