ЖАРАН СУВАЙ ХОНЬ (Памфлет №02)

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

 

Толгой дээр гараад суучихсан хэдэн сайхан “мал”-тай улс даа, бид. Мал бол манай нийгмийн үнэт зүйл мөн. Эхэндээ бид “Мал дагавал ам тосдоно” гэж ярьдаг байснаа сүүлдээ “Мал сонговол маш хурдан баяжна” гэж итгэдэг болсон. Яагаад гэж үү. Яах юу байх вэ дээ, мал чинь ядаж дөрвөн жилийн дотор өсч үржинэ гэсэн математик тооцоо хийдэг юм байхгүй юу. Бид эрхбиш мал биш юм болохоороо тэр зэргийн цээжин тооцоо хийхтэйгээ улс шүү.

Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ тооцооныхоо үр шимийг хүртээгүй л яваа нь жаахан гунигтай. Мөнөөх толгой дээр гарсан малууд маань хээлтүүлгэнд орох цагаа хэрэлдэхэд зориулах нь их болсноос бүгд сувайрах болсон. Уг нь дээхэн үедсэн бол хэдэн жил дараалан сувайрсан малаа төхөөрөөд, тогоо тосолдог номтой юм. Өнөө үед тэр ёстой лөөлөө. Ээ, оройн дээд очир дарь минь. Малын минь буян заяа “гантулга” мэт ганхахгүй, “мурат” мэт мурийхгүй гэж мэд.

Өмнө нь мал маань өөрөө бэлчээрээр явж өвс ногоо олж иддэг байлаа. Өнөө харин өвс ногоо өөрсдөө тэдэн дээр ирдэг болсон. Яаж гэж үү. Яах вэ дээ, малаа тахин шүтсэн бид чинь аль шимтэй шүүстэй бүхнээ малдаа л барьж гүйдэг болцрохгүй юу.

Юм их өөр болсоон. Малаа сааж сүү сааль авахын тулд бид бедон, хувин барьж очдог байсан бол одоо эсрэгээрээ, мал маань бедон саван дээр нэрээ бичээд бидэнд бэлэглэх болсон. Уг нь бид малаа сайн маллаж, морио сайхан уралдуулбал сайн малчин, алдарт уяач цол авдаг байсан бол одоо эсрэгээрээ, мал минь биднийг “маллаж” алдарт уяач, малуудын холбооны тэргүүн гэж цоллуулах болсон доо.

Манай улс хэзээнээс ингэж мал төвтэй улс болсон юм бол гэж бодож үзлээ... Тун саяхнаас юм байна. 2015 онд манай Ерөнхий саад нэгэн гадаадын телевизэд ярилцлага өгөхдөө “Монгол улс хамгийн ардчилсан малтай” (We have the most democratic livestock) гэж хэлж билээ. Тун онож хэлсэн үг дээ. Үүнээс хойш малуудыг дотор нь коммунист, ардчилсан гэх мэтээр ялган ангилдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Малаа хэрхэн ардчилсан болгосон туршлагыг манайхаас суралцах гэж дэлхийн бүх удирдагч ирж байсан ч удаатай. Түүнийг нь АСЕМ гэж нэрлэж байсан санагдана.

Түүгээр ч зогсохгүй, “Монгол мал 2020” ч бил үү, нэг тийм хөтөлбөр хүртэл хэрэгжүүлсэн. Өмнөх дөрвөн жил төр барьсан малууд маань “Улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя” гэж уриа дэвшүүлээд сонгуульд ялж байлаа шүү дээ. Хүн шиг амьдарна гэсэн логик хүнд лав байж таарахгүй. Малд л “хүн шиг амьдрах” мөрөөдөл байж болно.

Үүнийгээ дагаад хүнд биш, малд зориулагдсан шийдвэрүүд олноор гарах болсон. Ямар сайндаа ямаанд мөнгө өгөх хуулийг тээр жил баталж байлаа.

Ингээд “дээр гарсан малууд” маань сувайрах болсон тухай яриандаа эргэн оръё. Өсдөггүй, үрждэггүй, өөдөлдөггүй хэдэн малтай байгаа минь явж явж, Доржзодов гэж нөхрөөс болсон байна билээ шүү. Эхэндээ Доржзодов гэж ном уншуулснаас малуудын маань “орлогын үүд” хаагдчихсан юм болов уу гэж ойлгодог байлаа. Тэгтэл тийм биш байна. Доржзодов гэж нөхөр “жаран эм хонь цуглуулах” нууц төлөвлөгөөг задруулснаас болж “хамаг бүдүүн хуц” (өвөрмонголчууд хамгийн том даргаа хамаг бүдүүн дарга гэж хэлдэгтэй жишив) маань асуудалд орчихсон юм байна. Юун хээлтүүлэг. Жаахан л хөдөлбөл жаран эм хонинд “хээл” авахуулсан хэрэгт орчих гээд хэцүүдэж байгаа бололтой.

