Үндсэн хуулийн шинэ төслөө хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

Кубын ард түмэн Үндсэн хуулийн шинэ төслөө хэлэлцэж эхэлсэн байна. Оршин суугаа газар нутаг, ажил, сургуулийн хүрээн дэх хурал цуглаан дээр төслийг авч хэлэлцэн, түүний дараа улс орон даяар бүх нийтийн санал хураалт явагдах аж.

Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэх явцад гарсан бүхий л санал хүсэлтийг харгалзан үзэх болно хэмээн эрх баригчид амлажээ. Төслийн хэлэлцүүлэгт хилийн чанадад амьдарч буй нэг сая гаруй кубачууд мөн оролцох юм байна.

Үндсэн хуулийн энэхүү шинэ төсөл өнгөрөгч долдугаар сард парламентаар дэмжигдсэн гэнэ. Гурван сарын турш явагдах олон нийтийн хэлэлцүүлэг өндөрлөсний дараа баримт бичгийг ахин нэмж засварлан дуусгахаар парламентад илгээн, эцэст нь бүх нийтийн санал хураалт явагдах аж.  

Үндсэн хуульд шинээр нэмэгдэж буй гол өөрчлөлтүүдэд хувийн өмч хөрөнгөө мэдүүлэх, ерөнхийлөгч болон ерөнхий сайдыг албан тушаалд батламжлах, төрийн өндөр дээд албан тушаалд таван жилээр хоёр удаа сонгогдох байдлаар хязгаарлах, ижил хүйстэн гэр бүлийг хуульчлах зэрэг асуудлууд багтжээ.

Харин тус улсын социалист хэв шинж болон нийгмийн амьдралд Коммунист намын удирдах үүргийн тухай гол зарчим шинэ үндсэн хуульд өөрчлөлт оролгүйгээр хэвээр үлдэж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top