Өвөл хаяанд ирлээ. Энэ жил харин хадлан бэлчээрийн маргаан барагтайхан шиг намрыг үдэж байх шиг. Аргагүй л дээ газрын гарц ийм сайхан байхад, дуугүйхэн өмнөө таарснаа бөөгнүүлж аваад өвсний хашаандаа эсвэл хашааны саравч дээрээ овоолчихоод малаа дагаад шогшихоос яахав. Жил бүр даац нь хумигдаж байгаа бэлчээрийн тухай асуудал хүн бүрийн толгойн өвчин болоод буй. Тэр даац хэнээс, юунаас болоод хэтрээд байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг шогшуулж, жонжуулах малчид маань ч өөрсдөө анхаарах цаг нэгэнт иржээ. Ингэж хэллээ гээд “хот руу өнгийж, илүү хошууллаа...” гэх байх л даа. 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхээр бэлчээрийн даацын тухай ширүүн яриа хэлэлцүүлэг өрнөж байсныг санах юм. Малын тоо толгойг цөөлөх, ялангуяа ямааны өсөлт үржилтэд гойд анхаарч “нядалгаа”-ны эхэнд туухаар шахуу юм ярьцгааж байв. Дээлтэй нь түүнийг эсэргүүцэж, зангиатай нь цөөлөх тухай яриа тэгс гээд намжсан.
Тухайн үед малчдын зөв байсан гэж хэлж болох юм. Ноолуураараа амьжиргааг нь залгуулдаг, банкны өрийг нь барагдуулдаг хөрөнгийн эх үүсвэр ямааг нь туугаад явчихлаар юугаа бодож суух билээ. Бэлчээрийн даац, өвс ургамлын гарцад гол сөрөг нөлөө үзүүлдэг мал бол ямаа гэдгийг тухайн үед тодорхойлж, ургамлын шимтэйг нь түүж иддэгээр нь буруутгаж байв. Ямаа адтай учир сүргийн түрүүнд явж сөлтэйг нь иддэгээс бэлчээрийн даац хэтэрч байгаа нь үнэн ч өнөөдрийн хувьд малын тоо толгой хэт өссөнөөс энэ асуудал хүн бүрийн толгойн өвчин болоод буй. Ер нь бол даацгүй бэлчээр дээр эргэцсэн олон сая малаа эргэлтэд оруулж, тоонд бус чанарт шилжүүлбэл хаа хаанаа хэрэгтэй сэн.
Нэгэн жишээ дурдахад манай улс мал тооллогын ажлыг 1961 оноос эхэлсэн байна. Тэр үеэс буюу 1961-1990 он хүртэлх 30 жилийн хугацаанд мал сүргийн тоо дунджаар 23.1 сая толгой, хонин толгойд шилжүүлснээр 49.5 сая толгой байсан. Зах зээлийн эдийн засагт шилжиж, мал хувьчилснаас хойш малын тоо тогтвортой өсөж, 2017 оны байдлаар 66.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.8 саяд хүрч өссөн. Малын тоо 1961 онтой харьцуулахад 3.2 дахин буюу 45.8 сая толгойгоор нэмэгдсэн бөгөөд гол төлөв бог малын тоо өссөн байна. Малын энэхүү тоо толгойн хурдацтай өсөлт мэдээж бэлчээрийн даацад онцгой нөлөөлсөн гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Малчид ч өөрсдөө толгой дохин зөвшөөрдөг. Малын тоо толгой хурдацтай өсөх болсон шалтгаан бол малчид тоо толгойн хойноос хөөцөлдөж “мянгат малчин” цаашлаад ямар нэг сайн малчин болж, бусдад “өнгөөр” үнэлэгдэх гэсэн явдал юм. Өөр юу ч биш. Тэр мянгатынх, энэ мянгатынх... гэж дуудуулах нь хэнд ч сайхан санагдах биз.
Өөр нэгэн жишээ дурдахад, зах зээлийн нийгэм эхлэхээс өмнө буюу 1961-1990 оны үед өнөөх ад үзэгдээд байгаа ямаа тоо толгойгоороо нийт малын 19.5 хувийг л эзэлдэг байж. Харин өнгөрсөн оны мал тооллогын дүнгээс үзвэл зөвхөн ямаа гэхэд нийт малын 43,1 хувийг эзэлж байна. Хонь, үхэр, сарлаг, тэмээ нийлээд ч ямаан сүргийн тоо толгойд хүрэхгүй цаг өнөө маргаашгүй ирэх нь. Иймд малын тоо толгойг хязгаарлах, малын үүлдэр угсааг чанаржуулахад анхаарлаа хандуулах нь малчдын ч, зохих түвшний хүмүүсийн ч үүрэг хариуцлага болоод байна. Чанаргүй 1000 мал хариулж бэлчээр талхалж байснаас чанартайхан 100 малаар өвлийг бядтайхан давах нь чухал гэдэг. Олон муу мал өвөл, хаврын цагт өөрсдөө зутарна, эзнээ ч зутраадгийг ойрын жилүүдийн ган, зуд уг нь “хэлээд” өгсөн баймаар.
