СУРВАЛЖЛАГА: “Хилчин танаа” үзэсгэлэн гарч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Хилчдийн баярт зориулсан “Хилчин танаа” үзэсгэлэн 09-р сарын 17-нд UB art gallery-д нээлтээ хийв. Хилчдийн тухай үзэсгэлэн гарч байгаа гэж дуулаад дотроо илүү хурц өнгө аястай зургуудыг төсөөлж очсон би өнгө будаг нь хосолсон, гэгээлэг мэдрэмжтэй зургууд хананд өлгөөстэй байхыг олж харав. Хүүхдийн ч гэмээр нандин мэдрэмж агуулсан тус зургуудыг үзэж яваад үзэсгэлэнг гаргаж буй зураачтай нь ярилцаж, тодруулга авах боломж тохиосон билээ.

Зураач Б.Эрдэнэбаяр:  Би 2012 онд СУИС-ийг тайзны зураач мэргэжлээр төгссөн. Хил хамгаалах байгууллагад 5 гаран жил ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн бол миний анхны бие даасан үзэсгэлэн. Дараа дараагийн үзэсгэлэнгүүдээ улам сайжруулан гаргана гэсэн бодолтой байна.  Энэ хугацаанд хилчин хүний ажил мэргэжлийн онцлог, орчин цагийн хил хамгаалах байгууллага үүссэнээс хойш хилчдийн хийж бүтээж буй бахархалт үйл гавьяа зэргийг хараад хилчин хүний ахуй амьдралыг хөнгөн талаас нь илэрхийлэх зургуудаа бүтээх санааг олсон.

Үзэсгэлэн маань хил хамгаалах байгууллагын 85 жилийн ой, баруун хилийн тулгаралт дууссаны 70 жилийн ойд зориулж хилчдийн баярын өдрөөр нээлтээ хийсэн байгаа. Үзэсгэлэнд нийт 17 зураг гарснаас 60 гаруй хувь нь хилчдийн сэдэвтэй бүтээлүүд байна.

2018 оны 03 сараас хойш ажлынхаа хажуугаар, чөлөөт цагаараа хилчдийн сэдэвт бүтээлүүдээ туурвиж эхэлсэн.   Нэг зурагны ард гарах гэж доод тал нь нэг сар түүнээс дээш хугацаа зарцуулдаг. Энэ үзэсгэлэнд тавигдсан хамгийн удаан зурсан зураг гэвэл “Нохойтой хилчин” зургийг жил гаран зурсан. Мөн хилийн цэргийн шилдэг удирдагч нар Ц.Сэргэлэн, Ш.Арвай зэрэг генералуудын хөрөг зураг үзэсгэлэнд маань гарсан байгаа.

Зургуудаараа аль болох гэгээлэг мэдрэмжийг өгөхийг зорьсон. Нийгэмд стресстэй зүйл их байхад нэмж бараан өнгө аясыг илэрхийлэхийг хүсээгүй. Хилчдийн сэдвээр бие даасан уран зургийн үзэсгэлэн гарч байсан тохиолдор ер нь ховор байх. Үзэсгэлэнгийн маань гол онцлог энэ л байх.

Б.Эрдэнэбаяр "Сүлдэт баганын дэргэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэлх эх орон минь бий АУЗ П.Бадарч" 2018 он

Б.Эрдэнэбаяр "Генерал Ш.Арвай" 2018 он

Б.Эрдэнэбаяр "Амьдралын их хүрдэн" 2012он

Б.Эрдэнэбаяр "Хил хэн зөрчив" 2018он

Б. Эрдэнэбаяр "Аав ирлээ" 2018он

 

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
байды(203.91.115.37) 2018 оны 09 сарын 19

зураачтай холбогдож болох уу миний дугаар 99212376

0  |  0
Top