Хятад компаниуд чанарын шаардлага хангаагүй эм тариа худалдаалж байжээ

  БНХАУ-ын иргэд Монгол Улсад хууль бусаар эм тариа, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлж, мэргэжлийн бус хүмүүсийг өөртөө элсүүлэн ажиллуулж байгаа талаар иргэн Д.Батцэцэг гомдол мэдүүлсний үндсэн дээр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас шалгалт явуулжээ.

Шалгалтын үр дүнд БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай “Аполло” ХХК, мөн тус улсын иргэн Бао Лин Шао захиралтай “Жин Чен Хай” ХХК-ийн эздийг саатуулжээ. Тус компаниудаас 12 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр импортолсон, мөн хадгалалтын горим зөрчсөн, мэргэжлийн бус ажилчдыг ажиллуулсан, улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм тариаг хууль бусаар зарж борлуулсан зэрэг зөрчлүүдийг  илрүүлэн таслан зогсоожээ. Тэднээс нийт 11 нэр төрлийн 155 хайрцаг 7.798.000 төгрөгийн бараа, эм биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хураан авч зөрчлийн тухай хуулийн 9 дэх заалтыг үндэслэн “Жин Чен Хай” ХХК-ийг гурван сая төгрөгөөр, “Аполло” ХХК-ийг зөрчлийн тухай хуулийн 6.6 зүйл, тавдугаар заалтын дагуу 500 мянган төгрөгөөр тус тус торгожээ.

Энэхүү бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаж авсан иргэд НМХГ-т дахин гомдол мэдүүлж хохирлоо барагдуулах боломжтой юм. Дээрх компаниуд фэйсбүүк олон нийтийн сүлжээ, сайтуудыг ашиглан бараа бүтээгдэхүүнүүдээ хууль бусаар зарж борлуулдаг байжээ. Иймэрхүү хууль бус, чанарыг шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш болон улсын байцаагч Д.Оюунбилэг нар сэрэмжлүүлж, НМХГ-аас  энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл “Төрийн хяналт иргэн таны төлөө” гэсэн аяныг зохион байгуулж, ард иргэдийн санал гомдлыг 70128012 дугаарт 24 цагаар хүлээж авч байгаагаа мэдэгдлээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page