Бэлчээрийн даацад мал малчин хоёр дангаараа нөлөөлөөд байгаа юм биш л дээ. Уул уурхай, газар тариалан гээд сөрөг үр дагавар авчирч байгаа зүйл бий. Мэдээж энэ гурван салбарын аль аль нь Монгол орныг үүрч, дүүрсээр ирсэн. Гэвч эдээр салбар өөр хоорондоо ямар нэгэн байдлаар харгалдаж оршдог. Тариаланч, малчин хоёр өвөлдөө хаяа нийлэхээс биш хавар, зун, намрын цагт хонь чоно. Тариан талбайд мал орсноос үүдэн малыг нь буудсан тохиолдол хүртэл саяхных. Газар тариалан тэлэх тусам бэлчээр хомстож, малчдын уур цухлыг барна. Харин тариан талбайд уринш хийх цагаас тэдний хоорондын тэмцэл түргэснэ. Хаваржин хөлс хүч, мөнгө, шатахуун зарцуулж тарьсан талбайд нь нэг л удаа адуу мал орж талхлахад тэр жилийн хөдөлмөр талаар болох жишээтэй.
Мэдээж уул уурхай малын бэлчээрийн даацад нөлөөлж буй. Хүнд даацын техник хэрэгслийн зам харгуй, уул уурхайн тоос тоосонцор бэлчээрийг үгүй хийж мал, малчин, ан амьтантай нь тууж байдаг. Бэлчээр хомстлын талаар нэгэн жишээ дурдахад, Монгол орны бэлчээрийн талбай 2017 оны эцэст 112.1 сая га болж багассан гэсэн мэдээ байна. Одоогийн бэлчээрийн талбайн хэмжээг 1961 оны бэлчээрийн талбай 140 сая га байсантай харьцуулж үзвэл 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурчээ. Нийт бэлчээрийн талбайн тавны нэг нь уул уурхай, хот суурин зэрэг суурьшлын болон бусад салбарт шилжсэн байна. Ингэснээр 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1961 онд 32 байсан бол 2017 онд 99 болж, бэлчээрт үзүүлэх ачаалал 3.1 дахин нэмэгджээ
Мөн бэлчээрийн даацад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол үлийн цагаан оготно болон царцааны нүүдэл. Монгол орны говь, тал хээрийн бүсээр тархсан үлийн цагаан оготны устгалд зориулж шаардагдах төсөв хөрөнгийг улсаас гаргаж, хүн хүч дайчлан жилийн жилд устгадаг ч тархац нь нэмэгдсээр. Жишээлбэл, Монгол орны уулын хээрийн ба тал хээрийн бүсийн 40 сая га талбайд үлийн цагаан оготно тархсан бөгөөд энэ амьтны тархалтын хүрээ нь Монгол Алтай нуруу руу тэлэх хандлагатай байгааг эрдэмтэд анхааруулжээ. Нийт бэлчээрийн 45 сая га талбай нь үлийн цагаан оготно болон царцааны хөнөөл учруулах бүс нутаг болсон гэсэн гашуун мэдээ байна. Эдгээрээс харахад, Монгол орны бэлчээр нутаг даашгүй дарамт дор хаяагаа хумин цөлжилтийн салхи савирт ороолгуулан, орших, эс оршихын зааг дээр аврал эрэн чимээгүй "хашхирч" байх шиг.
Бэлчээрийн даацын тухай асуудлыг анхаараагүй биш анхаарч ирсэн л дээ. Малчин, тариаланч хоёрын харгалдааны тухай дээр цухас дурдсан. Тэрхүү маргааныг таслан зогсоох зорилгоор газар тариалангийн бүс нутаг байгуулах тухай яриа гарсаар удсан. Харин уг асуудлыг Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдэлд хүрсэн билээ. Энэ тухай Монгол Улсын Засгийн Газрын web хуудаснаа,
-Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм. Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна... Мөн тариалангийн бүс нутагт байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, устай нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм... гэж мэдээлжээ.
Мэдээж энэ бол бэлчээрийн хомсдолыг багасгах, мал аж ахуйн үүлдэр угсаа, газар тариалангийн хөгжилд үр шимээ өгөх томоохон боломж нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр юм. Харин малчид маань Төр Засгаас гаргасан шийдвэрийн дагуу газар тариалангийн бүсээс нүүж чөлөөлөх, орон нутгийн Засаг захиргаанаас мөн дээрх шийдвэрийн дагуу малчид тариаланчдад туслалцаа үзүүлэх нь нэн чухал билээ. Малчин, тариаланчийн хоорондох тэмцэл эцэслэж, малчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаад эхэлвэл бэлчээрийн даац сэргэх, цаашлаад малчдын дунд тооны бус чанарын төлөөх өрсөлдөөн өрнөх билээ. 300 гаруй малтай жирийн малчны амнаас хүртэл "малаа чанаруулахад анхаарч байна..." гэсэн гэгээтэй үг унах болж. Одоо цаг нь нэгэнт ирсэн... Малчин ч бай, тариаланч бай, цаашлаад орон нутгийн Засаг захиргаа, мөн Монголын Төр засаг нь зориг гарган дорвитой алхам хийж бэлчээрээ аварч үлдэхгүй бол хожмын өдөр харуусахаар болжээ.
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )