УИХ-ыг ҮХЦ буруутгаж, харин ҮХЦ-ийг хуульчид буруутгалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 30

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлт гаргах чимээтэй дөрөө харшуулан дор бүрнээ нөхөн сонгуульд сэм сэмхэн бэлдэж, УИХ-аас Нөхөн сонгууль зохион байгуулах тухай 62 дугаар тогтоол гаргасан даруйд ил цагаандаа гарцгааж, дор бүрнээ өөрсдийгөө магтаад эхэлсэн.

Гэтэл нөхөн сонгууль зохион байгуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргаснаар нөхөн сонгууль хэзээ болох нь тодорхойгүй болж, улс төрийн хэнээтнүүд чимээ намдаав. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ 14 хоногт хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч завсарласан байх үе таарлаа. Энэ тухайд улс төрийн намууд, улс төр судлаачид, ажиглагчид янз бүрээр л байр сууриа илэрхийлж байгаа тухай бид өмнө нь хүргэсэн учир энд давтаад яахав.    

Гагцхүү шийдвэр гаргах хамгийн дээд байгууллага болох Үндсэн хуулийн цэц УИХ-ын 62 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзсэн бол нэр бүхий хуульчид болон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийг хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзсэн. Тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэц энэ алдаатай шийдвэрээ цуцалж, даруй УИХ-ын ээлжит чуулган хуралдуулан хуулиа засах ёстой гэж үзжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй гишүүд “Цэц үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргалаа. Үндэслэл нь буруу байгаа юм. Саяхан Канадын Үндсэн хуулийн шүүхээс Төрийн албан тушаалтныг сонгуульд нэр дэвших эрхийг нь цаг хугацаагаар хязгаарласан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон. Төрийн албан тушаалтан сонгуульд оролцох бүрэн эрхтэй. Энэ жам ёсны эрхийг хуулиар хязгаарлаж болохгүй. Цэц үндсэн хууль зөрчсөн хуульд тулгуурлан шийдвэр гаргаж байгаа нь буруу” гэж үзсэн байна.

Мөн нэр бүхий хуульчид “Үндсэн хуулийн цэц өргөдөл гомдлын дагуу шаардлагатай бол өөрийнхөө санаачилгаар Үндсэн хууль зөрчсөн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгох бүрэн боломж бий” гэж үзжээ. Энгийн ойлголтоор авч үзэхэд “Монгол Улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй” хэмээн зааснаас харахад сонгуульд Төрийн ч бай, Төрийн бус ч бай та Монгол Улсын иргэн хүн мөн бол нэр дэвшин өрсөлдөх эрх нь эцэг хуулиар олгогдож байна.

Ингэхээр УИХ-аас баталсан 62 дугаар тогтоол эцэг хуулиа огт зөрчсөнгүй гэж болно. Хамгийн гол нь 2015 онд Р.Бурмаа нарын гишүүд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ Үндсэн хуульдаа юу харшилж байгааг анзаараагүйд л хамаг учир оршиж байх шиг. Гэхдээ энд зөвхөн ажлын хэсгийг ахалж байсан Р.Бурмааг дурдаад байгаа болохоос бус Сонгуулийн тухай хуулийг УИХ өөрөө л батласан шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн парламент тэр чигээрээ уг хуулийг Үндсэн хуультай зөрчилдөж байгааг анзаарсангүй. Тодотгож хэлбэл, Монгол Улсын шилдгүүд цугларсан гэж хөөрдөг Хууль тогтоох дээд байгууллагын гишүүд маань энэхэн зүйлийг ажигласангүй.

Одоо бидний өмнө юу тулгарч байна вэ гэхээр 2015 оны Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд харшлахааргүй өөрчлөхөөс өөр аргагүй байдал үүссэн. Тодотговол, Тус хуульд байгаа “Төрийн албан хаагч нь сонгуульд өрсөлдөхөөр бол зургаан сарын өмнө ажлаасаа чөлөө мэдүүлж, мэдэгдэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгох, түүнийг уг хуулиас авч хаях процесс явагдах юм. Үүнд бол нэг их асуудал үүсэхгүй, УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад л хоромхон зуурт шийдчих зүйл.

Өдгөө “60 тэрбум”-ын асуудлаар ээлжит бус чуулган хуралдахуулахаар 26 гишүүн шаардах бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хавсран бариад ч УИХ-ын дарга “Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна” гэсэн хуулийн заалт байдаг, түүнээс “60 тэрбум”-ын асуудал бол улс орныг хамарсан асуудал, гамшиг биш хэмээн гэдийчихсэн.

Тэгэхээр өнөөдөр нөхөн сонгуультай холбоотойгоор улс орныг хамарсан асуудал үүсчихсэн байна гэж хэлэхэд болно. Учир нь Хэнтий аймгийн сонгогчид бол Монгол Улсын иргэн. Эдгээр иргэд нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэд УИХ-д төлөөлөлтэй байх эрхээ алдаж байна. Энэ эрхийг эдлүүлэх үүрэгтэй Төр ажлаа хийхгүй байна гэсэн логика санаа гарч байгаа биз.

Тэгэхээр УИХ-ын 26 гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль ёсны шаардлагыг хүлээж авдаггүй ч УИХ-ын дарга М.Энхболд Хэнтий аймгийн олон мянган сонгогчдын шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэл ч байгаа, ёс зүй ч байх учиртай.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.43.124) 2018 оны 09 сарын 06

ЦЭЦ ҮНДСЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ЦЭЦ УЛС ТӨРИИН ХАВХЛАГА ХААЛТ ГЭДЭГ БОЛСОН ЁС ЗҮЙ ГЭЖ ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ.

0  |  0
иргэн(103.9.88.162) 2018 оны 09 сарын 04

Цэц нэг л биш ээ,улс төрийн байгуулага шиг ажиллаад удаж байна

0  |  0
Зочин(64.119.19.116) 2018 оны 08 сарын 30

ЦЭЦИЙГ шүүхэд өг маны цэц болж дээ

0  |  0
Цэц(64.119.19.116) 2018 оны 08 сарын 30

ИЧ үхц нэртэй захиалгаар ажилдаг маны гар хөл

0  |  0
Ялзарсан цэц(64.119.19.116) 2018 оны 08 сарын 30

ЦЭЦ МАНЫ ХҮРЭЛСҮХ ИТГЭЭДИЙН ҮГЭЭР ЯВААД ӨӨРСДӨӨЛ АРД ОЛНЫ ӨМНӨ ЭВГҮЙ БАЙДАЛД ОРЖ БНА МӨНГӨӨР БАЙХ МАШИНАА ТОМСГОЖ БАЙДАГ ГЭЖ ШҮҮМЖИЛЭЛ АРД ТҮМНИЙ ДУНД ЯРИГДАЖ БАЙДАГ НЬ ҮНЭН ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ШУДАРГА АЖИЛАХ ЦЭЦИЙН ҮҮРЭГ ШҮҮ ЦЭЦ ХЭДЭН МАНЫ НОХОДЫГ ЗАЙЛУУЛЖ ЦЭЦ ШУДАРГА БАЙЖ САНАЛ ТЭГЭЭГҮЙ ЦАГТ ЦЭЦ МӨНГӨӨР ЯВДАГ ХЭВЭЭР БАЙХ НЬ ИЛ БОЛСОН

0  |  0
sirnee(202.9.41.26) 2018 оны 08 сарын 30

Erhem gishude mongold er zow yum bma u undsrn huulin cec buru shidwer gargasin bol hen zow yum helehin ard bid yind itgej yaj amidrah bolj bnaa

0  |  0
Top