Р.Лувсанзундуй: Р.Чойномтой баз хүргэн байлаа

2018 оны 08 сарын 15

-Таныг яруу найрагч Р.Чойномтой нэг айлын хүргэн байсан гэдэг. Яаж яваад ийм хувь тавилантай холбогдчихов?

-Би Чойномыг баз болохоосоо өмнө Хэнтий аймагт байхын мэднэ. Гэхдээ яахав. Би Чойномын сууж байсан хүүхэн Нинагийн эгч Хөхөөтэй амьдарч байсан юм. Учрахын хувьд бол өөр хэрэг. Би тэр айлд хүргэн орчихсон байхад Чойном хүргэн орсон. Одоо болохоор хүмүүс Нинаг нөхрөөс нь салгаж суусан мэтээр ярьдаг юм. Үнэн хэрэгтээ Нинагийн нөхөр салчихсан байсан. Тэд хоёр жил амьдраад нэг охинтой болоод салсан даа. Чойном чинь олон авгай сольсон. Тэр ерөөсөө тэдэнтэйгээ нэг ч хэрэлдэж байгаагүй, нэг л өдөр сураггүй болдог, тийм хачин нөхөр.

-Хүмүүсийн ярих нь Чойном Нина гуайтай амьдарч байхдаа их л таарамж муу байсан гэдэг. Түүний архи их уудгаас болдог байсан уу?

-Түүнийг архичин, их архинд орсон гэх хүмүүс байдаг л юм. Тэр тийм ч архичин хүн байгаагүй. Уухын хувьд бол уунаа. Хамгийн гол нь Нинад бас учир байсан байх шүү. Мань хүн ч сураггүй алга болоод юу ч болоогүй юм шиг хүрээд л ирнэ. Охин Хулан нь төрөөд удаагүй байтал мань хүн хэд хоног алга болоод ирэхдээ тэднийд ч очлоо, эднийд ч гээд анд нарынхаа нэрийг дурьдаад л, би ч хадмындаа байгаа нөхөр, учиргүй хэнхэглээд загналаа. Тэгсэн чинь нэг ч тоох шинжгүй, Хөхөө та хоёр гэж нэг улаан хэнхэг юмнууд, би яасан юм гэртээ амрах гэж ирж байна гээд тоосонгүй. Түүнийг явсан хойгуур Нина нь хүүхдээ тэврээд Сэлбэ өгсч, уруудан харуулдах нь хэцүү байлгүй яахав дээ. Уг нь тэр үед Чойном бага сага юм бичээд гайгүй мөнгө олчихдог л байсан.

-Нина гуайн хувьд түүнд таалагдахгүй ямар ааш гаргадаг билээ?

-Үнэнийг хэлэхэд жаахан шуналтай байсан юм даа. Зайлуул амьдралаа бодож байсан ч байж болох шүү дээ. Гэтэл Чойномын хувьд бол харамлах гэдгийг даанч мэдэхгүй амьтан даа. Энэ мэтээс араншин тохироогүй байх аа. Миний нөгөө мундаг хүн болж загнаад байсны маргааш хадам ирээд л баахан буув. Нинагийн ээж чинь хоёрдугаар эмнэлэгт ажиллаж байсан юм.

-Хадам ээж юу гэж буухав?

-Их юм ярьсан. Чойномыг биш, Нинаг л чи ийм гөлөгнүүд цувуулж гаргаад арчаагаа алдах нь уу гэж баахан загнасан. Тэр орой ч билүү, өнөөх чинь гэнэт явчихсан. Тэгээд л салсан даа. Тухайн цагт их зүйл нөлөөлсөн байх даа. Зохиол байгууллагаас томчууд дарамтлаад гээд ярьж л байдаг, нь үнэний ортой дог шүү. Тэгээд ясны сүрьеэтай байж түүндээ ч шаналдаг биз. Одоо болохоор Нина чинь бүр үзэг харандааг нь бэлдэж өгдөг байсан мэтээр ярьж байгаа дуулддаг, угтаа тийм ч 100 хувь үнэн зүйл биш. Ардчилал түүнд Төрийн шагнал нэхэн олгосон, тэгэхэд Нина л зо байсан болохоос биш, сүүлд сууж байсан авгай нь байсан шүү дээ. Албан ёсоор бол түүнийг очих ёстой гэж боддог юм.

-Тэр нь хэн бэ?

