НОХОЙ СААСАН МОНГОЛ (Памфлет №06)

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Монголд улстөрчидтэйгээ хэтэрхий олон аргаар тэмцэх юм. Боошигтой, бойтогтой, өлгийтэй, буйдантай жагсаал хийж үзсэн. Морьтой, трактортой, тэр байтугай эксельтэй, приустэй жагсаал хүртэл хийсэн. Эмэгтэйчүүд нь тайчиж, эрчүүд нь оймс гутлаа чулуудаж, ер нь улстөрчидтэй учиргүй олон аргаар тэмцсэн дээ.

Гэвч улстөрчдийг ялан дийлсэн удаа бараг л байдаггүй. Учир нь одоо эргээд санахад, эдгээр жагсаал, тэмцлийн зорилго нь бүгд л аль нэг албан тушаалтан, улс төрийн эрх мэдэлтнийг огцруулах, хариуцлага тооцохын төлөө байсан. Уг нь бол ардчилал хөгжсөн бусад оронд улстөрчидтэй хуулиараа хариуцлага тооцдог. Харин манайд улстөрчдийг хазаарладаг хууль нь байхгүй учраас арга ядахдаа л жагсаал цуглаандаа хүрч байна гэхэд хилсдэхгүй. Байгаа хууль нь улстөрчдийг биш, энгийн номхон ард иргэдийг хазаарлаж, номхруулах зорилготой хойно арга байж уу.

Үүнд жишээ баримт түм бум. Хамгийн сүүлийн жишээ бол УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн  хоёрын нэр холбогдсон хэрэг.

Шулуухан л ярья. Нэг нь улайм цайм “болдоггүй бор”-ынхоо зургийг бүсгүй хүн рүү явуулж, бичсэн зурвас сэлт нь бэлээхэн илчлэгдсээр байтал нэрийг нь цагаатгаад, нэр хүндийг нь хамгаалаад явуулж байх юм. Ядаж л төрийн өндөр дээд албан тушаалтны ёс зүй, зан суртахууны хэм хэмжээг шаварт хутгасных нь төлөө банга хүртээх ёстойсон. Энгийн иргэн ийм үйлдэл гаргасан бол дор хаяж цагдаа нараас банга биш, бороохойны амт хүртэх байсан. Цаашлаад, ихэс дээдэст үйлчилдэггүй баахан хуулийн зүйл анги ухаж гаргаж ирээд, садар самуунд уруу татсан, түгээн дэлгэрүүлсэн, албан тушаалаа ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэхийг завдсан, бусдыг гутаан доромжилсон гээд түмэн ял төлөвлөн, тохох байсан.

Нөгөө нь улайм цайм төрийн албыг наймаалцан, мөнгө босгох тухай төлөвлөгөө хэлэлцэж, УИХ-ын сонгуулийг өөрийн талд шийдэхэд нөлөөлснийх нь төлөө Сонгуулийн ерөнхий хорооны орлогч даргыг шагнаж урамшуулах тухай хээв нэг яриад хөхөрч суусан нь дуу хоолой болоод дүрс бичлэгээр тодорхой болчихоод байтал аядуу зөөлөн гэгч нь албан тушаалдаа лаглайн суусаар байх юм.

Гэтэл ийм бэлээхэн нотолгоонууд байсаар атал АТГ-аас хэргийг нотлогдох боломжгүй гээд буцаасан. Уг нь Авлигатай тэмцэх газрын хамгийн эхэнд барьж аваад, эцэст нь тултал шалгах ёстой гол ажил нь энэ байх учиртайсан. Төрийн албыг наймаалцсан байж болзошгүй, авлига хээл хахуулиар дамжуулан төрийн эрхэд хүрсэн байж болзошгүй ийм том сэжүүрийг үл тоон, нүдээ дарж, чихээ тагласаар бүтэн хоёр жил болчихлоо. Төрийн нүд, чих хоёрыг ингэж бөглөөд суучихсан “бүдүүн дарга” суудал дээрээсээ босохгүй л бол төрийн нүд, чих онгойхгүй нь илэрхий байна.

