“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний шилдэг гарааны бизнесээр ”ERXES INC” шалгарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

“Seedstars World” тэмцээний эхний шатны шалгаруулалт болох “Seedstars Ulaanbaatar 2018“ тэмцээн нь 8-р сарын 18-ны Бямба гаригт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний шигшээд шалгарсан 9 шилдэг баг үзэгчид болон шүүгчдэд илтгэлээ танилцуулсан бөгөөд тэмцээний ялагчаар хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн нээлттэй эхийн платформ хөгжүүлэгч “Erxes Inc” компанийн шийдэл шилдгээр шалгарсан байна.

Тус уралдаанд түрүүлснээр 2019 оны дөрөвдүгээр сард Швейцарь улсад зохион байгуулагдах “Seedstars Summit” арга хэмжээнд оролцон бүтэн долоо хоног үргэлжлэх сургалтанд хамрагдаж, бусад 75 орны ялагчид болон дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчидтай уулзах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн “Seedstars Summit”-д ялагч болсноор 1,000,000 долларын хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм.

Энэ удаагийн “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний дэд байрт тээвэрлэлт болон ложистик платформ “Onebelt Freezone”,гуравдугаар байранд аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл олгодог “iHotel” багууд шалгарсан байна.

“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнд оролцсон гарааны бизнесүүд:

●     Erxes Inc: Хиймэл оюун дээр суурилсан, хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн мессежийн нээлттэй платформ

●     Gegege Pay: Түргэн хугацаанд төлбөр хийх онлайн гүйлгээ, төлбөр хийх платформ

●     iHotel: Аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл

●     Mixsor: Гар утаснаасаа агаарын чанарыг хэмжих төхөөрөмж

●   Nomadicsoft: Хиймэл оюун дээр суурилсан, илгээмжээ хямд үнээр, түргэн хүргэх боломжтой ухаалаг хүргэлтийн систем

●     Ondoo: Хиймэл оюун ухаан дээр суурилан хүн бүрийн онцлогт тохируулан бие даасан, шинийг санаачлагч, логик сэтгэлгээтэй, багаар хамтран ажиллах ур чадварыг эзэмшүүлэх  систем

●     Onebelt Freezone: Тээвэрлэлт болон бусад холбогдох үйлчилгээг холбох ложистик платформ

●    Pink Kiwi: Онлайн контентаар хандив, сар бүрийн хураамж, зар сурталчилгаанаас ашиг олоход тусалсан шууд нэвтрүүлгийн апп

●    TODA: Олон улсын мөнгөн гуйвуулга, крипто валют хурдан, хямд солилцох боломж олгодог санхүүгийн платформ

Тус тэмцээний шүүгчдээр дараах эрхмүүд ажиллав.

-       Юнител групп, ТУЗ-ийн дарга Р. Ганболд

-       Анд Глобал, Үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан

-       ICT групп, Гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн

-       Стартап Маркетинг спэйс ХХК, Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа

-       Montgomery Fitch and Associates, Гүйцэтгэх захирал А. Луйс

“Seedstars Ulaanbaatar 2018” арга хэмжээг Стартап Маркетинг Спэйс төв зохион байгуулж, Юнител групп, Lend.mn, ICT групп ивээн тэтгэж, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар, Стартап Монгол ТББ, Hub Innovation Center, Швейцарийн Хөгжил, Хамтын ажиллагааны агентлаг, Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо, Ай түүлс ХК, RackCorp, IWFCI Монгол, Unread.today, ikon.mn болон zindaa.mn сайт дэмжин ажиллалаа. Арга хэмжээнд нийт 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид, 150 гаруй үзэгч дэмжигчид оролцлоо.

 

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top