-Автобусны кондуктор Лхагважав гэж хүүхэн байсан юм. Одоо ч бий. Эрдэмном гэж нэг охин бий дээ. Сүрхий эдийн засагч гэж дуулдсан. Хулан ч гэсэн хөөрхөн хөгжим тоглоно, бас ганц нэгэн шүлэг бичнэ гээд дажгүй хүүхэд байсан. Одоо ч амьдрал ахуй гээд өнгөрөө биз. Албан ёсны гэвэл үүнээс хойш нэг багш хүүхэнтэй сууж байгаад салсан. Түүнээс хойш хүнтэй суулгүй явсаар өөд болсон доо. Албан бус бол байсан. Шоронгоос гараад Хэнтийн Батноровт нэг хэсэг байхдаа Цэрэндулам гэдэг хүүхэнтэй дотно байсан юм. Тэр бөглүү, жижиг газарт өнөө хоёр чинь нөхөрт нь баригдаад сүйд болсон шүү дэз. Нөхөр нь цонхоор буудаад мань хүн шалан дзэр нь элэгдэж хэвтэж байгаад амь гарсан байгаа юм.

 -Сэлбийн энэ хавьд юм уу даа, та хотоос ирээд бас түүнтэй цуг байсан гэдэг билүү?

 -Тухайн цагт хоёр Гомбосүрэн, Цагаанхүү тэр хэд хамт энүүхэн Сэлбийн зүүн талд хамт байсан. Хөдөө аж ахуйн яамны ар талд юм уу даа. Тэнд хужаа нар олон. Бид бүгд шахам хөдөөнөөс ирсэн, ажлын захад дөнгөж хүрч байсан. Тэгэхэд биднийг Товууч гэдэг хүүхэн тэжээж байсан даа. Үнэнийг хэлэхэд тэр хужаа нараас л мөнгө салгадаг байсан. Хөөрхий минь унтаж хэвтэхтэй нь хэвтээд л мөнгө олж ирдэг байсан даа. Бидэнтэй хамт л байна.

-Мэдээж олон харчуудтай хамт байгаа хүүхэн хэн нэгэнд нь илүү ойр л байсан баих даа, эсвэл?

-Бүгд л сайхан найзууд байсан. Гэхдээ Гомбосүрэнд илүү дотно. Чойном л надад захина. Чи наадах Товуучтайгаа иймээ тиймээ юм болов оо. Ямар ч өвчтэй байж мэднэ шүү гэнэ. Бид сайхан найзууд байсан. Нэг тийм л хүүхэн байж байгаад сураг тасарсан даа. Дандаа хамт байх биш, амьдралын эрхээр хэдүүлээ салж одсон. Тус тусын амьдрал хөөгөөд сураг тасарсан.

-Товуучтайгаа ахин таараагүй хэрэг үү?

-Би Улаанбаатарын урчуудын эвлэлд ажиллаж байсан юм. Өрөөндөө байтал хаалга сэвхийгээд л нэг их ганган хүүхэн ороод ирсэн. Өдөн малгай духдуулчихсан, их гоё хувцас өмсчихсөн, тэр үед л хүрээний ганган хүүхнүүдийн өмсдөг бүгдийг өмсчихсөн Товууч маань зогсч байлаа. Манайх чинь хэргийн хүнийг оруулдаггүй хатуу чанга манаачтай, тэгээд би “чи яаж орж ирэв” гэхэд тэр “нөхөр нь байнаа гээд ороод ирлээ” гээд инээж байсан. Сүүлд Налайхад очсон хойноо хотод ирээд явж байтал нэг тааралдсан юм. Завхай зайдан явсан хүн чинь их муухай болдог юм билээ. Их муухай болчихсон, нэлээд царай алдсан явж таарсан. Хоёулаа сүйд болж, уулзсан даа. Тэгээд би Налайхад байгаа, очоорой гэж урьсан, тэр ч нэг өдөр яваад очсон. Тухайн үед надад мөнгө төгрөг ч байгаагүй, нэг хоол хийж өгөөд цайлаад л гаргасан даа хөөрхий, түүнээс хойш таарсангүй. Одоо юу гэж байхав дээ. Хамгийн сүүлд таардаг чинь 1975 он.

