Нийслэлийн газрыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 14

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан. Иргэн, ААН-үүд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй болон эрх бүхий албан тушаалтан газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн эхний алхам нь нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд орон сууц, контейнер, барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Хотын дарга нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд талд, “Өгөөж” ХХК-ийн урд талбай буюу унагатай хөшөөтэй ногоон байгууламж, хорооллуудын дундах нийтийн эзэмшлийн талбай гэх мэт хууль бусаар олгосон олон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Өнөөдөр хотын дарга нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, Номин их дэлгүүрийн хойд талд иргэн С.Батсүхийн эзэмшиж байсан орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 360м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу хүчингүй болголоо. Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр нь барилгын нягтаршил ихтэй байдгаас үүдэн  иргэдийн ая тухыг хангасан тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүртээмж муу байсаар өдий хүрчээ. Цаашид нийслэлийн зүгээс энэхүү газар дээр ногоон байгууламж, иргэдийн амрах талбайг барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн Баянзүрх дүүгийн Засаг даргын 2016 оны А/443 тоот захирамжаар иргэн Д.Дагийрмаад хууль зөрчин олгосон, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол кино нэгтгэлийн хойд талд байрлах 107м2 газар эзэмших гэрчилгээг холбогдох хуулийн дагуу хүчингүй болголоо. Иргэн Д.Дагийрмаад хууль бусаар олгосон энэхүү газар нь ойр орчмын байрнуудын тоглоомын талбай төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий газар юм. Нийслэлийн зүгээс цаашид энэхүү газар дээр мөн тохижолт бүхий амралт, тоглоомын талбай  байгуулна гэдгээ мэдэгдэлээ.  Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.ZINDAA.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а яа яа(202.179.25.253) 2018 оны 08 сарын 14

Богд уулын амууд битүү олгогдсон тэр бүү хэл одон орон судлалын хажууд газрыг туркүүдэд Оюунхоролмаа өгсөн байна лээ

0  |  0
Top