Ц.Хүсэлбаатар: Урлаг дунд өссөн учраас амьдарлаа би урлагаас өөрөөр төсөөлдөггүй

Монголын орчин үеийн кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө цогцлоож чадсан найруулагчдын нэг бол яах аргагүй Цогийн Хүсэлбаатар. Тогтуун сайхан яриатай, бодлогоширонгуй дөлгөөн харцтай энэ эрхэм хүмүүн төрж өссөн гэр бүл, хань ижлээрээ нэгэн насаараа урлагийн амьдралтай холбогдон явааг мэдэхгүй хүн цөөхөн бизээ. Ц.Хүсэлбаатар найруулагч сүүлд “Ядуугийн зовлон 2”, “Аюултай харилцаа” зэрэг кинонуудаа үзэгчдийн хүртээл болгосон. Ийм энгийн хүнээс тийм хурц шийдлүүд гарч болдог оо гэсэн бодол Ц.Хүсэлбаатар найруулагчтай ярилцаж суухуйд төрж байсныг нуух юун. Харин энэ удаа түүнийг “Нинжин Сэтгэл” нэртэй шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авахаар зэхэж байхтай нь зэрэгцэн уран бүтээлч хүний дотоод ертөнц хийгээд урлагийн амьдралынх нь талаар энгүүн яриа өрнүүлж амжсан юм.

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та 1991-1995 оны хооронд СУИС-ийн найруулагчийн ангид суралцаж төгссөн анхны төгсөгч нарын нэг шүү дээ. Тэр үеэс өдийг хүртэлх урлагийн тогоонд амссан жаргал, зовлонгоо одоо эргээд тунгаан бодоход “Урлагийн хүн” гэж ямар хүнийг хэлэх вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу?

-Яасан айхтар этиктэй асуулт вэ /инээв/. Хамгийн анхны кино телевиз, найруулагчийн ангид Х.Энхжаргал багшийн удирдлага дор долуулаа орж ирж байлаа. Оюутан болохоосоо ч өмнө урлагийн хүн болно гээд бодчихсон байсан юм. Анх 1983 онд Москвагийн Театр урлагийн сургуульд шалгалт өгсөн. Г.Доржсамбуу багш шалгалт авч байсан, талийгаач Н.Сэсээр багш маань бэлдэн оруулж байлаа. Шалтгалтдаа ч тэнцсэн. Би чинь зураг жаахан оролдоно, зураач болох хүсэлтэй, битүүхэндээ л урлагийн хүн болох сонирхолтой байлаа. Гэтэл аав маань нэг өдөр "Орос руу театрын сургуульд шалгалт авч байна, чи өгөөд үзэх юм уу" гэв. Тэгж л анх этьюд гэдэг зүйлээс авахуулаад бүгдийг сурсан. Шалгалтаа өгсөн ч сургуульдаа явж чадаагүй юм. Тэр үед би Багшийн сургуульд сурч байсан учир дундаас нь хаяад явчихаж болохгүй, их хатуу үе байлаа. Одоо бодоход яваагүй минь ч болсон. Юм мэдэхгүй өвөө эмээгийн хүүхэд Орос руу сургуульд явсан бол бор дарсны амтанд орохоос авахуулаад олон юманд алдах байсан байх гэж боддог.

Тухайн үед сургуульдаа явж чадахгүй нь гээд уйлаад зогсож байхад минь Г.Доржсамбуу багш намайг театрт авна гэж амласан юм. 1985 онд Багшийн сургууль төгсөж байх үеэр Соёлын яамнаас томилолтын хуудас ирээд Улсын Драмын Эрдмийн Театрт орж байлаа. Тэнд дагалдан жүжигчнээр хоёр жил ажилласан. Орос хэл, бага ангийн багш мэргэжлээр сургууль дүүргэчихээд шууд жүжигчнээр драмын театрт томилогдож байсан ийм түүхтэй хүн надаас өөр байхгүй байх (инээв). Түүний дараа цэрэгт явж армид алба хаасан. Ирээд дахин театртаа үргэлжлүүлж ажилласан. Хувь заяагаар Х.Энхжаргал багштайгаа танилцсан. Бид сайхан хуурай ах дүүс болсон. Багш маань надад найруулагч болох саналыг анх тавьж байсан юм. СУИС-д орсон минь ийм түүхтэй. Тэр үед багш маань өөрөө теарт урлагийн студид  жүжигчин, найруулагч бэлтгэдэг байсан. Тэр сургалтад нь сууж мэргэжлийн үнэлэмлэхтэй болон тэндээсээ дамжиж СУИС-д суралцахаар орсон. Манай ангийхан одоо бүгд мэргэжлээрээ амжилттай ажиллаад явж байна. 