Сүргээ толгойлоод сонгуульд орохынхоо өмнө яаж жаран эм хонинд “хээл” авахуулах тухай нууц хэлэлцээрт яах аргагүй оролцсоныг нь Доржзодов бичлэг хийж аваад, олон нийтэд цацчихаж. Бичлэгт “Хамаг бүдүүн хуц”, “Сандруу” хоёр байлцсан нь тодорхой бичигдсэн бөгөөд олон нийтэд түгсэний дараахан “Сандруу” гарч ирээд “Энэ бол бидний стратеги төлөвлөгөөгөө ярилцах үед хийгдсэн бичлэг байна” гээд үнэнээ хүлээчихсэн. “Хамаг бүдүүн хуц” л харин тас гүрийсээр байгаа.

Хамгийн хачирхалтай нь, “хамаг бүдүүн хуц” ингэж гүрийгээд эхлэхтэй зэрэгцээд “Хээлтэй тэмцэх газар” адилхан гүлдийгээд унасан. “Хээлтэй тэмцэх газар” уг нь буруу замаар “хээл” авахуулсан хэргийг шалгадаг газар л даа.  Тэр газраас “Жаран эм хонийг бүгдийг олж байцаагаад, тэд “хамаг бүдүүн хуц”-наас “хээл” авсан, эсвэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрвөл хэрэг үүсгэнэ ээ” гэж бухсан. Ямар замаар, яг яаж хээлтсэнээ яриад сууж байдаг нэг ч мал байхгүй нь тодорхой. Малд ч гэсэн бас, ичиж нэрэлхэх эрээ цээр гэж байдаг байлгүй л яав гэж.

“Хээлтэй тэмцэх газар”-аас өмнөх Ерөнхий саадуудыг бүгдийг нь хашиж байгаад байцаалт явуулсан. Тэднийг “хээл” авсан хэрэгт сэжиглэсэн юм. Гэвч хэчнээн хайгаад ч тэднээс “хээл” авсан шинж тэмдэг илрүүлж чадаагүй гэнэ. Хээл авсан бол ядаж гэдэс нь цүдийнэ гэж тал бүрээс нь хэмжиж үзсэн ч өнөөдүүл нь хаа очиж “голшиг” биетэй нөхдүүд байж таараад хэрэг мухардав. Эцэстээ “Хээлтэй тэмцэх газар”-ын дарга “Хуц хээлтэнэ гэж угаасаа байхгүй” гэж үзсэн байна.

Тэдний дунд цагтаа эрх мэдлийн оргилд хүрч,  эзэрхийлж явсан нэг хуц байсан тул “Хээлтэй тэмцэх газар”-ын дарга  түүнд хөл алдаж, өрөөнд нь тусгайлан зоог барьж гүйжээ. Тусгай өрөөнд тэр хоёр нууцаар “хээл” өгөлцөж, авалцсан байж магадгүй гэж олон нийт хардаж байгаа бөгөөд тэдний чухам хэнээс нь ирээдүйд “хээл” илэрч, гэдэс гүзээ нь томрох нь вэ гэдгийг булт олноороо анхааралтай ажиглаж байгаа юм байх аа.

“Хамаг бүдүүн хуц” маань жаран эм хонь “хээлтүүлэх” төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн эсэхийг хэлж мэдэхгүй ч ийм төлөвлөгөө ярилцаж зүрхэлж байна гэдэг өөрөө том гэмт хэрэг л дээ. Ёс зүйн талаасаа хуц нар ингэж “хүчиндэж”, хоттой хонио засаглах  эрхийг олж авах нь маш буруу. Хүмүүнлэг ардчилсан нийгэмд “хээл” өгч, авахдаа ёс бус, хууль бус  арга хэрэглэхийг хориглодог. Ер нь “хээл” авч өгөлцөхийг эрс хориглох болсоор удаж байна. Тиймээс л бид жаран сувай хонь, далан зургаан хуцныхаа “доодохыг харсаар турж үхэж байгаа” улс даа.