Хэдийгээр прокуророос “60 тэрбум”-ын хэргийг дахин сэргээж, Тагнуулын Ерөнхий газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа ч тэд хэргийг аанай л Авлигтай тэмцэх газар шиг илээд өнгөрөхгүй гэх баталгаа алга. Учир нь эрх мэдэлтэй хүнийг шалгах нь энгийн иргэнийг шалгахаас шал өөр.

Төрийн хууль нь эрх мэдэлтэй хүмүүсээ шийтгэж, хариуцлага тооцож чадахгүй болсон учраас ард олон алдагдсан эрхээ эдлэхийн тулд жагсаж, янз бүрээр тэмцэх гэж ядаж байгаа юм. Тэрхүү алдагдсан эрх нь аливаа улстөрчийг сонгодогтойгоо адилаар тухайн улстөрчтэй хариуцлага тооцох, буруу зөрүү, эсвэл хангалтгүй ажиллавал эргүүлэн татах эрх билээ.  

Ийм хуулийн боломж байхгүй учраас олон нийт тэмцэж болох бүх хэлбэрийг туршиж, нөгөө талд улстөрчид нь тэдний өөдөөс салаавч өгч, “Хэн намайг хэлж, нохой хэн саах вэ” гэсэн байдлаар хэнэггүй, хариуцлагагүй зан араншинг алхам тутамдаа гаргаж байна. Тэр нь бүр “аядуу зөөлөн” гэж магтуулах хэмжээнд хүртлээ архагшиж байна.

Засгийн газрын бүрэлдэхүүн томилох, сайдын суудал хуваалцах, хэн нэгнийг сандал ширээтэй нь авч үлдэхийн төлөө болохоор бүгд ирээд шөнө дөл болсон ч хамаагүй чухал царайлан худлаа шүгэл үлээн сууцгаах. Энэ төрд бид ямар хүмүүсийг сонгочихоо вэ гэж гайхахаасаа илүү эдгээр “хүнд гарууд”-тай хэрхэн хариуцлага тооцдог болох вэ гэж олон нийт шаналж байна.

Уг нь эдгээр улстөрчийн хийх ёстой ажил нь чуулгандаа сууж, Монгол Улсад хэрэгтэй хууль тогтоомж хэлэлцэн батлах юм. Гэтэл хийх ёстой ажлаа хэн нэгнийг бойкотлох, эсвэл эрх ашгаа эсрэг этгээдэд тулгах арга хэрэгсэл болгон ялархаж, ихэрхэж суусныхаа төлөө тэдний хэн нь ч хариуцлага хүлээхгүй.

Сайд ажлаа муу хийсэн ч, авлига авч байгаад баригдсан ч, авгай хүүхний асуудалд орооцолдсон ч, ажлын цагаар хувийн хоббигоо хөгжүүлсэн ч, ер нь яасан ч байсан хариуцлага тооцох тухай яриа амжилт олохгүй.

Хэрэв зээ, улстөрч өөрөө өөртэйгээ л хариуцлага тооцдоггүй юм бол өөр боломж бараг л байхгүй болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө л шалгуулж, шийтгүүлж, суудлаасаа босдоггүй юм бол хэчнээн боошиг нүдээд, түмпэн сав түжигнүүлж хэдий олноороо жагсаад ч суудлаас нь ховхолж чадахгүй.  Авлига авлаа гэхэд өөрөө авлига авах гэж байгаа өдөр, цаг, минут, газраа хэлж өгөөд, газар дээрээ заавал баригдах хэрэгтэй. Тэгээгүй л бол хэчнээн бичлэг, дуу хоолой байлаа гээд авлига авсанд тооцогдохгүй.

Монголын хууль нь ийм юм. Ийм хуулийг тэгвэл өөрчилж болдоггүй юм уу гэж хэн нэгэн асууж магад. Болдоггүй юм аа. Яагаад гэвэл, тэр хуулийг чинь бас тэд баталдаг юм. Өөрчлөх эрх нь тэдэнд бий, өөрчлөхгүй байх ч эрх нь бий.  Тиймээс л тэд “Намайг хэн хэлж, нохой хэн саах вэ” гэж олон жил биднийг дарлаж байгаа юм. Тэгвэл нохой саагаад ч болтугай тэднийг үнэнтэй нүүрэлдүүлэхийг олон хүн хүсэх болсон.  