-УРЛАГИЙН ХҮН ГЭДЭГ ӨӨРӨӨ БУСДАД ХАЙР ТҮГЭЭХИЙН НЭР-

Өөрийн тань тавьсан “Урлагийн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ” гэсэн асуулт руу одоо л орж байх шиг байна(инээв).  Аав маань жүжигчин, хөгжимчин, маш олон төрлийн авьяастай хүн байдаг. Ээж маань Ардын дуу бүжгийн чуулгад хувцасны эрхлэгчээр ажилладаг байсан. Багаасаа л урлаг дунд өссөн учраас амьдарлаа би урлагаас өөрөөр төсөөлдөггүй. Ерөөсөө төрхөөсөө л дуртай болсон зүйл минь юм даа. Үүнээс гадна урлагийн хүн гэдэг өөрөө бусдад хайр түгээхийн л нэр юм. Бусдад баяр баясгалан, ухаарал өгөх, түүнээсээ аз жаргалыг мэдэрч цэнэглэгдэж явдаг ийм л хүмүүсийг урлагийхан гэнэ.   

Энэ утгаараа урлагийн хүн гэдэг ерөөсөө л бурханы элч нар. Бусдад хайр түгээх үүрэгтэй хүмүүс. Хүн бүр л алдаж онодог. Гэм зэм байлгүй л яахав. Гэхдээ давж болохгүй шугам гэж бий. Бид энэ амьдарч буй богинохон хугацаагаа үнэ цэнэтэй, хийсэн зүйлтэй, утга учиртай өнгөрүүлэх ёстой. Үүнийг л урлагийн хүн бусдад уран бүтээлээрээ ойлгуулж байх ёстой юм болов уу даа.

 

-Тэгэхээр та Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн байх нь ээ?

-Тийм. Би бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Одоо бодоход багшийн сургуульд сурснаар олон хүнтэй, хүүхдүүдтэй харьцаж сурах арга эвээ олсон юм шиг санагддаг.

-Хамгийн сүүлд найруулан үзэгчдийн хүртээл болгосон “Аюултай харилцаа” кино чамлахааргүй өндөр үнэлгээ авсан санагдсан. Тухайн үед та өөрөө кино зохиолоо бичиж найруулсан гэдэг. Тун удахгүй нээлтээ хийх гэж буй киноныхоо зохиолыг ч бас та өөрөө бичсэн үү?

-Тийм. Энэ удаагийн "Нинжин сэтгэл" киноныхоо зохиолыг ч бас би өөрөө бичсэн.

-Өөрөө кино зохиолоо бичиж, найруулахын давуу тал нь юу юм бэ?

-Багш минь надад хэлдэг байсан юм. "Чи өөрөө зохиолоо бичээд өөрөө найруулна гэж худлаа. Хүн өөрийнхөө хүүхдэд хайртай байдаг. Эрэмдэг байсан ч хайрлана. Энэ эрэмдэг юмаа гээд алчихдаггүйтэй адил муу зохиол биччихээд тэрийгээ найруулаад байвал муу юмаа өөртөө авч үлдэх гээд байдаг. Чиний бичсэн зохиолыг өөр хүн найруулбал хэрэггүй зүйлийг нь хасч, хогийн ургамлуудыг нь түүгээд, сайн уран бүтээл болгон гаргадаг юм" гэж хэлдэг байсан. Багшийнхаа хэлж сургадаг байснаас зөрсөн нэг юм нь дандаа өөрийнхөө бичсэн зохиолоор кино хийж байна. Гэвч би ганцаараа уран бүтээл хийдэггүй. Маш олон хүмүүс хамтарч хийдэг шүү дээ. "Аюултай харилцаа" киноны зохиолыг л гэхэд өөр хоёр ч зохиолчтой хамтарч бичсэн. Сайн багшийнхаа зааж сургасан кино зохиол бичих арга барилаа ашиглан хэн нэг хүний бус өөрийнхөө зохиол дээр ажиллах нь надад амар байдаг. Өөрөө кино зохиол бичихийн давуу тал нь энэ. Санаагаа төгс буулгаж чадна гэж өөртөө итгэдэг.


