Нүүрсэнд хөрөнгө оруулахад хамгийн ашигтай цаг мөч ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Гадныхны сонирхлыг татах байгалийн баялаг манайд олон бий. Алт, зэс, мөнгө, нүүрс гээд тоочоод байвал бараг бүх түүхий эд Монголын хөрсөн дор оршино. Бидний нөөц баялаг арвин төдийгүй чанар сайтай, олборлоход харьцангуй хялбар учраас хөрөнгө оруулагчдын шуналыг хөдөлгөсөөр буй. Үүний зэрэгцээ уул уурхайн түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнэ ханш нь улам бүр нэмэгдсээр байгаа нь бид бүхэнд давуу тал олгож буй юм. Жишээ нь алт, мөнгө, зэс тэргүүтэй үнэт металлын ханш ойрын хэдэн жилдээ тэнгэрт хадна гэсэн таамаглалыг мэргэжилтнүүд гаргасан. Таамаг ч биеллээ олж, биржүүдэд металлын ханш уруудах нь ховор болоод байгаа. Энэ бүхэн нь гадаадын компаниудыг Монгол руу хошууруулах боллоо. Уул уурхайн болон хөрөнгө оруулалтын гээд салбар чиг үүргээсээ үл хамааран манай баялаг руу хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөөр байна. Гэтэл Монголын нүүрс мөн дэлхийд алдарших бололтой. Манай нүүрсний салбарт гадаад дотоодын томоохон компаниуд өргөн хүрээнд эхлүүлээд байгаа билээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ өрсөлдөөн цаашид улам бүр ширүүсэх ажээ. Үүний улмаас манай нүүрсний салбараас жижиг дунд аж ахуйн нэгжүүд бүрмөсөн шахагдаж, зөвхөн томоохон хөрөнгө оруулагчдын тоглоомын талбар болон хувирах гэнэ. Нүүрс нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй доогуур мөртөө байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулдаг гэдэг утгаараа эрчим хүчний түүхий эд дундаас хамгийн муу нэртэй байсан. Харин цөмийн энергийг байгальд ямар ч хор нөлөөгүй, ногоон эрчим хүч хэмээн магтаж байсан цаг саяхан. Дулааны цахилгаан станцуудыг нэг нэгээр нь жагсаалаас гаргаж, дэлхий нийтээр атомын энергид шилжих асуудал яригдаж байлаа. Гэтэл "Фүкүшима"-гийн дэлбэрэлт цөмийн эрчим хүчний аюулыг дахин сануулж, дулааны цахилгаан станц нь зардал болоод үр бүтээл багатай ч аминд өлзийтэй юм гэдгийг дэлхий нийтэд дахин ухааруулав. "Фүкүшима-1" станцын үйл ажиллагааг хариуцагч компани ослын улмаас 15 тэрбум долларын алдагдалд орсноор атомоос ашиг олохоосоо илүү хохирох нь илүү. Манай гаригийн эрчим хүчний хэрэглээ буурна гэсэн ойлголт огт байхгүй. Тэр дундаа БНХАУ, Энэтхэг тэргүүтэй улсын түүхий эдийн импорт эрс нэмэгдэх төлөвтэй байгаа. Эрчим хүчний нийт үйлдвэрлэлд цөмийн салбарын үүрэг оролцоо өргөжих хандлагатай байсан бол сүүлийн үед байдал өөрчлөгдөж эхэлжээ. АНУ-д гэхэд нийт эрчим хүчнийх нь 45 хувийг дулааны цахилгаан станцууд хангадаг байсан. Гэтэл сүүлийн үед гадаадын нүүрсний орд газруудыг ихээр сонирхох болж, үүнд хөрөнгө оруулахад гар татахаа больжээ. Түүнчлэн өмнөд хөрш эрчим хүчнийхээ 85 хувийг нүүрснээс гаргаж авдаг байсан бол энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа аж. Японы цөмийн ослоос үүдэн өрнөдийн орнуудын удирдлага дулааны станцуудад ихээр ач холбогдол өгөх болсон нь нүүрсний зах зээлд зүй ёсоор нөлөөлж эхэлсэн байна. АНУ-ын NASDAQ биржэд уул уурхайн компаниудын хувьцаа нэмэгдэж, тонн нүүрсний ханш 2008 оны аравдугаар сараас хойш анх удаа 101 долларын босго давсан байна. Зах зээлийн мэргэжилтнүүд ч энэ цаг мөчийг нүүрсний салбарт хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой гэдэгтэй санал нэгджээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top