Монголчууд яавал энэ задарсан дарга нартай хариуцлага тооцож, тохирсон шийтгэл оноодог болох юм бол гэж аргаа барж байна. Боошиг нүдэж, лооль шидэж, үсээ хусч, үгээ хэлж үзлээ. Одоо бидэнд үнэхээр нохой саах л дутаж дээ...

 

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аи(122.201.22.193) 2018 оны 09 сарын 04

Нохой байтугай боовоо хүртэл саалаа.Нэмэр алга сда гэж...

0  |  0
ХЭЛЭЭД АЯХАВ ДЭЭ(64.119.26.131) 2018 оны 09 сарын 04

ХАРИН ТИЙМ ЭЭ.МАНАЙ ЗАЛУУС ДААНЧ ДЭЭ 50000ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАГДАЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ. сОНГУУЛИЙН ҮЕЭР ЦАХИМ СҮЛЖЭЭГ ХААЖ БАЙМААР БАЙНА. НҮҮР НОМ ГЭГЧЭЭР ДАМЖУУЛ ХУДАЛ ХУУРМАГ МЭДЭЭ ЦАЦАЖ НЭГНЭЭ ГУТААН ДОРОМЖИЛОХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ .ҮЗЭЛ БОДОЛ НЬ ТӨЛӨВШӨӨГҮЙ ӨӨРИЙН ГЭСЭН БОДОЛ ТОЛГОЙГҮЙ ЗАЛУУСЫГ ХЭДЭН МЯНГААР ДАУУЛАХ ГЭХ ОРОЛДЛОГОД АВТАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

0  |  0
ДАВАРУУЛСААР Л БАЙНА(64.119.26.131) 2018 оны 09 сарын 04

АРД ИРГЭДЭЭ!!! бИДЭНД БАС БУРУУ БАЙНА АА.тУХАЙЛБАЛ” ИЛЭРХИЙ ХУЛГАЙ,ХУДАЛЧ НЬ БАИМТ НОТОЛГООТОЙГООР НЭГЭНТ НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР ТАРЧИХСАН,ХУУЛИЙН БАЙГУУЛАЛГАД 9-ИЙН ЕСӨН ХАВТАСТ ХЭРЭГ НЬ НЭЭГДЧИХСАН ХҮНИЙГ ЭНЭ Л ЮМ ХИЙЖ МОНГОЛЫГ ХӨГЖЛИЙН ЗАМД НЬ ОРУУЛЖ ЧАДНА ГЭЖ ХОШУУРАН СОНГОХГҮЙ БАЙХ Л ЧУХАЛ Ш ДЭЭ. иЙМ ХҮД ЭРХ МЭДЭЛ БИД ӨГӨӨ БИЗДЭЭ. ТЭГЭХЭЭР ХЭН Ч БАЙСАН ЮУН ЁС ЗҮЙ ГЭХЭВ ДЭЭ УЛАМ Л ЧАНГАР Ч ЭРЭГШИНЭ БИЗДЭЭ. бИД БЭЭЛХЭН ХАРЖ Л СУУНА Ш ДЭЭ. эНД ТЭНД ОЧИХСАН АРД ИРГЭДЭЭ ТАЛДЦУУЛАХ УХААНЫ ТУХИРЧЬ ЯМАР ТООЦОО СУДАЛГААГҮЙ УРАН ЗУРАГ ЗАРЧИХААД АРД ИРГЭДИЙГ ХАНДАВ НЭРЭЭР БААЖАН ШУЛАВ. ОДОО ЗАСГААС ГМ

0  |  0
zochin(64.119.25.42) 2018 оны 09 сарын 04

ULS TORCHIDTOI TEMTSDEG HUUL BATLAHGUI BOL POPULISTUUD EMH ZAMBRAAGUI BOLGONO

0  |  0
irgen(202.21.100.211) 2018 оны 09 сарын 04

mani noxoi saasan l daa tegeed ch nemergui yum bnalee kk

0  |  0
Top