”Зангиагүй уулзалт”-аас авсан ЗААВАЛ МЭДЭХ мэдээлэл

2018 оны 09 сарын 06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2018.09.05/ “Хот ба сэтгүүлч” зангиагүй  хийлээ. Ажлаа аваад 800 хонож байгаа тэрбээр нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.

Ингээд хотын даргын танилцуулсан мэдээллээс тоймлон хүргэе.

ӨРГҮЙ НИЙСЛЭЛ: 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нийслэлийн удирдлагын баг хүлээн авсан. Үүнд аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв. Үүнийг 2018 онд бүрэн төлж дуусгалаа.

УЛААНБААТАР ХОТ БИЕ ДААН ХӨГЖИНӨ: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Хууль батлагдсанаар 1.4 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй нийслэл хотын хувьд бие даан хөгжих боломж бүрдэх юм.

ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ: Нийслэлд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 133,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 193,1 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11,3 тэрбум, нийт 338,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэсэн. Харин 2018 онд Улсын төсвийн хөрөнгөөр 193,8 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116,2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36,8 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16,3 тэрбум нийт 363,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг зохион  байгуулж байна.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ГАЗАР болон ИРГЭДИЙН ГАЗАР ӨМЧЛӨЛ: 2016 оноос хойш сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын дунд газар олгоогүй. Зөрчил бүхий 16.8 га газрыг хураан авч, зөвшөөрлийг хүчингүй болгон сургууль цэцэрлэг, оршин суугчдад нь  буцаан олголоо. Иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм. Мөн энэ оны найман сарын байдлаар  2003 оноос хойш  нийслэл хотод 196868 иргэнд 10529,2 га газар өмчилсөн байна.

ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖИЛ: Нийслэлий гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг. Үүнийг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх юм. Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас  53 иргэнд орон сууц олгож, 3.2 га газрыг Нийслэлийн газрын санд шилжүүллээ.

АВТО ЗАМ, ДЭД БҮТЭЦ: Улаанбаатар хот авто зам, дэд бүтцийн салбарт сүүлийн 60 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. 2018 онд  энэ салбарт  нийслэлийн төсвөөр 13.1 километр зам шинээр барьж, 2.2 километр замыг өргөтгөн шинэчилж байна. Дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хамгийн гол бүтээн байгуулалт нь  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж байгаа  4 том гүүрийн төсөл юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top