 

-“УУЧЛАХ” ГЭХ ЭНЭ СЭТГЭЛИЙГ ХҮМҮҮС УХААРЧ АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ ШИГ-

-Шинээр мэндлэх гэж буй "Нинжин сэтгэл" кино зохиолынхоо үүдэл санааг хэзээ, хэрхэн олсон бэ?

-Нийгмийн амьдралаас олж харсан бүхнээс үүдсэн. Ажиглаад байхад “Уучлах” гэх энэ сэтгэлийг хүмүүс их ухаарч амьдрах ёстой юм шиг. Хүчгүй биш агуу их сэтгэлтэй хүмүүс л бусдыг энэрэн уучилж чаддаг. Энэ их атаа жөтөө, муу муухай бүхнийг дараад уучилж чадна гэдэг өөртөө сэтгэлийн их амар амгаланг бий болгож буй хэрэг. Хүн бүрт зовлон тохиолддог ч үйлийн зөв үр тарьвал тэр нь чамд эргээд аз жаргал болж ирнэ.

-Хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Тухайн уран бүтээлээсээ, уран бүтээлчдийнхээ зав чөлөөнөөс, хамааран өөр, өөр уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Шинэ уран бүтээлдээ "Сүүлчийн бүжиг", "Ядуугийн зовлон 2", "Аюултай харилцаа" кинонуудад хамтран ажилласан зураач, зураглаач, хөгжмийн зохиолч зэрэг уран бүтээлч, залуустайгаа хамтарч ажилласан. Мөн миний хань байна. Миний маш олон кинонд зургийн дарга хийсэн. Хүн бүрийн тухай ярина гэвэл чи бид хоёрын ярилцах хугацаа хүрэхгүй байх. Онцолж дурьдахад ийм байна. Кино бол баг хамт олны ажил. Халуун дулаан уур амьсгалтай баг хамт олонтой ажиллах сайхан. Жүжигчидтэйгээ ярилцаж ажиллахад тэд маань тэр чинээгээрээ урам авч тоглолт нь сайжирч явдаг.

 

-Тэгвэл та жүжигчдээ шахаж биш урамшуулж ажилладаг арга барилтай найруулагч байх нь ээ?

-Тэр нь зөв гэж боддог. Чанга шаардлага тавьдаг найруулагчид ч байдаг. Найруулагч бүрийн арга барил өөр. Чанга шаардлага тавиад жүжигчдээс тоглолтыг нь гаргуулж чаддаг зарчимч найруулагчид байна. Миний уг хүн нь угаасаа ийм юм. Багаасаа зодоонд ч муу, зөөлөн хүүхэд байсан. Гэрээс бараг л гардаггүй зураг зурж, ном уншаад л сууж байдаг бясалгагч хүү байлаа.

-Тэгвэл та жүжигчиддээ ямар шалгуураар сонгож уран бүтээлдээ хамтарч ажилладаг вэ?

-Тухайн уран бүтээлд тохирох жүжигчдийг л сонгодог. Тухайн дүрийг яг бүтээж чадна гэсэн жүжигчидтэйгээ хамтардаг.

-Сайн кино бүтээхэд хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Хамгийн чухал зүйл ерөөсөө л зохиол. Багш маань ч хэлдэг байсан. Акира Куросава, Альфред Хичкок нараас авахуулаад мөн ч олон хүн хэлсэн байдаг. Кино бүтээхэд нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол. Эх зохиолоос дамжаад кино зохиол, түүнээс дахин шүүгдсэн зохиол гарна. Кино зохиол хэдий олон дахин шүүгдэнэ төдий чинээ сайн болно. Одоо нээлтээ хийх гэж буй “Нинжин сэтгэл” киноны зохиолыг найм, ес дэхээ шүүж эцсийн байдлаар бэлэн болгон долдугаар сараас зураг авалт маань эхэлсэн.  

-Та өмнө нь нэгэн ярилцлагтаа “Хүний дотоод сэтгэлийн чанад руу харах оролдлогыг бид хийж байна” гэсэн байсан. Энэ таны болон танай баг хамт олны уран бүтээл туурвидаг туйлын зорилго гэж хэлж болох уу? Ер нь таны уран бүтээлч хүний хувьд туйлын зорилго тань юу вэ?

-Тийм. Бидний туйлын зорилго бол ерөөсөө л бусдад сайн сайхныг түгээх. Бусдыг уучилж сураасай, зөв замаар яваасай, амар хялбар амьдралыг бүү эрээсэй, нинжин байгаасай гэдгийг хэлэх л уран бүтээлч бидний зорилго. 

