Ш.Төмөрсүх:Үндсэн хуулийн цэцийн гишүүд тарах ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх тэргүүтэй нөхөд хэвлэл мэдээллийнхэнд хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг тараах тухай үндэслэлийг дурдав. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг хууль зөрчин зориудын хойшлуулсан, захиалгын шинжтэй хэмээн үзжээ. Энэ тухайд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс дараах хариултыг авлаа.

-Танай намаас ҮХЦ-ийн гишүүдийг тараах тухай үндэслэлийг гаргаж тавьжээ. Үүнийг арай тодорхой тайлбарлахгүй юу?

-Хэнтий аймагт болох нөхөн сонгууль болох болохгүй тухай маргаан гарч байх үед ҮХЦ-ийн гишүүн Солонго гэдэг хүн “УИХ-аас гарсан тогтоолд ҮХЦ дүгнэлт гаргадаггүй” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн нь хоёр үзүүртэй, захиалгын шинжтэй үйл явдал боллоо.  

-УИХ-ын тогтоол шийдвэрт хяналт тавьж дүгнэлт гаргах эрх нь ҮХЦ-д байдаг биз дээ?

-Хамгийн гол нь ҮХЦ-ийн гишүүн Солонго нь өөрөө “УИХ-ын тогтоолд дүгнэлт гаргахгүй” гэж хэлсэн. Гэтэл төдхөн УИХ-ын 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн биз дээ. Тэгвэл нэг тайлбар хэлье. ҮХЦ нь УИХ-ын тогтоолыг дуртай үедээ түдгэлзүүлээд, дургүй үедээ “УИХ-ын тогтоолд дүгнэлт гаргах ёсгүй” гээд сууж байх ёстой байгууллага юм уу. Сонгуулийн тухай хуульд Төрийн албан хаагч нь сонгуульд өрсөлдөн нэр дэвшүүлэхээр бол зургаан сарын өмнө мэдэгдсэн байх ёстой гэж заасан байдаг ч “сонгууль явуулах тухайн жилд” гэсэн заалт байхгүй. Ийм учраас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд төрийн албан хаагч өрсөлдөх эрхтэй гэж үзэж байгаа юм.

-Сонгуулийн тухай хуульд “Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөх бол зургаан сарын өмнө мэдэгдсэн байх” гэсэн заалт байдаг байх аа?

- Бидний хувьд тодорхой хуулийн заалтыг гаргаж ирж байгаа юм. Тухайлбал, “Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125,5 хэсэгт заасан “сонгуулийн жил гэдэгт” дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгох бөгөөд “сонгууль явуулах тухайн жил” гэсэн ойлголтыг агуулаагүй нь төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагад заасан хугацаа нь УИХ-ын нөхөн сонгуульд хэн нэгэн төрийн албан хаагч нэрээ дэвшүүлэх хамаагүй” гэсэн үндэслэл байгаа биз. Монгол Улсын Үндсэн хуульд “хүн бүхэн сонгох сонгогдох эрхтэй” гэсэн заалт бий. Ийм зүйл заалт байсаар байхад янз бүрийн хуулийн гаргалгаа гарган ирж нөхөн сонгуулийг захиалгын шинжтэй хойшлууллаа гэж үзэж байгаа учраас ҮХЦ-ийн гишүүдийг тарах ёстой гэж үзэж байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.160.123) 2018 оны 09 сарын 13

монголд төр байхгүйш дээ ард түмэн босож ,төрөө цэгцлэх хэрэгтэйш дээ

0  |  0
irgen(202.21.127.170) 2018 оны 09 сарын 12

Улс төрийн захиалгаар ажиллаж байгаа Цэцийн гишүүн Солонгыг эгүүлэн татах хэрэгтэй

0  |  0
Top