Мал сувайрах ер нь ямар л олиг байх вэ дээ. Сүүлийн жилүүдэд энэ улс оронд хариуцлагын зуд, ёс зүйн ган гачиг нүүрлэчихээд байгааг ч хэлэх үү. Жаран сайхан хонийг минь сувайруулж, гай болсон Доржзодовыг сайн гөвшиж зодвол зохино. Нөгөөтэйгүүр, “Зуун ямаанд жаран ухна” гэж хэлцдэг малчин удмынхан атлаа бид ядахдаа малаа сонгохдоо хэрүүл уруулгүйхэн шиг “хээлтчихдэг” мал сонгож баймаар байна аа. “Хуц, ухна” нь хэтэрхий олдоод, энд тэнд хээл хүссэн “хурга, ишиг” хэт олшроод байгаа сурагтай...


Үргэлжлэл №03. “Сандуйн жүд”

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Босоо монгол(150.129.140.117) 2018 оны 08 сарын 19

Маш оновчтой бичсэн байна. Наад малууд чинь тэнэг мөртлөө их зантай гэжюухэв. Бүгдийг нь гадаад руу маханд тушааж зайлуульяа

0  |  0
Босоо хөх монгол(66.181.160.38) 2018 оны 08 сарын 19

Ер энэ хэдэн сувай, хуц ухнад биднийг ядуу байлгах сонирхол их байна. Ядуу байна гэдэг нь саналыг нь худалдаж авахад маш амархан. Өөрсдийгөө төр гээд ойлгоцон эргүй лаларуудыг сонгуулиар авч хаях хэрэгтэй. Манайхны дутагдал нэгдэж чаддаггүй учраас дээр заларцан гарууд чинь юу хүссэнээ л хийж байна. Одоо хужаа нартай бүх талын гэрээ хийж зүйл бүрийн ажлаар хужаа орж ирж байна. Хамаагүй хятадаас зээл тусламж аваад байж болохгүй удахгүй барьцаанд нь газар нутгаа өгөхөд ойрхон болсон.

0  |  0
B.Enkhbayar(66.181.161.66) 2018 оны 08 сарын 16

Saihan bichsen bna. Bayar hurgje.

0  |  0
Зочин.(202.9.41.187) 2018 оны 08 сарын 16

Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha Ha

0  |  0
Гоё (103.229.123.31) 2018 оны 08 сарын 15

Гоё гоё

0  |  0
Малчин(66.181.161.124) 2018 оны 08 сарын 15

Энэ малнуудаа жаазлахын нь жаазлаад сувай гайгүйг нь өвлийн идшинд явуулбал таарна өөр ярих юм алга таргалаад идэш нь ихдээд нүүдлийн ая даахгүй гэдийж хэвтчээд одоо байтлаа сүүлийг нь сөхөж баалгах байлгүй

0  |  0
иргэн(202.179.25.184) 2018 оны 08 сарын 15

Үхэр монгол гэдэг хочийг хэзээнээс авсан юм бэ?Өмөр монголчууд хүртэл бид нарыг ар монголын ах нар тэнэг зоригтой гэдэг юм билээ юугаараа бэ?

0  |  0
СУМААХҮҮ(202.70.47.158) 2018 оны 08 сарын 15

Найз орос тариачин, монгол малчин 2 хил дээр уулзаад 2 улс хөгжихгүй байгаа талаар ярилцаад орос нь танайх Путинг ав гэхээр монгол тэгье, би хариуд нь 76 үхэр өгье гэж тохиролцжээ.

0  |  0
zochin(139.5.219.24) 2018 оны 08 сарын 14

MAL MALLAHIIG MARKSAAR ZAALGAHGUI

0  |  0
Болд(27.123.212.138) 2018 оны 08 сарын 14

Малнууд сонгосон бид басл мал Дамдинжав малаа

0  |  0
Mundag(150.129.143.40) 2018 оны 08 сарын 14

Yoo yostoi saihan amttai bichih ym. Oroi ruu orj bna

0  |  0
Зочин(202.9.40.9) 2018 оны 08 сарын 14

Дамдинжавын цувралыг унших гэж хүлээдэг болох юм байна даа. Амжилт

0  |  0
kkkk(27.123.215.237) 2018 оны 08 сарын 14

kkkkkkkkkkkkk eniig oilgohgui bol ooroo mal baih kkkkkk

0  |  0
mal(150.129.143.40) 2018 оны 08 сарын 14

mal gej yag heniig heleed bna we

0  |  0
Top