“Гурван үеийн хүндэтгэлийн чуулган” боллоо

Нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын ахмад үеийн төлөөллүүдийн санаачилгыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дэмжин “Гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгад зохион байгуулав.

Нийслэлийн залуучууд, хүүхдийн байгууллагуудын үе үеийн төлөөллүүдийн залгамж холбоог сайжруулах, өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой энэхүү анхдугаар чуулганы ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хотын эвлэл, пионерийн ахмад ажилтны зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд ажилласан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох зорилгыг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан бөгөөд энэхүү үйлсэд нийслэлийн хүн амын гуравны нэгийг эзэлж буй залуучуудын оролцоо чухал тул нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрыг 2016 онд байгуулсан юм.

Ингэснээр залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагатай болж, нийслэлийн хэмжээнд залуучуудыг хөгжүүлэх бодлогыг шууд хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Хотын хөгжил, хүний хөгжлөөс, хүний хөгжил хүүхэд, залуучуудын хөгжлөөс эхэлдэг. Иймд нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагад хөдөлмөр эрхэлж байсан ахмадуудаас туршлага судлах, санал солилцох зорилгоор энэхүү хүндэтгэлийн чуулганд оролцож, их түүхийг бүтээлцсэн үе үеийн хүүхэд, залуучуудын байгууллагын нийт ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлж, эрх зүйн хувьд бие даасан, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтдаа тэмүүлэхийг уриалж байна” гэв.

Мөн тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь залуучуудад эерэг хандлага, иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг бүрдүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд ахмад үеийн туршлага, тэдний бүтээлч хөдөлмөрийг үлгэр жишээ болгон нийслэлийн Залуучуудын байгууллагын уламжлалыг өвлүүлэх зорилготойгоор “Гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг зохион байгуулсан юм” хэмээв.

Ахмад үеийн төлөөлөл, ХЗЭ-ийн 1-р нарийн бичгийн дарга асан Ж.Рэнцэн-Амгалан чуулганы үеэр тавьсан илтгэлдээ “Нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх их үйлсэд залуучууд цаг үеийн дуудлага, итгэл үнэмшлээрээ нэгдэж, залуучуудын ууган байгууллагыг нийслэл Улаанбаатар хотноо одоогоос 95 жилийн өмнө үүсгэн байгуулж, хотынхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож, Аж үйлдвэрийн комбинат, Мах комбинат, Улаанбаатар хотын анхны төв цэцэрлэг, Бага цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар хотын анхны мөсөн гулгуурын талбай, Нэгдүгээр дөчин мянгатын барилга, Залуучуудын ордон, Пионерийн ордон, Найрамдал зуслан, Найрамдал парк зэрэг хүүхэд залуучуудтай холбоотой барилга байгууламж, хүүхдийн төлөө фондоор барьсан цэцэрлэгүүд, Эрдэнэт, Дархан, Багануур, Хөтлийн бүтээн байгуулалт болон Залуучуудын орон сууцны цогцолбор барихад хувь нэмрээ оруулан, өрнүүн түүх бүтээсэн нь өнөөгийн залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болсоор байна. Өнөөдөр Улаанбаатар хотын Хувьсгалт Залуучуудын эвлэл, Пионерын байгууллагуудын үеийн үеийн төлөөллүүд хуран чуулж, ажлын туршлага, ололт амжилтаасаа хуваалцаж байгаад баяртай байна” гэлээ.

“Гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг угтан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн чуулганы үйл ажиллагаа ахмад, дунд, залуу, үеийн төлөөллүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөө, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.

Чуулганд ахмад, дунд, залуу үеийн нийт 500 төлөөлөгч оролцож, залуучуудын байгууллагын 95, хүүхдийн байгууллагын 90 жилийн түүхийг өгүүлсэн фото зургийн үзэсгэлэнг үзэж, санал бодлоо солилцон, “Гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг хааж, үе үеийн төлөөллүүд хамтран хүндэтгэлийн концертыг зохион байгуулав гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page