-Та Чойномыг бүр эртнээс таньдаг гэсэн. Анх яаж уулзаж байв. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

-Намайг Өндөрхаанд Дампил багштайгаа хамт зурдаг байхаас таних болсон. Чойном чинь тавдугаар ангиасаа сургуулиас гарчихсан байсан. Хөдөөний хүүхэд манай урлан дээр ирээд л зураг үзэж хараад л сууна. Тэгж байгаад аймгийн эвлэлийн хороонд бичээчээр ажилласан юм.Тэнд ажиллахдаа эвлэлийн татварын хэдэн төгрөг наана, цаана болгосон хэргээр шоронд орохгүй юу. Шоронд орох ч юу байхав дээ, шоронд нэртэй бидэн дээр л байдаг байсан. Дампил багш бид хоёр “Огонёк” захиалж, зураг, хөрөг харна, мань хүн түүнийг авч яваад орчуулаад ирдэг байсан. Тэр хүнийг дагаж үерхдэггүй, дагуулж үерхдэг байсан. Хүн харахад нэг муу унжийсан доожоогүй юм хэрнээ, хүнтэй яриад л суухад хэнд ч таалагдана. Энэ нь түүний их уншсан, орос хэл мэддэг, толгой сийрэг байсны гэрч л дээ. Хэнтийн урчуудын эвлэлд бидний учрал эхлээд энд ирж дууссан даа.

-Найрагч маань Улаанбаатарт ирээд Урчуудын эвлэлд хэсэгхэн зуур ажилласан гэдэг. Та мөн л энд ирчихсэн байсан уу?

-Би ирчихсэн байсан. Тэр Урчуудын эвлэлд ажиллаад нэг ч их удаагүй юм. Манай урчуудын эвлэл дээр бидний зурсан зураг эгнээтэй байх, Чойномын “Зуны орой” гэж уянгын сэдэвтэй хэрнээ сэтгэмж өөр нэг зураг үүд хавьд шоовдорлогдсон маягтай л байна. Манай аваргууд чинь орж ирээд л бидний зургийг гүйлгэж хараад Чойномын тэр зургийг тун ч нухацтай ажиглаж, ажиглаж аргагүй л зуны орой юм аа гээд толгой сэгсэрдэгсэн. Бас “Инперлизмийн уналт” гэж улс төрийн сэдэвтэй зураг байх. Түүнийг ч манай хэд үнэлнэ. Миний хувьд Чойномыг Монголын уран зурагт уянга оруулж ирсэн гэж үздэг юм. Шинэ урсгал байлгүй яахав. Тэр Монголын уран зурагг хоёр бүтээл үлдээсэн хүн дээ. Намайг цэргийн ансамбльд ерөнхий зураачаар ажиллаж байхад их ирнэ. Тэгэхэд Ардын жүжигчин Оюун гуайн охин Гүндэгмаа тэнд ажилладаг байсан, Зундуй ахаа гээд миний ажилд ойр зуур их туслана даа. Мань хүн над дээр ирж байгаад түүнтэй нэлээд дотно танилцсан. “Залуу нас” шүлгийг түүнд зориулсан гэж хүмүүс ярьж байдаг юм. Манай нэг зураач уншаад чамд л бичсэн байна лээ гэж байсан. Уншаад байхаар надад бичсэн нь үнэн юм шиг байна лээ. Хэнтий аймгийн урчуудын эвлэлд байхад би ойр ойрхон хот уруу ажлаар явна. Тэгэхэд л тэр шүлгээ захидлын хамт Зохиолчдын хороо руу өгүүлдэг байсан. Тэр захидал, шүлгийн хариу гэж авч байгаагүй байхаа.

-Хэргээр дардаг байсан юм болов уу?

-Тийм байж болох талтай. Зохиолчдын эвлэлийн нэгдсэн хурал дээр түүний бүтээлийг Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар хэлэлцээд “Шинэ залуу хүн гэхэд хэдийнэ зохиолч болчихсон Чойном гэж ямар хүн байна” гэж байсан гэдэг. Тэр аугаа хүмүүсээс ийм үнэлэлт авна гэдэг том хэрэг. Энэ мэт байдлаас болоод дардаг байсныг үгүйүсгэх аргагүй. 

-Чойномын тухай их ярилаа. Таны уран бүтээлийн талаар ярилцах уу?

-Би ч яахав, Хэнтий аймгийн Урчуудын эвлэлээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн хүн. АнхУлаанбаатарт дагалдан зураачаар О.Цэвэгжав багш дээр байлаа. Тэр үед дагалдан зураач гэж юу л бол юу хийдэг, бараг л зарц маягийн хүмүүс байсан юм. Бид бие дааж, том зураг зурах гэхээр өгөхгүй.

-Анхны бие дааж авсан том зураг юу байв?

