Түүнийг Цыден Содоев гэдэг байв. Тэрээр төрөлх Баргузины хөндий, Буриад улс, тэр ч байтугай, дэлхий дахинд Соодой-лам хэмээн алдаршжээ.Тухайн үедээ тэрээр Чеховтой нөхөрлөн, Николай II хааны хүндэт зочноор тооцогддог байж.
Ам дамжсан ярианаас дүгнэхэд, Соодой зөвхөн ойр дотныхны бус, хуучнаар Зөвлөлт Холбоот улсын нутаг дэвсгэр дээр болох олон үйл явдлыг зөгнөн хэлсэн аж.
Цыден Содоев 1846 онд Буриадын Курумкан районы Элэсун тосгонд мэндэлжээ. Цыденийг төрөхийн өмнөхөн түүний гэр бүлийн хашаан дотор маш сайхан лянхуа цэцэг дэлгэрсэн байж. Түүнийг харсан зарим нэг юм мэддэг хүмүүс ирээдүйд мэндлэх үр нь агуу хүн болно хэмээн эцэг эхэд нь хэлж байсан гэнэ. Иймд эргэн тойрны тосгодын оршин суугчид гайхалтай билэг тэмдэг дохиог үзэхээр тэдний гэр рүү цувж өгчээ.
Түүнийг мэддэг байсан зарим хүмүүсийн дурсамжаас харахад, Цыден бүр багаасаа ер бусын хүүхэд байсан аж. Түүний нутаг нэгтнүүдийн өгүүлснээр, ирээдүйн лам хүү нисч, хана нэвтэлж, бороон дор хуурай үлдэн, усны мандал дээгүүр гүйж чаддаг байсан гэнэ.
Гайхамшгаар дүүрэн ламын намтар Буриадын оршин суугчдын амнаас ам дамжин яригдсаар иржээ. Тэдгээр хууч яриаг орон нутгийн буриад хэл, утга зохиолын багш Анна Раднаева бүрэлдэхүүнд нь орсон санаачлагын бүлэг цуглуулан, 2006 онд “Соодой-лама” хэмээх ном гаргасан аж.
Цыден хүүхэд байхаасаа л ирээдүйг хэлж эхэлжээ. Соодой лам хэзээ ч зориудаар, захиалгаар ирээдүйг зөгнөж байгаагүй бөгөөд харин ажил төрлийн завсраар ирээдүйн тухай өгүүлдэг байж.
Түүний зөгнөл алс хожимдоо ихэнх нь бодит амьдрал дээр биеллээ олсон аж. Хааны гэр бүлийг буудуулахаас өмнөхөн Николай II мөдхөн хаан ширээгээ орхино хэмээн өгүүлж байжээ. Тэрээр хувьсгал болон хамтралжуулалтыг урьдчилан харсан учраас өөрийн ойр дотныхонд “хөрөнгө хураах хэрэггүй, мөдхөн савхин хувцастай хүмүүс түүнийг хураах болно” гээд, Шинэ засаг төр 100 орчим жил үргэлжлээд дараа нь мөнхөд мартагдах болно гэжээ.
Германтай хийх Оросын дайныг урьдчилж харсан бөгөөд “энэ дайнд бид ялах болно” гэж хэлж байж. Мөн Цагаан хулгана жилд буюу 1961 онд тэнгэр рүү цагаан луу хөөрөх болно гэсэн нь Юрий Гагарины нислэгийг хэлжээ. Бас радио /эзэн биегүй яриа/, телевизор /хар хайрцаг/, метро /уулыг нэвтэлсэн төмөр могой/, онгоц /мөнгөлөг шувуу/ гэх мэтээр хэлдэг байсан аж.
Соодой лам 71 насандаа жанч халсан байна. Тэрээр таалал төгсөхийнхөө өмнөхөн өөрийн гэрээ дотроос түгжин, долоо хоногийн турш түүнд саад болохгүй байхыг зарлигджээ. Гэвч нэгэн эр тэвчиж чадалгүй гурав хоногийн дараа ламыг харахаар ороход түүний өмнө Цыден Содоевын нүдтэй бяцхан хүү зогсож байсан гэнэ.
Ингээд долоо хоног өнгөрсний дараа бүгд түүний гэрт ороход лам байхгүй, буддын шашны хэллэгээр солонго болон хувирсан бөгөөд өрөөнд нь зөвхөн түүний үс, хумс, хувцас л байсан аж. Өөрийн хойд дүрээр ертөнцөд ахин залрахдаа өмсөнө хэмээсэн учраас хувцсыг нь хадгалан үлдсэн байна.
Д.Мигаа
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 6 )
BURIAD NOSTRODAMUS MONGOL HYATDIIG DAGAVAL ERHSHEELD N ORNO AMERIKIIG DAGAVAL AVRAGDANA GEJ UNEN HELJ MUNKHNARAN EEJ
BURIAD NOSTRADAMUSIIN ZOGNOLIIG MONGOLD HEVLEMEER YUM
тэгнэ 3 жил л үлдсэн
Коммунистууд 100 жил болоод үүрд мартагдана гэжээ манайд удахгүй 100 жил нь болно доо