В.Путин манай Ерөнхийлөгчийг ямар СЭДЭВ-тэй хүлээж байгаа вэ?

2018 оны 09 сарын 10

Ерөнхийлөгч тангараг өргөсний дараах анхны гадаад “томилолт”-оо өвөртлөн хойд хөршийг зориод ирэхдээ Тавантолгойн нүүрсийг  “Восточный” боомтоор дамжуулан тээвэрлэх тухай том сэдвээр В.Путинтай ярилцаад ирж билээ. Сонсоход гэгээн ч, хэрэгжихэд амаргүй  энэ ярианы төгсгөлгүй үргэлжлэл хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Coal Mongolia” дээр ч хөвөрч байсныг тодотгоё. Монголын нүүрс “Восточный” боомтоор дамжин  дэлхийн зах зээлд гарахтай зэрэгцэн үлдэх үр ашиг хэдэнтээ уруудаж таарах тооцооллын тухай нүүрсчид ярьж байв. Ерөнхийлөгчийн жилийн өмнө  ганзагалаж ирсэн сэдэв жинхэнэ мэргэжлийн хүрээнийхний дунд орохоороо мөлжигдөж, шинэ форумыг угтан хүч нь сулрав.


Гэхдээ сэдэв хэзээд дуусдаггүй. Ялангуяа улстөр, эдийн засгийн хүрээний хуучирсан сэдвүүд эгзэг нь таарахаар халууны хэмээ нэмчихдэг. Тэгвэл энэ удаа байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахаар боллоо гэх мэдээлэл анхаарлын төвд орж ирэв. Ерээд  оны сүүлчээр 2000-аад оныг угтан идэвхтэй түвшинд яригдаад хэсэгтээ унтарсан энэ сэдэв Владивостокийн форумд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүд гурвуулаа оролцох гэж буйг угтан яригдсан нь мэдээж онцлогтой. Арвантаван оноос хойш жил бүр В.Путины санаачлагаар зохион байгуулагдаж буй тус форумд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин анх удаа оролцох гэж байгаа юм.

Байгалийн хий дамжуулах хоолойг манай  нутгаар дамжуулж,  үр шимийг нь хүртээх тухай чухал сэдвийг хоёр тал бус гурвуулаа ярилцаж байж, тэрдундаа хоёр том хөрш ойлголцлоо нэгтгэж байж шийдвэрлэх учиртай. Газар зүйн байрлалын хувьд манай Монголд давуу тал байхгүй. Харин  ч хийн хоолойн маршрут  Владивостокоор замнавал Орос нутгийн гүнээс гарсан байгалийн хий ганц Хятад биш, Солонгос, Японы зах зээл рүү гарна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Оросууд 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.доллар олохоор тооцоолдог энэ төслийг хэрэгжүүлэхдээ манайд бялууны хэрчим өгөх үү гэдэг горьдлого байсаар ирсэн.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлснээр бол В.Путин Ерөнхийлөгч “Монголоор дамжуулж хийн хоолой тавьж болно” гэчихсэн, Хятадын тал үүнийг ойлгож хүлээж авч байгаа гэжээ. Тэгэхээр хөрш хоёр орны хувьд зуун дамнан яригдсан хийн хоолойн асуудлыг нааштай талаас нь шийдвэрлэх боломжтой гэж харж ааш аяг сайтай байгаа бололтой. Монголчууд бид “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж ярьдаг даа. Бидэнд найрсаг хандаад байгаа нөхдүүдэд  мөн адил найрсаг хандах учиртай өгөө авааны бичигдээгүй хуулиас гажиж дийлэхгүй болов уу.  Владивостокт манай Ерөнхийлөгчийг хүлээж буй В.Путин  биднээс чухам ямар хариу хүлээж байж болохыг өнгөрсөн он жилүүдэд өрнөж ирсэн үйл явдлууд дээр үндэслэн багцаалдаж үзье.

Монголын УРАН хамтынх болох уу?  


Монгол нутгийн нүүрс биш шар нунтаг л “Восточный” боомтод хүрэх вий гэж харж буйгаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлж байв. Оросууд манай “уран”-тай ноцолдож байсан түүх бий. Ерөөс  Монгол, Орос хоёр улс ураны салбарт хамтран ажиллах тухай төр засгийнхны айлчлал бүрийн үед л яригддаг. Гэхдээ бодитой ажил хэрэг болчихоод хэн хэн нь өгөөж хүртээд байгаа юм үгүй. Монголын “Мон-Атом”, ОХУ-ын “Атомредметзолото” компанитай хамтарсан  “Дорнод Уран” үйлдвэр байгуулаад, үр ашиг дагуулна гээд л байсан. Гэсэн ч манай тал Оросуудад найр тавих гээд Канадын хөрөнгө оруулагч  “Хан ресурс”-ыг ад үзээд хөөгөөд явуулсныхаа горыг үзчихсэн.  Канадуудын нэхэл нэмэгдсээр 326 сая ам.доллат хүрч,  Франц дахь Арбитрын шүүх дээр Монгол албан ёсоор ялагдаж, өр төлбөр төлөх болсон билээ. Чухамдаа бол Монгол, Оросын ураны салбар дахь нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхэд тээг болоод байсан хилийн чинад дахь маргааны ялагдагч нь бид болсон. Гэхдээ асуудал нэг талдаа гарсан учраас, Дорнод-Уран гэх төсөл урагшлах орчин бүрэлдсэн байж болох юм. Тэрчлэн В.Путин Ерөнхийлөгч манай тэргүүнд тийм санаагаа хэлээд буцаахыг хэн байг гэхэв.

