Өнөөдөр Монголын шилдэг гарааны бизнес тодорно

Өнөөдөр “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний сүүлийн шат Hub innovation center-т эхэллээ. Энэхүү тэмцээн нь дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг билээ. Seedstars World тэмцээний эхний шатны сонгон шалгаруулалт 2018 оны 8-р сарын 10-ны өдөр хийгдэж дууссан бөгөөд нийт бүртгүүлсэн 40 гаруй гарааны бизнесүүдийг онлайнаар бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн, шалгаруулалтыг “Seedstars World” байгууллагын хөрөнгө оруулалтын баг хийсэн юм.  Ингээд дараах есөн гарааны бизнесүүд сүүлийн шатны шалгаруулалтад оролцохоор сонгогдсон байна.   

“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнд оролцохоор шалгарсан гарааны бизнесүүд:

● Erxes Inc: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн мессежийн нээлттэй платформ

● Gerege Pay: Түргэн хугацаанд төлбөр хийх онлайн гүйлгээ, төлбөр хийх платформ

● iHotel: Аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл

● Mixsor: Гар утаснаасаа агаарын чанарыг хэмжих төхөөрөмж

● Nomadicsoft: Хиймэл оюун ухаан дээр суурилсан, илгээмжээ хямд үнээр, түргэн хүргэх боломжтой ухаалаг хүргэлтийн систем

● Ondoo: Хиймэл оюун ухаан дээр суурилан хүн бүрийн онцлогт тохируулан бие даасан, шинийг санаачлагч, логик сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллах ур чадварыг эзэмшүүлэх  систем

● Onebelt Freezone: Тээвэрлэлт болон бусад холбогдох үйлчилгээг холбох ложистик платформ

● Pink Kiwi: Онлайн контентоор хандив, сар бүрийн хураамж, зар сурталчилгаанаас ашиг олоход тусалсан шууд нэвтрүүлгийн апп

● TODA: Олон улсын мөнгөн гуйвуулга, крипто валют хурдан, хямд солилцох боломж олгодог санхүүгийн платформ

Мөн ялагч гарааны бизнест RackCorp, ICT Group, IWFCI байгууллагуудаас өөрийн нэрийн 1,000,000 төгрөгийн шагнал тус бүрийг олгоно.

“Seedstars Ulaanbaatar 2018” арга хэмжээнд Юнител групп, Lend.mn, Itools ивээн тэтгэж, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар, Стартап Монгол ТББ, Hub Innovation Center, Швейцарийн Хөгжил, Хамтын ажиллагааны агентлаг, Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо, ICT групп, RackCorp, IWFCI Монгол, Unread, Ikon болон Zindaa.mn сайтууд хамтран дэмжин ажиллаж байна.

Тус тэмцээний талаар "SMS-Startup marketing space"-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяагаас тодрууллаа.


"SMS-Startup marketing space"-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа: Шилдэг ес дотор гурван эмэгтэй гарааны бизнес эрхлэгч оролцож буйгаар онцлог

-Та өнөөдрийн арга хэмжээний талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?

-Seedsstar тэмцээн бол дэлхийн 75 гаруй оронд зохион байгуулагддаг. Монголд энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Дэлхийд зургаа дахь жилдээ маш олон газар зохион байгуулагдсан. Энэ жилийн тэмцээний тухайд “SMS-Startup marketing space” гол зохион байгуулагчаар ажиллаж байна. Нийтдээ 40 гаруй компани бүртгүүлснээс Швейцарын хөрөнгө оруулалтын баг нь шилдэг есыг шалгаруулаад өнөөдөр шалгарсан есөн компани маань шилдгийн төлөө өрсөлдөж байна. Энэ жилийн бас нэг онцлог нь гарааны бизнес эрхлэгчдийн салбарт байдаг гол тоглогчид нэгдэн хамтран зохион байгуулж бие биенийгээ дэмжиж байна. Энд дундаас шалгарсан компани нь 2019 оны дөрөвдүгээр сард Швейцар руу дэлхийн бусад компаниудтай өрсөлдөхөөр явах юм.

-Эдгээр шалгарсан есөн компани юугаар онцлог давуу талтай байсан бэ?

-Зөвхөн бүс нутгийнхаа хэмжээнд бус олон улсын түвшинд гараад хэр зэрэг амжилттай ажиллах вэ гэсэн талаас нь харсан болов уу. Хоёрдугаарт хиймэл оюун ухаан, платформ, ерөнхийдөө технологийн компаниуд дээр гол анхаарлаа хандуулсан болов уу гэж харж байна. Мөн ирэх жилээс нэг онцлогтой нь харьцангуй эмэгтэй гарааны бизнес эрхлэгчид оролцсон нь давуу талтай. Шилдэг ес дотор гурван эмэгтэй гарааны бизнес эрхлэгч байгаа нь онцлог болж байна. Нийтдээ 200 гаруй хүн өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна.

-Өнөөдрийн шилдгийг шалгаруулах гол шалгуур нь юу байгаа вэ?

-Мэдээжийн хэрэг олон улсад өрсөлдөхүйц компанийг бид хайж байна. Бизнес модель нь ямар байна, хэрэглэгчид хэрхэн хүлээж авахаар байна, үнийн хувьд ямар ялгаатай байна  гэх мэт шалгуураар ялагчаа тодруулахаар төлөвлөж байна. Магадгүй хэрвээ би хөрөнгө оруулагч бол энэ бизнест хөрөнгө оруулах уу гэсэн үүднээс шалгаж байна.


          

Б.АМИРДАА

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page