Засгийн газар зээл авахаа зогсоосноор өрийн хэмжээ 2 дахин буурлаа

2018 оны 09 сарын 12

Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг ч, төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг ОУВС-аас бидэнд анхааруулсан хэвээрээ байгаа.  Ойлголцлоо нэгтгэн, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй манай төр засгийн зүгээс төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд чамгүй ажил хийж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин буурууллаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ. Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа” хэмээн мэдэгдэж байсан.

Ер нь бол төр засаг төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг зохист түвшинд барихын тулд “өр”-ийн менежмэнтийг сайн хийж буйг анзаарч харах хэрэгтэй. Бондын өр төлбөр барагдуулж, “сайн” гэх тодотголтой өр ширийг бас дарахын зэрэгцээ  Засгийн газар банкуудаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авч хувийн хэвшил, иргэдэд очих мөнгийг сордог байснаа халсныг онцлох хэрэгтэй юм. Засгийн газрын дотоод өр 3 их наяд 400 тэрбум төгрөг байсан бол зээлийг зогсоосноор 1 жил болоход өрийн хэмжээ  1 их наяд 700 тэрбум төгрөг болж 2 дахин буурчээ.  Өрөнд төлсөн мөнгөний хэмжээ арвандолоон оны аравдугаар сараас хойш 5.7 их наяд төгрөг болж байна.  Он дуусах хүртэл 4 сарын хугацаанд 865 тэрбум төгрөгийн өр төлөх бол ирэх онд 2 их наядын өр төлнө. Бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр тэтгэмжээ инфляцитай уялдуулаад нэмнэ гэдгээ Сангийн яамнаас мэдэгдэж буй.

Салбарын сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ  “Эдийн засаг сүүлийн хоёр жил өссөн. Төсвийн алдагдал жил дараалан буурч байна. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж, гурван тэрбум ам.долларт хүрлээ. Өнөөгийн үнэ цэнээр улсын өр 76 хувиас 74 болж буураад байна. Мөн улс нь ядуураад арилжааны банк хөлждөг байсныг болиулж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй нэг ч төгрөгийн зээл аваагүй. Цаашид 3 их наяд төгрөгийн өрийг улсын эдийн засагт дарамт учруулахгүйгээр шийднэ. 2018 онд аль болох арилжааны банкнаас зээл авахгүй гэсэн бодолтой ажиллаж байна” хэмээн хэлж байсан. Тэгвэл түүний яриа  бодитой ажил болж байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.27.106) 2018 оны 09 сарын 12

Засгийн газар Сангийн сайд Хүрэлбаатар нар Өр дарахын тулд Ард иргэд ээ Зөрчлийн хуулийн Торгуулиар Хүүхдийн Хадгаламжийн мөнгөнөөс Татвар нэрээр Хулгай хийн байж Өр дарж байгаагаа Гайхуулж Сүр бадруулж ярихаа болимоор юм

0  |  0
Top