 “ЭГ”-д баяртай гэж хэлэхийг шаардах уу?


Өнгөрсөн зууны далаад оны үеэс өнөөдрийг хүртэл яригдаж буй том сэдэв бол  Эгийн голын цахилгаан станцыг барих асуудал юм. Ерээд оны эхнээс өдийг хүртэл бүх л засгийн үед яригддаг энэ төслийг урагшлуулах гэхээр Оросууд зөвшөөрдөггүй. Хятадын санхүүжилтээр дэд бүтцийнх нь ажил эхлээд явж байтал, Оросууд биднийг алгасаад шууд Хятадуудтай яриад болиулчихсан түүхтэй. Манай Монголоос Орос руу урсаж байгаа голууд дээр усан цахилгаан станц барих нь Байгаль нуурыг бохирдуулна, загас устана гэсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн олон жил яригдсан. Мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэдэг, харин ч Байгаль нуурт эерэг нөлөөтэй гэдэг. Эсрэгээрээ эрчим хүчний хувьд Оросоос бүрэн хамаардаг Монголд сэргээгдэх эрчим хүчний том төсөл хэрэгжихийг зөвшөөрөх нь тэдний эрчим хүчний том компаниудад ашиггүй гэсэн хувилбар яригддаг. Тийм байхыг шууд үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн жилийн Владивостокийн форумын үеэр Х.Баттулга Монголын тэргүүний хувиар энэ асуудлыг В.Путинтай ярих гэхэд “энэ талаар ярихгүй” гээд өнгөрсөн гэх мэдээлэл бий. Тэгвэл хийн хоолойг Монголоор дамжуулж болно гээд байгаа ноён В.Путин “Эг”-ийн тухай энэ удаа ярихдаа, манай улс дахь нөлөөллийнхөө, бизнесийнхнийхээ эрх ашгийг урьтал болгохдоо, Байгаль нуураар түрий барих уу гэдэг нь мэдээж анхаарал татаж байна.

Мөн Тавантолгой ордыг эргэлтэд оруулахтай холбоотойгоор төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд Оросууд оролцох сонирхлоо олон жилийн өмнөөс ярьж байсан. Энэмэтчилэн ярьж хөөрөх зүйлс В.Путин Ерөнхийлөгчид байхыг үгүйсгэхгүй.

Ямартай ч манай төр засгийн нөхдүүд байгалийн хий дамжуулах хоолойг нутгаараа дамжуулахын тулд АЖЛЫН ХЭСЭГ байгуулан ажиллаж буй гэх мэдээлэл бий. Гэхдээ хэвлэлүүдээр нэр нь бичигдээд буй Хятадын компанийн тухайд хийн хоолойг барих компани бус. Эсрэгээрээ тийм хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн л хэрэг болохыг Гадаад харилцааны сайдын яриа илтгэж байна лээ.

Э.Болорхажид

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.50) 2018 оны 09 сарын 11

Хөөе чи тэр орос авгайгаа хэзээ надтай танилцуулах гэж байна гэж хэлэх биз. Путины дэргэд Тулга зүгээр л нэг тагтаан пооз харуулсан дэмий нөхөр харагпах юм даа

0  |  0
хн(66.181.187.23) 2018 оны 09 сарын 10

усан цахилгаан станц хэр ашигтай байдаг юм бол доо

0  |  0
зочин(49.0.147.28) 2018 оны 09 сарын 10

Ямар ч гэсэн Ерөнхийлөгчөөс өөр ингэж эдийн засагт санаа тавьж байгаа хүн алга. Амжилттай, үр дүнтэй ирэх болтугай. Зүтгэж байж л үр дүнд хүрнэ дээ. Зүтгээд бай!

0  |  0
иргэн(139.5.219.213) 2018 оны 09 сарын 10

ЭГИЙН ГОЛООСОО ШУУД ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛД ЯМАРЧ АШИГГҮЙ БАЙГУУЛАМЖ Ш ДЭЭ

0  |  0
зочин (103.206.195.166) 2018 оны 09 сарын 10

Хийн хоолойг Монголоор дмжуулах нь ЭГ-оос том ашигтай байх тул, ЭГ-ыг ойш нь тавьж болно. Зарим тал дээр буулт хийх нь зүй.

0  |  0
ё(202.72.245.122) 2018 оны 09 сарын 10

Оросууд Монгол таввсан байгаа Худалдааны хоригоо одоо цуцлмаар

0  |  0
mongol(202.126.89.80) 2018 оны 09 сарын 10

Egiin u.stantsaar naimalaltsaj bolno. Uursdiin davuu talaaraa duduugaa nuhdug ni ali c uls hunii jam. Yamar ashigtai bairlald baigaagaa medehgui guilgacin setgehuitei u.tirc nertei durakuud.

0  |  0
Зочин(202.126.89.104) 2018 оны 09 сарын 10

Санаагаар болдог бол орсын ганц том хөрөнгө оруулалт маш чухал тийм зүйл байвал бидэнд ашигтай гэхдээ орсууд тэгэхгүй байх. Өмнө зүгийн аймшгаас орсууд л хамгаална. Өөр хэн ч биш шүү.

0  |  0
ия(122.201.21.1) 2018 оны 09 сарын 10

энэ мал асуудлыг дандаа болохгүй талаас нь харж харлуулах донтой хулгайч юмаа.

0  |  0
Top