Эрээн хотоор зорчсон тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

Манайхны хамгийн ихээр зорчдог газрын нэг бол БНХАУ-ын Эрээн хот. 1990-ээд оны эхээр Хятад, Монгол хоёр улсын хил боомтын асуудал зөөлрөн, монголчууд урагшаа чөлөөтэй зорчдог болсноор Эрээн хот бидэнд танил болж эхэлсэн. Түүнээс хойшхи өнгөрсөн хугацаанд тус хотын гадна төрх, өнгө үзэмж өдрөөс өдөрт өнгөжин тэлсээр одоо бараг л танигдахын аргагүй болжээ.


Анх биднийг явж эхэлж байхад Эрээн хот улаан тоосгон голдуу  намхан байруудтай байсныг санаж байгаа байх. Ямар сайндаа л, танилын маань жаахан хүү тэдгээр байшингуудыг хараад: “Аав аа, ямар олон гахайн байртай газар вэ!” хэмээн дуу алдаж байхав дээ. Тухайн үед ийм дүр төрхтэй байсан гэж одоогийн Эрээнийг харсан залуус төсөөлөх ч үгүй биз.


“Эрлян хотэ” гэдэг нь монгол үгийн хятаджсан дуудлага бөгөөд утга нь “өнгө ялгаран солонгоруулсан хот” гэсэн үг аж.  Эрээн хот нь ӨМӨЗО-ны хамгийн хойд хязгаарт буюу Монгол улсын Замын-Үүд хотоос ердөө 4,5 км зайтай хил залган оршдог. Хилийн шугамын урт нь 72,3 км, нийт талбай нь 4015 кв.км, хотын талбай нь 27 кв.км, нийт 100000 хүн амтай болно.


Эрээн хот нь БНХАУ-ын хөгжил нээлтийн туршилтын чухал бүс төдийгүй тус улсаас Монгол улс руу хандсан хамгийн том боомт хот юм. Мөн Торгоны замын эдийн засгийн бүс болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын дагуух чухал зангилаа хот. Бээжин хотоос Москва руу хүрэх Эрээнээр дамжин өнгөрсөн чиглэл нь Харбинаас Манжуураар дамжин Москва хүрэх шугамаас 1140 км-ээр дөт байдаг.


Эрээн хот нь “Бүх Хятадын  экологийн соёлт хот”, “Цэрэг болон цэргийн ар гэр бүлийг халамжлагч хот”, “Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэгч хот”, “Хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэгч хот”, “Хятадын шилдэг арван ногоон хотын нэг”, “Хятадын амжиргааны ая тухтай орчинг хөгжүүлсэн хот”, “Өвөр Монголын боловсон хот”, “Өвөр Монголын цэцэрлэгт хот” хэмээх улсын өргөмжлөлүүдийг тус тус хүртэж байжээ.


Анх 1956 оны 1-р сард Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн олон улсын галт тэрэгний шугам нээгдсэнтэй холбогдон үүсэн байгуулагджээ. 1992 оны 7 сард  Төрийн зөвлөлөөс Эрээн хотыг “Бүх улсын хил орчмын нээлттэй арван гурван хотын нэг”-ээр тунхагласан бөгөөд 2014 оны 6-р сард “БНХАУ-ын хөгжил нээлтийн туршилтын чухал бүс” хэмээн зарлагдсанаар хөгжлийн шинэ шинэ боломжууд нээгдсэн байна.  


 Одоо Эрээн хот нь Дундад улсын хөгжил нээлтийн туршилтын чухал бүсийн бүтээн байгуулалтыг удирдамж болгон Хятад, Монгол, Оросын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн иргэдийн худалдааны бүсийн байгуулалтын төлөвлөгөөг бүх талаар төгөлдөржүүлж, олон улсын худалдаа логистик, импорт экспортын үйлдвэрлэл, хил орчим нутгийн соёлын өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлал, дахин сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл гэсэн суурь салбаруудыг хөгжүүлж байна. Хотын тохижилт, бүтээн байгуулалтыг сайжруулах, бизнесийн орчны таатай нөхцөлийг бүрэлдүүлж Эрээн хотыг олон улсын тавцанд нэр хүндтэй, хүмүүсийн сэтгэлийг татсан,  Хятад улсын умардын хамгийн сайн боомт болон тус улсын умард зүгт нээлттэй хөгжих хамгийн чухал үүд болгохоор хүчин зүтгэж байгаа аж.


 Монголчуудын ихэнх нь Эрээн хот гэхээр Шинэ, хуучин зээл, Бүдүүн дэлгүүр гэх маягаар төсөөлдөг. Тэгвэл Эрээн хотод бидний хараахан үзэж амжаагүй үзэсгэлэнт газрууд зөндөө байдаг юм байна. Хотоос холгүйхэн орших нуураа түшиглэн “Swan Lake” /Хунт нуур/ хэмээх цогцолбор шинээр барьж байгуулж байгааг хальт очиж сонирхлоо.


Тэр хавьд бас Динозаврын парк гээд гоё байгууламж байна. Хаа сайгүй сүрлэг динозавруудын хөшөө барималтай. Ер нь, Эрээн хотын логоноос харахад ч, динозавр хэмээх амьтан энэ хотын ерөнхий билэгдэл бололтой. Нисэх рүү явах замын хөдөө хээр талд ч энд тэндгүй динозавр "бэлчиж" яваа зураглал харагдаж байна билээ.


Энэ бүгдээс харахад, ердөө 4,5 км зайтай орших Эрээн, Замын-Үүд хоёр "өдөр, шөнө" мэт. Эрээн хотод бүтээн байгуулалтыг жинхэнэ утгаар нь хийж байна. Хот төлөвлөлт нь үнэхээр гайхалтай. Авто зам нь өргөн, ямар ч түгжрэлгүй. Хотын гудамжуудын ногоон байгууламж нь харц булаам. Хогийн сав төдийлөн их харагдахгүй ч энд тэнд хөглөрөөд хэвтэх хог хаягдал бараг байхгүй. Хотын оршин суугчид бүгд завгүй, дор бүрнээ хөдөлмөрлөөстэй. Ажилгүй, анхиагүй, архи гудраад гулдайж "тасарсан" хүн ч алга. Зөв удирдлагатай, хариуцлага өндөртэй газар гэдэг ингэж л хөгждөг аж.


Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баку(59.153.114.254) 2024 оны 02 сарын 20

МАН-АН Саиханбилэг.батүүл.сү.батболд.элвэг.монголыг ийм болгосон хулгаич нар Баттулга.энэ хулгаич нараас салсан цагт

0  |  0
ганхуяг(202.126.89.18) 2023 оны 10 сарын 06

үнэхээр гол харалмаар шүү замын үүнээс цаашаа 5 алхаад л сонин болдог шдээ уур хүрмээр биднийг хэн удирдаад байнаа

1  |  0
Зочин(103.26.194.160) 2023 оны 10 сарын 06

Гол зурж, атаархаж байна. Наана нь байгаа Замын-үүдийгээ бодоод ой гутах юм аа.

1  |  0
Top