”ТАВАНТОЛГОЙ дэлхийн хэмжээний орд болох нь БАТАЛГААЖЛАА”

2018 оны 09 сарын 05

Хятадын талаас нүүрсний экспортод дахин квот тавьж магадгүй боллоо гэсэн мэдээлэл “Coal Mongolia-2018” чуулганыг угтаж цацагдсан нь анхаарал татаж байсан юм. Энэ талаар  Хятадын  албаны хүмүүс тодорхой мэдээлэл өгөх байх гэсэн байр суурийг чуулганыг зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байв. Тэгвэл “Coal Mongolia-2018” чуулганы эхний өдрийн хуралдаан, хэлэлцүүлгийн үеэр тийм “бараан” мэдээлэл гадагшилсангүй.  

Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форумд тавьсан илтгэлдээ Хятадын эрчим хүчний бүтцэд өөрчлөлт орж буй ч нүүрсний хэрэглээ байсаар байна гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн Хятадын Засгийн газар нүүрсний импортыг эрчимжүүлэх, нүүрсний бүтцийн чанарыг сайжруулахад анхаарч байгааг уламжиллаа. Хоёр улс нүүрсний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах боломж бий гэсэн байр суурийг илэрхийллээ. Манай нүүрсний үндсэн зах зээлийн төлөөлөгч иймэрхүү үгс унагав.

Нүүрсний зах зээлд сэргэлт ноёлж буй энэ үед манай улс боломжийг бодит үр ашиг болгож хувиргаж чадах уу гэдэг асуулт анхаарал татаж байгаа. Зах зээл дэх сэргэлтийг дагаад тээвэрлэлт, хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал тулгамдаад буйг чуулганд оролцогчид хэлж байна.

Дотоодын нүүрсний салбарын голлох тоглогчдын нэг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батцэнгэл хэлэхдээ “Манай компани үйлдвэрлэлээ 15 хувь нэмэгдүүлэх боломжтой ч хил, гаалийн нэвтрүүлэх чадамж тааруугаас чадахгүй байгаа. 2016 онд өдөрт хилээр 1100-1200 нүүрс тээсэн машин нэвтэрч байсан. Гэтэл 2017 онд 700 болж буурлаа. Хилээр нэвтрэх машины тоо, хэмжээг хязгаарласнаар бид нэг тонн тутамд 10 ам.доллар алдаж байна. Тонн нүүрс тээвэрлэх өртөг 15  ам.доллар байсан бол 25 ам.доллар болсон. Үүнтэй холбоотойгоор  нэг л компани гэхэд жилд 40 сая ам.долларын алдагдал хүлээж байна. "Энержи ресурс" компани Монголын нүүрсний экспортын 20 хувийг эзэлж байна. Бид дэд бүтэц, хилээр нэвтрэх чадвараа сайжруулахгүйгээр нүүрсний зах зээлд гарсан хоёр дахь том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ. Боломжоо ашиглахын тулд гарцаа олон болгомоор байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.


“Coal Mongolia-2018” чуулганы хүрээнд нүүрсний салбарынхан хэлэлцэж байхтай зэрэгцэн Гадаад харилцааны яамнаас анхаарал татсан мэдээллийг өгсөн юм. Тус яамны сайдын тушаалаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхай болгох асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад байгаа.

Тэгвэл  Ажлын хэсэг Гашуунсухайт-Ганцмод боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоногт 1500-аас дээш байх, тус боомтыг ажлын долоон өдөр ажиллуулах, 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьжээ.

Мэдээж энэ бол Монгол Улс нүүрсний зах зээлийн сэргэлтээс хүртэх үр ашгаа нэмэгдүүлэхтэй холбоотой чухал санал. Хятадын тал нааштай хариу өгвөл, манай нүүрсний салбарынхны хувьд, цаашлаад улсын эдийн засагт таатай үйл явдал болох юм.

Энэ жилийн “Coal Mongolia-2018” чуулганы тухайд Тавантолгой ордыг бүхлээр нь эдийн засгийн эргэлтэд оруулахад улстөрчид ач холбогдол өгч, УИХ-аас бас нэгэн шинэ тогтоол батласны дараа болж буй гэдгээрээ бас онцлогтой. Тэрчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлж ярих үгсийг чуулганд оролцогчид анхааран сонссон. Тэрбээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг жорк стандартаар Тавантолгой орд 7.6-8 тэрбум тонн нүүрсний  нөөцтэй болох нь тогтоогдож байгааг,  жорк стандартад шилжүүлэх  ажлыг гүйцэтгүүлэхээр олон улсын тендер зарласан гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ бол ордын үнэ цэнэтэй шууд холбоотой чимэгтэй мэдээ юм. УИХ-аас тогтоол батласны дараагаар IPO гаргах  бэлтгэл ажлыг хангахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК ажиллаж буй.  Өмнө нь нөөцийг нь 6 тэрбумаар хэмжиж, эдийн засгийн тооцоолол судалгааны түвшинд хийгдэж байсан бол жорк стандартын дагуу нөөцийн хэмжээ бүрэн баталгаажвал өөр хэмжүүр яригдаж таарна.

