IWFCI: Австрали, Малайз, Энэтхэг тэргүүтэй бизнес эмэгтэйчүүд Монголд чуулна

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, олон улсын холбоо харилцааг өргөжүүлэх зорилгоор “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT”-ийг салбар орнуудад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаа IWFCI Монгол салбар байгууллага нь ДЭЛХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ “GWTS-2018”-ийг Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 6,7,8-ны  өдрүүдэд зохион байгуулахаар болсон тухайгаа өнөөдөр хэвлэлийн хурал хийн мэдээлсэн юм.

Чуулга уулзалтын талаарх мэдээллийг Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар байгууллагын ТУЗ-ын дарга О.Байгал, гишүүд болох “AEROMAX” группийн захирал М.Золзаяа, “M-Oil” группийн захирал Пунсалмаа, “Сэрүүн” группийн захирал О.Халиун нар хүргэлээ.

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалтыг 2015 онд Энэтхэгийн Бангалор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Куала-Лампур зэрэг хотуудад амжилттай зохион байгуулж байжээ. Манай улсад зохиогдох энэ удаагийн арга хэмжээ “Глобал инноваци ба Харилцаа холбоо” уриан дор явагдах бөгөөд чуулга уулзалтанд IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч хатагтай Диана Абруззи өөрийн биеэр оролцох бөгөөд 12 орны бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтэн, нэр хүнд бүхий зочид оролцох ажээ.  

Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар байгууллагын ТУЗ-ын дарга О.Байгал: Чуулга уулзалтад “IWFCI” байгууллагыг үүсгэн байгуулагч эмэгтэй өөрийн биеэр ирнэ

IWFCI буюу Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо нь 1992 онд Австралийн Мельбурн хотод эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан дэлхий дээрх хамгийн анхны эмэгтэйчүүдийн ашгийн бус, Төрийн бус байгууллага юм. Манай үүсгэн байгуулагч Диана Абруззи өдгөө 80 насыг зооглож байгаа гайхалтай эмэгтэй бий. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсад өөрийн биеэр ирж оролцохоор бэлтгэл ажилдаа орсон байгаа. Монгол Улс 2016 онд Мельбурн хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийг дэмжих бизнес эрхлэлтийн чуулга уулзалтад анх удаа салбар орноор элсэх хүсэлтээ өгөөд тус оныхоо аравдугаар сард батламжлагдаж, 2017 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага Зүүн Өмнөд Азитай экспорт, импортыг дэмжих, бизнес түншлэлийг бэхжүүлэх зорилгоор таван удаагийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Үүнд, Монголын болон Зүүн Өмнөд Азийн 20 гаруй бизнес эрхлэгчид болон компаниуд хамрагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Бид өнгөрсөн жил Малайзын Куала-Лампур хотноо болсон уулзалтанд оролцож байсан. Энд мөн тус уулзалтанд оролцож байсан гишүүд маань ирсэн байна. Тус уулзалтанд Монгол Улсаас 13 компани, 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байгаа. Тэр үеэр бид энэхүү уулзалтыг зохион байгуулах эрхээ хүлээн авч, ийнхүү ирэх сарын 6,7,8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

M-Oil группийн захирал Б.Пунсалмаа: “GWTS-2018”-аар долоон чухал сэдэв хэлэлцэнэ

Энэхүү чуулга уулзалтын үеэр дэлхийн 13 орны 400 шахам зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж, тав дахь удаагийн Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтыг хийхэд бэлэн болсон байна. Чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамтын ажиллагаагаа хангахын хүрээнд импорт, экспортын гарцыг хайх, өөр хоорондоо, улс орнууд бие биенийхээ бизнесийг сурталчлах зэрэг үйл ажиллагаанууд явагдана. Хурал маань “Бүтээлч үйлдвэрлэлээрээ нэгдэе” сэдвийн дор Дижитал Экономи эдийн засаг руу шилжилтийн үе, эко систем гэсэн гол агуулгатай байна. Энэхүү уулзалтаараа бид Дижитал экономи шилжилтийн үед манай улс хамтрагч байх уу, дэмжигч байх уу аль эсвэл тэргүүлэгч улс байх юм уу, мөн Олон Улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, мэдээлэл дээр суурилсан санхүүгийн харилцаа холбоо зэрэг чухал сэдвүүдийг ярилцана. Сэдвүүдээ нарийвчилж хэлвэл, “Монгол улс дахь боломжууд”, “АСЕАН-Монгол-Төв Ази”, “Дижитал эдийн засаг - Экосистем”, “Инноваци - Энтрэпренёршип”, “Санхүүгийн Ирээдүй”, “Бүтээлч Үйлдвэрлэл”, “Глобал Эдийн Засаг дахь Эмэгтэйчүүд” гэсэн долоон бүлэг сэдвээр хоёр өдөр “Zaisan Hill” цогцолборт чуулахаар болоод байна.

