АНУ батлан хамгаалах салбартаа урд хожид үзэгдээгүй их хэмжээний хөрөнгө зарахаар болжээ. Тус орны цэргийн төсөв ирэх онд 716 тэрбум доллар байхаар төлөвлөгдсөн нь өмнөх оноос даруй 24 тэрбумаар илүү гарсан байна.
Батлан хамгаалахад зарцуулагдах мөнгө дараах байдлаар төсөвлөгджээ: армийн бие бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, нэг хэсэг нь армийн нисэх хүчинд, мөн Сансрын командлалыг үүсгэн байгуулж, пуужин эсэргүүцэх системийг 250 сая доллараар тооцоолон Украинтай хуваалцах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой баримт бичигт Нью-Йорк дахь цэргийн бааз дээр гарын үсэг зурсан байна. Дональд Трамп цэргийн парадын талаар эртнээс мөрөөдөж байжээ. Шинэ төсөвтөө талархсан цэргийнхэн Форт-Драм бааз дээр Ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлэх гэж байгаа аж.
Трамп уулын 10-р дивизийн дайчидтай зургаа хамт авахуулж, мөн дэд Ерөнхийлөгч Пенс бусад цэргийн албан хаагчид руу очихоор зорьсон байна.
Дэд Ерөнхийлөгч өөрөө цэргийн алба хаагаагүй хэдий ч түүний эцэг Солонгост тулалдаж явсан, хүү нь тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан болохоор цэргүүд түүнийг бараг л өөрийн хүн мэт хүлээн авчээ.
Дараагийн намар гэхэд, армийн бие бүрэлдэхүүн 16 мянган хүнээр нэмэгдэх бөгөөд цэргийн нисэх хүчин, тэнгисийн хөлгүүдээ шинэчлэхэд 40 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн аж.
“Бидний эрх чөлөө болон амьд үлдэх чадвар манай батлан хамгаалахын боломжуудаас хамаарах болно гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Дэлхий дээрх нэг ч дайсан маань манай армийн хүчин чадал, эр зориг, авьяас чадвартай эн тэнцэж чадахгүй. Хэн ч, хэзээ ч бидэнтэй эн зэрэгцэн зогсож чадахгүй” хэмээн Трамп мэдэгдсэн байна.
АНУ-ын “дайснуудын” жагсаалтад Хятад, Иран, БНАСАУ, Орос зэрэг улсууд орж байгаа бөгөөд батлан хамгаалах хүчин чадлын хувьд эдгээр улс орнуудаас дор орохгүйн тулд ийнхүү их хэмжээний хөрөнгө мөнгийг цэргийн салбартаа зарцуулахаар шийдсэн бололтой.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд дайсан гэж дурьдсан улсуудтайгаа байлдахгүй нөгөө л нэг нефть ихтэй газруудын гэмгүй иргэд хүүхдүүдийг цус нөжтэй нь холино шд. Манайхыг ч бас 30 сая доллараар зэвсэглээд хятадуудтай байлдуулах гээд турхираад байгаа шд.