”БҮС ба ЗАМ” санаачилгыг дэмжихэд ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН хамтын ажиллагаа чухал үүрэгтэй

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 07

Манай сурвалжлагч Өмнөговь аймгаас мэдээлж байна

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хэвлэл мэдээллийн форумд зориулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүлснийг МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа уншиж танилцуулсан юм. Улмаар форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. Тэрбээр “Форумын хүндэт зочид, эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, зохион байгуулагч та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Энэхүү форумд өндөр ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-ны дарга хатагтай Ж.Цэсэн, БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дүнмэй нарт талархал илэрхийлье.

Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хооронд хамтран ажиллах таатай нөхцөл боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй 70 жилийн түүхтэй манай хоёр улсын найрамдалт харилцаанд томоохон орон зайг эзэлж, хоёр улсын Засгийн газрын хэмжээнд дэмжигдэж ирсэн. Энэ жилийн хувьд “Бүс ба зам санаачилга дахь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” уриан дор зохион байгуулагдаж байна.

Энэ утгаараа хоёр орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын хамт олныг хүндэтгэн ирсэн хоёр орны төлөөлөгч, хүндэт зочид та бүхэндээ талархал илэрхийлье. Хоёр улсын төр засгийн удирдлагууд жилээс жилд энэхүү форумд ач холбогдол өгч, цар хүрээний хувьд өргөжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэхэд тал бүрээр анхаарч дэмжиж ажиллаж байгаад баяртай байна” гэлээ.

Мөн Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн 40 жил, Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойн баярын мэндийг форумд оролцож байгаа БНХАУ-ын төлөөлөгч нарт хүргэлээ.

 


Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, эрхэм төрийн түшээд, уран бүтээлчид та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, тавтай морилохыг хүсье. Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтыг тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 2010 оноос хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Монгол Хятадын Хэвлэл Мэдээллийн IX Форумыг манай аймагт зохион байгуулж буйд бид баяртай байгаагаа илэрхийлж халуун баяр хүргэе.

Өмнөговь аймаг нь БНХАУ-ын Баяннуур, Альшаа аймгуудтай хил залгаа бөгөөд, 1992 онд тус аймгуудтай албан ёсны хамтын ажиллагаа тогтоосноос хойш өнөөг хүртэл бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж байна. Орон нутгийн гадаад хамтын ажиллагааг, БНХАУ-ын хил залгаа аймаг хошууд болон бусад орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг хүнийхээ хөгжилд чиглүүлэх бодлого зорилтын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Альшаа аймгуудтай 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулж, хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийг сургах, солилцох, спортын арга хамжээг хамтран зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг шинэ технологитой танилцуулах, харилцан түншлэх, хилийн сумдыг цахилгаан эрчим хүчээр хангах, хилийн боомт, хил орчмын бүтээн байгуулалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж харилцан жуулчид солилцох, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан албан хаагчдыг туршлага судлах боломжоор хангах чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Манай нутагт алт зэсийн ордны нөөцөөрөө дэлхийд эхний зургаад жагсдаг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй нүүрсний 9 уул уурхайн компани үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд Дэлхийн жишигт нийцсэн Оюутолгой компани 14 мянган уурхайчинтайгаас 93 хувь нь буюу 13 мянган Монгол залуус ажиллаж байгаагийн 21 хувь буюу 2963 нь Өмнөговь аймгийн иргэд байна. Мөн нүүрсний 9 уурхайн компаниудад манай аймгийн 1600 гаруй залуус ажиллаж төрөлх нутгийнхаа хөгжлийн түүчээ, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмрээ оруулан, гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна” гэлээ.

Мөн үеэр БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли хэлсэн үгэндээ “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлж өндөр шатанд хүргэх хэрэгтэй. Цаашид хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг тодорхойлоход энэхүү форум чухал үүрэг гүйцэтгэж байна. БНХАУ, Монгол улс олон жилдийн турш сайн хөрш байсаар ирсэн. Тиймээс олон улсад нэгдсэн дуу хоолойтой байх нь чухал юм. Иймд хэвлэл мэдээллийн салбарт харилцан туршлага солилцох, хэвлэл мэдээллийн салбарт онцгойлон инноваци нэвтрүүлэх хэрэгтэй.

Энэхүү форумын үеэр төлөөлөгчид санал сэтгэгдлээ хуваалцаж, хоёр орны хэвлэл мэдээллийн найрамдалт харилцааг гүнзгийрүүлж, үеийн үед хадгалах сайн үр тарина гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

 


Нээлтийн үйл ажиллагааны дараа хоёр орны төлөөлөгчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал,

  • МСНЭ-Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг,
  • МСНЭ-Өвөрмонголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичиг,
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурсан юм.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.217) 2018 оны 09 сарын 08

TUULAINUUD TZ IIG IDEED DUUSGANA

0  |  0
Top