Хойд Солонгос байгуулагдсаны 70 жилийн ойн сүрт жагсаал дэлхийд ямар дохио өгөх вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

  БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал маргааш Пхеньянд болох гэж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ жагсаалаар дэлхий дахинд ямар дохио өгөх бол гэдэг нь олны сонирхлыг татаж буй. Шинжээчдийн дүгнэж байгаагаар хиймэл дагуулын зургуудаас харахад энэхүү үйл явдал нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон Хойд Солонгосын Зэвсэгт хүчний өдрийн сүрт жагсаал шиг том үйл явдал болох нь тодорхой байгаа аж. Өвлийн жагсаалд 13 мянган хүн, 200 техник оролцсон билээ. Уг жагсаалын гол зүйл нь тив хоорондын баллистик пуужин “Хвасон-15” байсан юм. Гэхдээ маргааш болох жагсаалд энэхүү тив хоорондын баллистик пуужин байхгүй гэж шинжээчид үзэж байна. Ким Жон Ун энэ удаад зэвсгээрээ гайхуулж, айлгахгүй гэж ажиглагчид дүгнэжээ. БНАСАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн жагсаал ерөнхийдөө хэнийг ч айлгахгүй, хэнд ч саад болохгүй гэсэн зарчмаар болох гэнэ. Тус улсын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулах үүрэг хүлээснээ дэлхийд батлахыг хичээж байгаа аж.

“38 North” порталд хэвлэгдсэн Америкийн хиймэл дагуулуудын авсан зургуудаас харахад маргааш болох жагсаалд танк, өөрөө явагч их буу, зенитийн пуужин, пуужин хөөргөх төхөөрөмжүүд болон богино зайн хэд хэдэн хатуу түлшний баллистик пуужин байх аж. Тив хоорондын баллистик пуужин харагдаагүй байна. Тив хоорондын баллистик пуужин “Хвасон-15”-ыг өнгөрсөн өвөл Ким Жон Ун Вашингтонд дохио өгөхөөр гаргаж ирсэн гэж ажиглагчид үздэг. Хоёрдугаар сарын жагсаалын өмнө тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Рэкс Тиллерсон Хойд Солонгосыг заналхийлсэн мэдэгдлүүд хийж байсан билээ. БНАСАУ-ын эрх баригчидтай ойлголцохын тулд хатуу арга барил хэрэгтэй гэж Рэкс Тиллерсон, Доналд Трамп нар үзэж байсан юм.

Хоёрдугаар сард болсон Солонгосын ардын арми байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан жагсаал. Reuters © Damir Sagolj

БНАСАУ өвлийн жагсаалаар цэргийн хүчнийхээ бүхий л техникийн хүчин чадлыг харуулсан билээ. Тэр дундаа баллистик пуужин “Хвасон-15”-ыг дэлхийд таниулсан юм.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top