Мөнхийн аз жаргал гэж үгүй шиг мөнхийн зовлон ч үгүй. Гэхдээ тэр туулж өнгөрүүлсэн бүхэн зовлон биш. Тэр бол ухаарах цаг хугацаа.

-Найруулагч хүний өөрийн гэсэн онцлог, арга барил хэрхэн бүрэлдэн бий болдог юм бол оо?

-Бүтээлүүд дээр туршилт хийгээд явна гэсэн үг л дээ. Жишээ нь инээдмийн кино хийлээ гэхэд би инээдмийн кино хийж чаддаг юм байна. Чадах юм байна гэдгийг мэдэж авлаа. Одоо өөр юу хийх вэ? Аймшгийн кино хийж үзлээ. Хийх бүртээ юм ойлгоод л яваад байна. Чадаж байна. Гэхдээ миний хийх зүйл биш юм шиг байна. Би биш байна. Ингээд л явж байтал яг өөрийн гэсэн арга барилаа олоод ирдэг. Би өөрийгөө тодорхойлоод сүйд болсон зүйл байхгүй ч, хамт ажиллаж буй уран бүтээлчид, найз нөхөд, үзэгчдээс ирсэн хандлагаас харахад түгшүүрт драм буюу триллер төрөл л миний хийж чадах жанр юм шиг байгаа юм. Триллер дотор маш их ухаарлууд явж байдаг. “Нинжин сэтгэл” киноны хувьд триллер биш мелодрам ч миний өөрийн онцлог, арга барил шингэсэн байна гэж үзэж байгаа.


 

-АВЬЯАСТАЙ БОЛ СОХОР ХҮН Ч ЗУРАГ ЗУРНА-

-Таны үргэлж урам зориг авдаг, үлгэр дуурайлал болдог, шүтэн биширдэг найруулагч?

-Би Хятадын найруулагч Жан Имоугийн кинонуудад маш их дуртай. Жан Имоугийн кинонуудын цуглуулга хүртэл бий. Тэр хүний кинонуудыг байнга үздэг. Яаж ингэж хүний дотоод сэтгэлийг гаргаж тоглуулж чадаж байна вэ гэдэг нь гайхалтай. Хятадын энгийн жижиг тосгоны, эгэл жирийн амьдрал, хятад хүний үнэнч зан чанарыг харуулж чадаж байгаа нь л миний бишрэлийг төрүүлдэг.

-Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

-Би Game Of Thrones-ийг үзэж байгаа. Түүний өмнө Ноён Сельфриж мөн Breaking Bad-уудыг үзсэн. Тэндээс адал явдалт ертөнц, баатруудын дүр, хоорондын холбоос зэргийг олж харахад гайхалтай санагдаж байгаа. Би адал явдалд маш их дуртай. Үздэг кино, тоглодог тоглоом ихэвчлэн тулаант, адал явдалт байдаг.

-Авьяас эсвэл хөдөлмөр. Та энэ хоёр үгийн алийг нь эхэлж сонгох вэ? Яагаад?

-Авьяасыг сонгоно. Авьяасгүй бол сохор гэсэн үг. Сохор хүн зураг зурж чадахгүйтэй л адилхан. Авьяастай бол сохор хүн ч зураг зурна. Сэтгэлийн нүд нь сохор хүн яаж уран бүтээл хийх вэ, чадахгүй.

-Өөрийн бодол мэдрэмж, дотоод ертөнцөө бүрэн илэрхийлэх уран бүтээлийг төрүүлэх чадвартай болохын тулд найруулагч хүн өөртөө ямар ур чадвар болон зарчмыг суулгах ёстой бол?

-Өөрийн үзэл бодол, илэрхийлэх гэж буй санаандаа үнэнч байх ёстой. Хийх гэж байгаа бүтээлээ нүдэндээ ерөнхий далайцаар нь харж чаддаг байх хэрэгтэй. Уран бүтээлийнхээ багийг зөв бүрдүүлдэг байх ч мөн чадвар. Аливаа нэг зохиолыг тайзны эсвэл дэлгэцийн бүтээл болж чадах эсэхийг дүгнэдэг байх ёстой. Сайн зохион байгуулагч, маш сайн төлөвлөгч байх хэрэгтэй. Бүх талын мэдрэмжтэй байх ёстой. Зургийн, хөгжмийн, гэрэл өнгөний, сэтгэлийн өнгө аясын нарийн мэдрэмжтэй байх гэх мэт.