-Дэд бүтэц, нэвтрүүлэх чадвараа сайжруулахгүй бол БОЛОМЖ салхинд хийснэ-

"Тавантолгой дэлхийн хэмжээний орд болох нь баталгаажлаа" гэх мэдээллийг албаныхан өгч буйтай зэрэгцэн  манай  нүүрс экспортын гол өрсөлдөгч ОХУ болохыг чуулганы үеэр Хятадын төлөөлөгчид ярьж байсан юм. Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлэхдээ “Монголчууд Хятадын зах зээлд ганцаараа нүүрс нийлүүлдэггүй. Бидэнтэй Индонез, Австрали, Канад, Орос, Америк өрсөлдөж байна. Биднийг цаг алдаж байхад ОХУ Зүүн Сибирээр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, 2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилийн 20-25 сая тонны  хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр Хятадын зах зээлд нүүрс нийлүүлээд эхэлчихлээ. Ирэх долоо хоногт болох Владивостокийн эдийн засгийн форумд Орос  Хятадын нүүрсний зах зээлд үлэмж нөлөө тогтоосноо  зарлах гэж байна. Тэд өнөөдөр 400 сая тонн нүүрс олборлож, 200 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд экспортлосноо магтан сайшааж байна. Тэгж магтан сайшаах бүрт  Монгол Улс зах зээлээс шахагдаж байна. Дэд бүтэцгүй өрсөлдөх чадвар муутай хэдэн уурхайнуудаараа мэдэрч байна” гэж байсан юм.

Ер нь бол нүүрсний салбар дэд бүтцийн дорвитой шийдэлгүйн улмаас бүрэн өгөөжтэй байж чадахгүй байгаа талаар олон жил ярьж буй. 8 жилийн өмнө Төрөөс төмөр замын чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аас батлаж байсан. Гэсэн ч өнөөдөр хийж хэрэгжүүлсэн юмгүй. Төр засаг дэндүү хойрго гэдгийг яс махаараа мэдэрчихсэн нүүрсний салбарынхан эхний ээлжинд хилээр нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Урт хугацаандаа төмөр замын асуудлаа шийднэ биз ээ гэсэн байр суурийг илэрхийлж байсныг тодотгоё.

“Coal Mongolia-2018” чуулган өнөөдөр үргэлжилнэ.

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.10) 2018 оны 09 сарын 10

Үнэхээр Женко хүргэнийхээ хувьд ОХУ том боломж олгосон. Хариуд нь хийн хоолойгоо монголоор дайруулж тавих байлгүй дээ.

0  |  0
Зочин(202.9.42.10) 2018 оны 09 сарын 10

Нүүрс экспордлох хугацаа бага ч гэсэн нэг хэсэгтээ боломж байна. Дэд бүтцийн асуудлыг дариу шийдэхгүый бол бид хоцорно. ОХУ нүүрсээ гаргахын тулд нарийн цариг ашиглаж байна. Хятад бол манайх байтугай дэлхийн том зах зээл. Өөрснөө олох ашгаа хойш нь тавьж Төмөр замаа хурдан тавичээ. МАН ба АН хоероо

0  |  0
Зочин(66.181.182.12) 2018 оны 09 сарын 09

Нарийн царигаар аль хэдийн барихаар байхад нэг нөхөр л танк орж ирнэ гэж гацаасаар байгаад оросын ард орсон шүү дээ.Уг нь МCS-ээр аль хэдийн бариулчих байсан юм үүнийг нэг нөхөр гацаасан талаар Нямдорж сайд байнга л ярьж загнадаг байсан харин одоо ус балгасан юм шиг нам болоо шив дээ.

0  |  0
aagi(103.11.192.46) 2018 оны 09 сарын 05

Jenko Oros ulsad ene bolomjiig gargaj uguh gej tumur zam barih ajiliig zogsooj ard olnii tarhiig ih ugaasan daa. eneniihee tuluu orosuudaas ih yum avsan odoo tegeed iim yerunhiilugchtei yaj hugjih yum be

0  |  0
mongol(66.181.178.223) 2018 оны 09 сарын 05

tegeed tumur zam avto zamuudaa turgen taviad naad ajlaa turgen hiigeechee hangalttai yarilaa sh dee erunhiilugch ch gesen tumur zam tavih ajil gatsaasan asuudlaasaa turgen salj nuglee arilgaad ene ajluudiig hurdan ehluulj duusgah talaar sanaachlagatai ajillaachee

0  |  0
Зочин(66.181.180.55) 2018 оны 09 сарын 05

Дэлхий нийтээрээ нүүрсээс татгалзаад байдаг

0  |  0
иргэн(202.179.26.235) 2018 оны 09 сарын 05

тэгээд Дэлхий хэмжээний Орд байлаа гээд яахав дээ ямар тэр хэмжээгээр Улс орон хурдацтай хөгжиж Ард иргэдийн амьдрал дээшлэх биш дээ Засаг төрд өндөр Алба хашиж буй хэдхээн Хулгайч Луйварчидын гараар орж Гадна дотныхонтой нийлээд Цөлмөөд өнгөрдөг дөө Ийм Байгалийн баялагтай цөөхөн Ард иргэд уг нь ингэж Амьдрах ёсгүй л юм

0  |  0
Top