АРВАН НАСТНУУД ХОСОО ХАЙЖ БАЙНА!!!

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

Фэйсбүүкт “10-16 насны охид, хөвгүүд” гэсэн нэртэй 2859 гишүүнтэй нэгэн нууц групп бий. Яг энэ групп шиг хэдэн арван групп энэхүү сошл сүлжээнд бий. Ямар ч буруугүй хүүхдүүд зүй бусаар хорвоог орхиж, хохирсоор байгаа энэ цаг үед хүүхдийн хамгаалал хэчнээн өндөр байх ёстойг бид хаа, хаанаа ухамсарлах нь зүйтэй. Гэрт нь аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нар нь, сургууль дээр багш, сурган хүмүүжүүлэгчид, их хотын үймээн самуунд тэднийг томчууд хамгаалж, анхаарлаа хандуулах ёстой. Гэвч хамгаалахаас гадна үргэлж юу хийж, ямар хүүхдүүдтэй найзалж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж, олон нийтийн сүлжээгээр юу сонирхон үзэж буйг анхаарч байх ёстойн нэг жишээ нь энэхүү групп юм. Та төсөөлөөд үз л дээ, арван настай хүүхэд хосоо хайж байна гээд. Мөн үүнийг уншиж буй та 10 настайдаа юу хийж,юу мөрөөдөж явснаа эргэн санах гээд үзээрэй.

Ямартай ч энэхүү группд буй охид хөвгүүд хоорондоо чаталж, нэг нэгрүүгээ зургаа илгээн, Live бичлэг хийн харилцдаг. “Чөлөөт с..сийн харьцаанд дуртай, элдэв асуудалгүй, таалагдсан нэгэнтэйгээ ха.....ан шөнийг өнгөрөөж байх грүпп. Худлаа биш гишүүд л элсүүлнэ. Хүсэлт явуулаад грүппийнхнээ линкийг чатаар аваарай” гэх постууд хаа сайгүй.

Энэхүү группийг ашиглан 21 настай нэгэн этгээд 300 гаруй охидтой фейсбүүкээр харилцан улмаар нүцгэн зургийг нь авдаг байсныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн байдаг. Тэрээр өөрийгөө 16 настай хэмээн танилцуулж, 10-16 насны охидтой харилцаа тогтоодог байсан бөгөөд эхний байдлаар 4 охиноос цээж нүцгэн зургийг нь авсан тухайгаа мэдүүлжээ. Энэ мэт таны хүүхэд гэмт хэргийн золиос болоход ойрхон байгааг эцэг, эхчүүд ухамсарлах цаг нэгэнт болжээ. Мөн манай улсад сошл сүлжээний ашиглалтыг хязгаарлах, хяналт тогтоох ажил хийгдэж байгаа ч төдийлөн сайжрахгүй л байна. Сүүлийн арван жилд 15-19 насны охидын төрөлт хоёр дахин өссөн гэсэн судалгаа гарчээ. Магадагүй таныг “Миний хүүхэд жаахан, санаа зовох шаардлагагүй” гэж бодож байтал нэг л өдөр танд муу мэдээ дуулгах вий. Учир нь таны хүүхэд таны өссөн нийгмээс тэс өөр ертөнцөд амьдарч байна. Тэд чөлөөтэйгөөр хүссэн хүнтэйгээ харилцаж, хүссэн харилцаагаа үүсгэж байна. Үүний хор уршиг харамсаад ч барахгүй их гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Арван настнууд юу хүсч, юунд санаа зовдог вэ?

Манай улсын хүн ам хэдийн гурван саяыг давжээ. Үүнээс 10-15 настнууд 276,085 байгаа юм.

2016 онд “The Huffington Post” сонины гэрэл зурагчин Жүди Геллес хэд, хэдэн орноор зорчин 10 настнууд юу хүсч, юунд санаа зовдог тухай нэгэн сонирхолтой сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэжээ. Жишээлбэл, Төв Америкийн Никарагуа улсын сургуулийн сурагч болох нэгэн хүү “Бид арвуулаа амьдардаг. Би дүүтэйгээ хамт унтдаг. Аав минь Коста-Рикад амьдардаг. Харин ээж минь тогооч. Би ээжтэйгээ амралтын өдөр л уулздаг. Би ээждээ маш их санаа зовдог. Учир нь ээж минь их ядарч, бие нь байнга өвддөг. Би дээрэмчдээс айдаг. Нэг удаа манай гэрт хулгайч орж, гэрийн хувцас, бүх эд хогшлыг аваад явсан байсан” гэжээ. Мөн БНСУ-ын сургуулийн сурагч хүү “Би гэртээ ээж, аав, эгч, эмээтэйгээ амьдардаг. Аав, ээж хоёр минь хувцас зохион бүтээгч. Би бэйсбол тоглох дуртай. Бас би том болоод компьютерийн инженер болохыг хүсдэг. Миний хүсэл бол хичээлийнхээ шалгалт бүрт 100 оноо авах” гэсэн бол Өмнөд Африкийн нэгэн сурагч охин “Би Зулу, Англи хэлээр ярьж чадна. Миний аав цагдаа учир байнга буутай явдаг. Манай байшинг тойроод маш их цахилгааны утас байдаг. Миний хүсэл бол бүх хүнийг хоорондоо тэмцэлдэж, нэгнийгээ гэмтээхийг болиулж, гэртээ, сургууль дээрээ, ажил дээрээ тайван байх. Би нэг л өдөр алуулна гэхээс айдаг” гэжээ.

Энэ бол дэлхийн сая сая арван настнуудын төлөөлөл. Тэдэнд хүсэл зорилго, мөн санаа зовж явдаг зүйлс бий. Харин томчууд тэднийг хамгаалж, эрүүл, аюулгүй, сайн иргэн болгон төлөвшүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь манай оронд энэ асуудал яагаад ч юм нэлээн хойш тавигддаг. Үүнийг бид сүүлийн үед гарсан бага насны хүүхдүүдийн осол эндэгдлээс харж болно. Өнгөрөгч долдугаар сард л гэхэд 11 настай хүү тогонд цохиулан амь насаа алдсан. Мөн 13 настай охин бусдын гарт онц хэрцгийгээр хүчирхийлүүлэн амь насаа алдсан хэргийг бид мартах учиргүй. Ганцхан жилийн дотор энэ мэт аймшигт хэргүүд гарсаар байгаа нь манай орон аль хэдийн хүүхдэд ээлгүй улс болон хувирсны ердөө нэг л жишээ юм.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mfgl(64.119.19.23) 2018 оны 08 сарын 26

aav eejuud ni l ingej humujuulj bga sh dee. aav ni banzaldaad l eej ni gertee heruul hiigeed l huuhed ingej l bh estoi gesen oilgoltiig avch bna.

0  |  0
S(202.179.24.205) 2018 оны 08 сарын 24

15 тайнууд нь бур группэн сексээ яриад монголчууд естой баатарлаг мундаг охин гээд шагширалдаад байсан яасан

0  |  0
Top