Найруулагч хүн өөрөө адилхан л үзэгч, сонсогч шүү дээ. Хэдэн мянган үзэгчдийн өмнөөс ийм бүтээл болж очно гэдгийг мэдэрдэг байх хэрэгтэй. Нэг талаар найруулагч бол шатарчин гэсэн үг. Багш минь бусдыг сонсож бай гэж үргэлж хэлдэг байсан. Хэтэрхий өөрийнхөөрөө гөжиж, зөрөх нь буруу. Хүнээс үг сонслоо гээд чи муу болчих юм биш. Гэтэл ихэнх хүмүүсээс тийм авир гарах гээд байдаг. Бусдын хэлснээс авахыг нь аваад хаяхыг нь хаях чадвартай байх хэрэгтэй.

Хүний амьдралд алдаж онох үе бий. Амжилтдаа ташуурах үе байна. Тийм үе ирэхэд давж гарах чадалтай байх хэрэгтэй. Ойчдоггүй хүүхэд байдаггүйтэй л адил. Дуучин Д.Болдын хэлсэн нэг үг байдаг юм. Сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь уншиж байлаа. Тэр үг надад маш их таалагдсан. Бас миний амьдралын мөрдлөгөнд орж ирсэн. “Аргалж хийсэн юм амжилт хэзээ ч авчирдаггүй юм аа” гэж. Энэ намайг ухааруулсан үг шүү. Чанартай юм хийгээд явж байсан хүн яадаг вэ гэхээр амжилтдаа ташуураад эхэлдэг. “Жаргал даахгүйн зовлон” гэж монголчуудын хэлдэг үг байна. Хүн чинь ер нь жаргал даадаггүй амьтан. Тийм үед үг хүртэл дэм болдог. Түүнээс зүүгдээд унасан нүхнээсээ гарч болдог. Хийж байгаа юм бүхэндээ хүн зүрх сэтгэлээ шингээж гэмээн сая амжилт хамт явдаг гэдгийг ойлгоно.


 

-БӨМБӨРЦГИЙН КИНОГ БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ Л ХИЙДЭГ БАЙХГҮЙ ЮУ-

-Энэ асуултыг заавал асуух нь зүйтэй гэж бодлоо. Монголын өнөөгийн кино урлаг хэр түвшинд явж байна вэ? Таны ажиглаж буйгаар бидний сул болон давуу тал?

-Би сул талыг олж харахаасаа илүүтэйгээр давуу талыг нь олж харж байна. Манай уран бүтээлчид багаар ажиллаж сурч байна. Бид одоо яалт ч үгүй л капитализмыг туулж яваа шүү дээ. Хүн төрөлхтөн аль эрт үед туулчихсан тэр зэрлэг капитализмыг туулж, улс үндэстнийхээ чиг замыг хайж яваа. Уран бүтээлчид ч гэсэн өөрсдийн арга барил, чиг зам, цаашид гарах гарцаа олж авч байгаа. Ингээд харахад багаар ажиллаж сурч байгаа нь хамгийн том дэвшилт. Нүүдэлчин ард түмний цусанд байдаг ганц нэгээрээ л явдаг, жалга довны үзэл бодол, өнөөдөр би л болж байвал тэр хамаагүй гэдэг энэ зан уран бүтээлчдэд, тэр дундаа кино, жүжгийн уран бүтээлчдэд байхын аргагүй зүйл. Учир нь  бидний уран бүтээл баг хамт олонгүйгээр юу ч биш. Одоо үед чинь нөгөө “Бөмбөрцгийн” гэх үг моданд ороод байгаа шүү дээ. Бөмбөрцгийн киног бүгдээрээ нийлж л хийдэг байхгүй юу (инээв).

-Тэгвэл та кино урлагт хүч сорих хүсэл, сонирхолтой уран бүтээлээ дөнгөж туурвин эхэлж буй шинэ, залуу үеийхэндээ хандан юу гэж зөвлөмөөр байна?

-Багшийнхаа хэлсэн үгийг л хэлмээр байна. Зохиолоо л сайн боловсруул. Би өөрөө ч төгс болчихоод хэлж байгаа юм биш ээ. Бүх амжилттай яваа найруулагчдыг харахад үүнийг л мөрдөж байдаг учраас. Бас дээрээс нь “Аргалж хийсэн юм амжилт авчирдаггүй юм” гэх үгийг дахин давтаж хэлмээр байна даа.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Ярилцсан Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page