Мэдрэлийн өвчнөөс болж хөдөлмөрийн чадвар алдалт жил бүр нэмэгдэж байна

Мэдрэлийн тогтолцооны өвчин Монгол улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 5 дугаар байранд мэдрэлийн тогтолцооны өвчин орж байна. Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн нийт өвчлөлд эзлэх хувь нь 2013 онд 6.8 хувь байсан бол 2017 онд 7.6 хувь болж өссөн. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2015 оны тайлангаар дунд орлоготой улс оронд мэдрэлийн тогтолцооны эмгэгийн эзлэх хувь нь 6.7%-8.7% хооронд хэлбэлзэж байна. Дэлхийн өвчлөлттэй харьцуулахад манай орон дундаж түвшинд байна. ЭМХ-ийн төвийн 2017 оны тайлангаар манай оронд 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ба үүнээс 67.4 хувь нь орон нутагт байна. Эдгээрээс 75.1 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байна. Мөн, 2017 онд шинээр илэрсэн хөгжлийн бэрхшээлтэй 15,216 иргэн бүртэгдсэн, үүнээс 62.3 хувь ердийн өвчний шалтгаантай. 2015 онд Монгол улсын хэмжээнд нийт хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дотор мэдрэлийн тогтолцооны эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 13 хувь байсан бол 2016 онд 16.1 хувь болж өсчээ.  Ийнхүү, мэдрэлийн өвчний тархалт болон мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадварын алдалт жил бүр нэмэгдэж байгаа нь тархи судасны өвчин, вирусын халдвар, осол гэмтэл, нийгмийн, ажлын байрны болон ахуйн гаралтай стресстэй холбоотой  байна. Мэдрэлийн эмгэгийн хурц болон эхний үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.

Иймд, Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Үндэсний Нийгэмлэг нь ЭМЯ-тай хамтран мэдрэлийн сэргээн засахын салбарыг хөгжүүлэх, эмч мэргэжилтэн, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний ажлыг дэмжих, харилцан мэдээлэл солилцох, орчин үеийн технологийн чиг хандлагатай танилцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын олон улсын хурлыг 2018 оны 08 дугаар сарын 16, 17–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Эрүүл мэндийн яамны Хурлын танхимд зохион байгуулах гэж байна.  Энэхүү хуралд мэдрэлийн сэргээн засахын салбарын зургаан орны эрдэмтэн эмч нар хуралд оролцон илтгэлээ тавина. Үүний дотор, Дэлхийн Мэдрэлийн Сэргээн Засахын Холбооны Ерөнхийлөгч Leonard S.W. Li, Ази-Номхон Далайн орнуудын Мэдрэлийн Сэргээн Засахын Нийгэмлэгийн Тэргүүн Paik Nam-Jong нар манай хуралд оролцож байгаа.

Монголын Сэргээн Засах Үндэсний Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа "Энэхүү хуралд хэлэлцэх нэг чухал асуудлын нэг бол харвалтын дараах сэргээн засах эмчилгээ юм. Учир нь жил ирэх тусам манай улсын иргэдийн дунд харвалтын тоо өсч, насжилт улам залуужсаар байна. Харвалт өгсөн хүмүүсийн 1/3 нь нас барж, 1/3 нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тийм учраас сэргээн засах үйлчилгээг бид шат шатанд нь үзүүлж, энэ салбарын мэргэжилтэн, хүний нөөцийг бусад улс орны туршлагаас суралцуулж, бэлтгэх шаардлагатай нүүр тулаад байна" гэв.

Манай оронд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сэргээн засахын үйлчилгээ дутмаг, хөгжлийн бэршээлтэй болон мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ алслагдмал орон нутагт хүртээмж багатай тул цаашид мэдрэлийн сэргээн засахын үйлчилгээг бүсчлэн хөгжүүлж, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлдэх, чадавхижуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page