Нийслэлийн бүх кадастрын мэдээллийн санг цахимжуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 17

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрууд болон “Геомастер” ХХК хамтран нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлаж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбон, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийг өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд хийлээ.

Энэхүү төсөл нь өнгөрсөн гуравдугаар сараас улсын 21 аймаг 330 сумд хэрэгжсэн ба ирэх оны 12 дугаар сард хэрэгжиж дууссан байх ёстой аж. Монгол Улсын нийт 1.5 сая га газрыг хамран хэрэгжих энэхүү төслийн 1 тэрбум 900 сая орчим төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 390 мянга орчим нэгж салбар газар өмчлөх, ашиглах эрхтэй байна. Үүнээс 17500 нэгж салбар газар дээрх талбайн хэмжээ алдаатай, 25602 нэгж салбар газрын эрхийн бүртгэл хийгдээгүй, 130 мянган нэгж салбар газрын эрхийн бүртгэл алдаатай, 90 мянган нэгж салбар газар зураглалын алдаатай байна. Үүнээс үүдэж ихэнх дүүргийн архивын өрөө тасалгаа стандартын бус, зургаан төрлийн харилцан уялдаагүй программ хангамж ашигладаг, хэмжээ хийдэг тоног төхөөрөмж хуучирч муудсан аж. Мөн бүх шатны шүүхээр шийдвэрлэгдэж буй маргааны 20-25 хувь нь газрын маргаан байдаг байна.

Нийслэлийн хүрээнд 50 мянга орчим алдаатай кадастрын мэдээллийн зөрчил байдаг. Энэ төслийн ажлын хүрээнд нэгж талбар, хэмжилтийн алдаа болон топологи алдаатай мэдээллийг бүрэн засварлаж, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 20см-ээс дээших алдаатай нэгж талбарыг шинээр хэмжиж, уламжлалт хэмжүүрээр кадастрын зураг гаргадаг байсан хэв маягийг халж шинэ цахим хувийн хэрэг үүсгэн нэгдсэн кадастрын мэдээллийг системд холбож, шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх гэх мэт 791 мянга гаруй газрын кадастрын асуудлыг шийдвэрлэх ажилдаа ороод байгаа аж.

Энэ алдаатай бүх зүйл хүний хүчин зүйлээс үүдэж байгаа бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр бид ямар ч алдаагүй, тодорхой кадастрын мэдээллийг өөрийн гар утас болон компьютерийг ашиглан үнэн бодит, түргэн шуурхайгаар www.egazar.gov.mn сайтад хандаж харах болон бүртгүүлэх  боломж бүрэн нээгдэх юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Энэ төслийг амжилттай хэрэгжихэд нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн засаг дарга, нийслэл, дүүргийн газрын албаны холбогдох мэргэжилтнүүд та бүхний идэвх санаачилга, хүчин чармайлт ихээхэн чухал тул хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.245.203) 2018 оны 08 сарын 18

ЭНЭ НӨХӨР МӨНГӨ УГААХ АЖИЛ ДАНДАА ХИЙХ ЮМ АА , ОДОО БОЛИОЧ ЭЭ, ХАРИН АН ҮЕД НИЛЭЭД САЙН АЖИЛ ХИЙСЭН ДЭЭ

0  |  0
иргэн(66.181.177.31) 2018 оны 08 сарын 17

ХУДЛАА .АЛДААТАЙ КАДАСТР ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ. ЭНЭ БОЛ ЦЭВЭР МӨНГӨ ЗАВШИХ АРГА БОЛЖЭЭ. ХАРИН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ. ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙГ БАТЛААД ХУУЛЬЧЛААД ЖУРАМЛААД ӨГЧИХВӨЛ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ”ОРЛОГО” ХААГДЧИХ ”АЮУЛТАЙ” ТУЛ ҮҮНИЙГ ХЭНЧ ХИИХИИГ ХҮСДЭГГҮЙ

0  |  0
Top