-Их сургуулийн баганан дээрх Сүх жанжны дөрвөн метр орчим зургийг зурж байлаа. Тэгээд Улаанбаатар хотын урчуудын эвлэлд очсон. Тэнд ч хөрөг их зурна, бас лоозон их бичнэ дээ. 1982-1986 онд одоо энэ Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт ажиллаж байсан. Намайг багшаа ч гэдэг л байсан. Х.Баттулгын хувьд нэг их удаагүй спорт, бизнес гээд яваад өгчихсөн, түүнээс биш сайн зураач болох байсан юм. Х.Баттулгыг дэлхийн аварга болоход нь бид очиж байсан. Сүүлд миний номыг ивээн тэтгэн гаргаж өгсөн шүү. Сониноор дамжуулаад баярласан сэтгэлээ хэлж болно биз дээ.

-Лоозон гэхээр “Хүн болгон бага балчраасаа” гээд л бичнэ биз дээ?

-Наадах үгийг чинь л одоо хэлмээр байгаа юм. Яг энэ цаг үед мөн ч хэрэгтэй байна даа. Тухайн цагт энэ лоозонг бол бараг мянга дахин бичээ биз. Маргааш наадам болно гэж байхад Яармагийн дэнж дээр машины гэрэлд л бичиж байдаг байлаа. Тэгээд л Маркс, Энгельс, Ленин, Сүхбаатар, Чойбалсан гээд тухайн үеийн суутнуудын хөргийг зураагүй хөрөг нэг ч байхгүй. Ямар сайндаа Брежнев ЗХУ-ын баатар болж, түүний хөргөн дээр Улсын баатрын тэмдэг зурах ажил ногдож байлаа. Соёлын төв өргөөний хойно түүний хөрөг байх, улсын баатрын тэмдэг зурах гээд л авирна шүү дээ. Хөргийг төмөр самбар дээр их зурсан.

-Налайх уруу яагаад яваад өгөв?

-Яахав ээ. Зургийг мэргэжлийн байгууллагаар зөвшөөрөгдсөн зураач нараар зуруулахыг шаарддаг байсан юм. Тодорхой хэдэн хүмүүс тамгатай, энд тэнд зураг батлаад л явна. Тухайн үед Налайхад халтуурны зураачид их байсан хэрэг. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй тамгатай зураач л очихгүй юу. Очоод ч хэнхэг амьтан халтуурчдыг журамлаж өгсөн дөө. Тэгж л очсон юм.

-Таныг их хожуу үзэсгэлэнгээ гаргасан гэдэг?

-Орой гаргасан. Ажиллаж байх үед үнэхээр завгүй байсан даа. Урчуудын эвлэлийн хорооноос “цаад Лувсанзундуй чинь 60 хүрчихлээ. Үзэсгэлэнг нь гаргая” гээд гаргасан  юм.Намайг үзэсгэлэнгээ гаргахад Төрийн шагналт зураач До.Болд “Тэр их хүнд үйлдвэрт ажиллаж байж, хаагуур нь ийм их бүтээл хийдэг байнаа” гээд толгой сэгсэрч байсан.

 -Хүнд үйлдвэр гэж юугаа яриад байгаа юм?

 -Социалист нийгмийн үед урчуудын эвлэл гэдэг чинь дандаа үзэл суртлын хөрөг, лоозонг өдөр шөнөгүй хийдэг байлаа. Түүнийгээ л хэлсэн хэрэг.

 -Та ингэхэд ямар сургууль төгсөв?

-Би ямар ч сургууль төгсөөгүй. Байгалиас авсан тэр л авьяасаараа зурж ирсэн. Р.Чойдог багш дээр курст суусан. Түүнчлэн 1953 онд аймгуудын нэгдсэн курс хийсэн, түүнд бас суусан юм. Миний сургууль гэвэл тэр дээ. Үйлдвэрт лоозон, хөрөг гэснээс хүмүүсийн захиалга их ирнэ. “Жинчин”, “Өвгөн Дамдинсүрэн” гэсэн тосон будгийн зургийн захиалга ирнэ. Түүнийг хуулаад л зураад байна даа. Манай залуучууд их залхуурна. Би ч огт залхууралгүй, өдөр шөнөгүй зураг хуулдаг байлаа. Байгалиас авсан авьяас дээр дээрх курс их тус болсон. Манай курсыг анхны долоогийн нэг зураач Балдандорж гээд бүгд л зааж зурж байсан.

-Анхны долоо гэсэн чинь их содон сонсогдож байна. Чухам юугаа нэрлэсэн юм бол?

