Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны эрүүл мэнд

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 20

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалаар жил бүрийн 08 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахаар шийдвэрлэн, ерөнхий удирдамж болон 2018 оны 08 дугаар сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг баталсан.

Сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах” зорилтын хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, тэдний ажлын байран дахь эрүүл мэндийг сайжруулах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү сургалтыг 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эдийн засгийн салбар харьцангуй хурдацтай хөгжиж, үүнийг дагаад хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байна.
 
Эрүүл мэндийн салбарт мөн орчин үеийн техник хэрэгсэл, технологи нэвтэрч энэ салбарт ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал болж байна.
 
Сүүлийн 5 жилд нийт 1854 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 1948 хүн осолд өртөж, 273 хүн амь насаа алдсан байна. 2016 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3532 хүн идэвхтэй хяналтанд байгаагаас 117 хүнд тахир дутуугийн тэтгэвэр олгож, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээг 2634 хүнд хийж, 7659 хүнийг сувилалд илгээсэн байна. Гэвч бидэнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын дундах осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, тоо мэдээлэл хомс байна. Тухайлбал, мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгосон нийт хүний ердөө 2% нь эрүүл мэндийн салбарын ажилчид, тэр дундаа химич, лаборант, ариутгагч нар химийн төрөл бүрийн бодисын хорлогод өртсөн гэж бүртгэгджээ.
 
Ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлагын хувьд: сүүлийн 5 жилд 197 аж ахуйн нэгжийн 3518 ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт судалгаа хийснээс 62% нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
 
Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын ажиллагсадын мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх байдлын товч мэдээлэл, хөдөлмөрийн чадвар алдалтын судалгааг танилцуулах, эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд халдвар хамгааллыг сайжруулан ажилласнаар ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бий болгох зэрэг сэдвийг тусгайлан оруулж байгаа юм. Цаашид тус сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top