AEROMAX группийн захирал М.Золзаяа “Бид яагаад энэхүү Олон Улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн бэ гэхээр, Олон Улсын хуралд явах гэхээр бид төдийлөн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож чаддаггүй, зардал мөнгөний хувьд ч тэр, сэдвүүд нь ч гэсэн бидэнд хэрэгтэй нь цөөхөн байдаг зэрэг асуудлуудыг бизнес эрхлэгчид маань ойлгож, мэдэж байгаа. Үүнийг бид өнгөрсөн 25 жилийн турш амссаар ирсэн. Тэгэхээр манай баг хамт олон юу гэж шийдсэн бэ гэхээр том хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатар хотдоо зохион байгуулъя, дэлхийн эдийн засаг хаашаа, хэрхэн хөрвөж байгаа юм бэ, бидэнд ямархуу боломж бололцоотой үүд хаалга нээлттэй байгаа юм бэ зэрэг сэдвүүдийг хөндөж, эх орондоо, бизнес эрхлэгч нартаа ойр байлгах зорилготойгоор энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм. Тэгэхээр холын улс орнуудад болдог энэ хурлыг өөрийн улс орондоо зохиож, яг хэрэгтэй сэдвээ барьж авч оролцох боломжийг бизнес эрхлэгч нартаа олгож байгаадаа манай IWFCI байгууллага их баяртай байгаа. Дэлхийн улс орнууд цахим эдийн засаг руу шилжиж буй энэ үед Монгол Улсад ямар боломжууд гарч ирж байгаа юм бэ, бизнес эрхлэгчид маань хилийн чанад руу бизнесүүдээ өргөтгөх, экспорт, импорт болоод цахим эдийн засгийн шилжилтийн үеүдэд орлогоо нэмэгдүүлэх, цар хүрээгээ тэлэх ийм боломжуудыг нээлттэй бий болгох бүрдэл, бүрэлдэхүүнүүд бидэнд хэрхэн олгогдож байгаа юм бэ гэдгийг энэхүү хурлаараа ярилцах болно” гэв.  

“Сэрүүн” группийн захирал О.Халиун: Бидэнд олон улсад гарах боломж бүрэн бий

     “Манай холбооны зүгээс бизнес эрхлэгчдээ хамтарч ажиллаасай, ирж бараа бүтээгдэхүүнээ олон улсад танилцуулах энэ боломжийг ашиглаасай, бүгдээрээ оролцоосой гэж хүсэж байна. Бид 2017 онд Куала-Лампурт болсон чуулга уулзалтад холбоогоороо оролцсон гэж түрүүн хэлсэн. Бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой 13 компани яваад маш амжилттай оролцсон байгаа. Энэ удаа ч гэсэн бизнес эрхлэгчид маань бараа, бүтээгдэхүүнтэйгээ ирээд олон улсад танилцуулах боломжийг маш сайн ашиглаасай гэж хүсэж байна. Манай компанийн хувьд импорт хийдэг. Миний толгойд лав экспорт хийнэ гэсэн санаа огт байгаагүй. Гэхдээ гадагшаа холбоогоороо нэлээн олон хуралд явлаа. Өнгөрөгч тавдугаар сард Олон Улсын Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцсон. Бидний хувьд зөвхөн Монголын зах зээл биш юм байна, олон улсад гарах бүрэн бололцоотой юм байна гэдгээ ойлгож авсан. Тэгэхээр энэ мэдээллийг тус хурлаараа дамжуулан Монголынхоо бизнес эрхлэгчдэдээ хүргэхийг зорьж байна. Тэд маань ч гэсэн энэ боломжийг олж хараасай гэж хүсэж байна” гэлээ.

     Түүнчлэн чуулга уулзалтад IWFCI байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Диана Абруззигаас гадна Бусаны Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч Jeon Ho-Hwan, салбар байгууллагын ерөнхийлөгчид тэргүүтэй олон улсын энтэрпренёр, хүндэт зочид оролцож Монголын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөллүүдтэй олон талт хамтын ажиллагааг эрэлхийлсэн ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, “Олон Улсын Үзэсгэлэн Худалдаа”, “ Загварын шоу”, “Гала үдэш” гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулах ажээ.

IWFCI Монгол байгууллагатай:  info@iwfci.mn хаягаар холбогдох буюу www.facebook/IWFCI Mongolia  цахим хуудаснаас  дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбогдох утас: 8080-4909,8975-0690

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Shirnen Oyun [ 66.181.188.65 ]      |     2018 оны 8-р сарын 30 -нд, 12:56 минутанд

Oroltsoh sonurhol bnaa yaj byrtgyyleh be

Батсүрэн [ 112.72.11.110 ]      |     2018 оны 8-р сарын 30 -нд, 10:19 минутанд

Энэ уулалтыг зохион байгуулж байгаа хамт олонд баярлалаа бизнесийн салбарт 16 жил ажиллаж бна оролцох боломж байгаа юу

Go to top of page