Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НАЖГ-ын орлогч дарга Ц.Энхтүвшин, БНСУ-ын ЭСЯ-ны Консул Шин Сан Хюн, Солонгосын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Сон Кю нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үеэр “Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа. Тухайлбал БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүд, Койкагийн буцалтгүй тусламж гэх мэт олон төслүүдээр дамжуулан шаардлагатай туслалцааг ухаалаг боловсрол, улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, эмчилгээ оношилгооны төв байгуулах, Зүүн хойд Азийн цөлжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн салбар руу чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжих болсныг дурдахад таатай байна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам “Миний бие Элчин сайдын ажлаа аваад гурван сар болж байна. Өмнө нь 19 жилийн өмнө Монголд ирж байсан. БНСУ-ын Гадаад харилцааны яаманд Монгол Улс, Солонгос Улсын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Монгол Улсын талаар мэдлэгтэй. Хоёр улсын хамтын ажиллагаа харилцаа олон талаар өргөжин дэвших боломж бий” хэмээгээд ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сөүлийн нэрэмжит гудамжинд БНСУ-ын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Солонгосын урлаг, соёлын олон алдартай дуучид, жүжигчид ирэх болно. Та бүхэн үүнийг дэжиж, оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлов.

Эх сурвалж: www.ZINDAA.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page