-Анх одоогийн Урчуудын эвлэл чинь Дүрслэх урлагийн газар нэртэйгээр 1942 онд байгуулагдсан юм. Тэгэхэд л долоон зураач байсны нэг нь учраас анхны долоогийн нэг гэж нэрлэхгүй юу. Зураачдад зэрэг олгоно, намайг Налайхад очиход дөрөвдүгээр зэргийн зураач өгсөн. Дараа нь гурав, хоёр гээд авсан л даа. Харин хоёрдугаар зэрэгтэй их удсан. Бүр сүүлд нэгдүгээр зэргийг авсан. Бид нэг удаа өнөөх л тухайн цагийн суутнуудын хөргийг 7x8 хэмжээтэй 10-аадыг өдөр шөнөгүй зураад заасан хугацаанаас өмнө амжуулахгүй юу. Тэгсэн чинь улстөрийн товчооноос ихэд сайшааж билээ. Бид бол ингэж өдөр шөнөгүй ажиллалаа гээд цалингаа л авна. Харин ачаалалтай үед зураач хөлслөхөд их мөнгө өгнө. Адилхан сунаж унахдаа тулж ажиллаад авдаг цалингаа л авч байхад манай энэ зураач “хөргийн” Н.Орхон эд нар чинь хэдхэн хоноод л 10 мянган төгрөг авч байсан даа. Тухайн цагт чинь их мөнгө шүү.

-Энэ нь хэдэн он бэ?  

-1970-аад оны сүүл үе. Их мөнгө байгаа биз дээ. Тэгэхэд бид төлөвлөгөө норм гээд л гүрийнэ үү гэхээс өөр зүйлгүй.

-Таны ид бүтээж байсан үеийг бодоход одоо ч цаг өөр болсон. Гадагшаа ч их бүтээлээ гаргах болжээ. Өнгөрсөн үеэ бодохоор харамсдаг уу?

-Юундаа харамсах вэ. Бид нэгэнт л амьдраад, бүтээгээд туулаад ирсэн. Тухайн үед бүх зүйл хаалттай л байсан. Хүнийг хэрэгтэй, хэрэггүй зүйлд их зарсан нь үнэн. Гэхдээ л туулаад, үзээд, амьдраад ирсэн цаг үедээ харамсаад яахав. Социалист нийгмийн үед оросоос хоёр зураач ирж сар болоод, туршлага солилцоод явдаг байсан. Манайхаас бас хоёр зураач тэнд очино. Миний хувьд 1985 онд Ардын зураач А.Чогсомтой хамт орос руу явсан юм. Бид’хоёр эндээс таван шил архи авч яваад сар болоход гурвыг нь буцааж авчирч байж билээ.

-Одоо харж байхад зураач нар нэлээд сайн балгадаг юм шиг билээ. Та хоёрын хувьд бол бараг огт уудаггүй байсан гэхээр юм байна?

-Балгадаг хүмүүс байсан шүү. Гэхдээ одоогийн залуучууд шиг яаж уух вэ. Одоо бол замбараагүй уух юм байна шүү. Бид хоёрын хувьд бол бараг уухгүй дээ. Яахав, найз нөхдийн хүрээнд бол уулгүй яахав.

С.Ууганбаяр

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.25.86) 2018 оны 08 сарын 16

Товууч гэдэг хүүхний ачаар бор ходоодоо тэжээж явжээ. Ийм арчаагүй эрчүүд ямар ч цаг үед байх юмдаа. Тэгээд бас завхайгаар нь яринаа. Тэр мөнгөөр нь тэжээлгэсэн байж.

0  |  0
Ганбаа(66.181.184.10) 2018 оны 08 сарын 15

Нэмэр хачиргүй сайхан үнэнийг л ярьсан байна

0  |  0
зочин(202.9.40.110) 2018 оны 08 сарын 15

авьяаслаг гоц хүмүүст энгийн хүмүүний амьдрал зохихгүй ээ юун гэр бүл юун үр хүүхэд орхи цаашаа гэм

0  |  0
Bold(174.199.16.113) 2018 оны 08 сарын 15

Choinom aguu shylegch gehdee amidrald bol zavhai hariutslagagyi arhi tamhi geed archaagyi gar baij

0  |  0
1 1(103.87.255.42) 2018 оны 08 сарын 15

ТОВУУЧИЙГ НЭЛЭЭД БАВСАН ГАР Л ДАА.

0  |  0
нэр(103.9.90.130) 2018 оны 08 сарын 15

сайн хүний нэрийг мянган удаа худалдаж иднэ гэдэг

0  |  0
Top