Утаа айсуй цаг дор утааны асуудал хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Утааг арилагахад Төрөөс мөнгө хэрэггүй, шийдвэр тогтоол хэрэгтэй байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх засаг тэргүүлсэн өдрөөс эхлэн улаанбаатарчуудын зовлон болоод буй агаарын бохирдолтой хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, утаатай тэмцэх тал дээр олон талт шийдвэрийг гаргасан билээ. Өнөөдөр зун намрын тэргэл өдрүүд мөч мөчөөр хүрээгээ хумьж утаа, өнөөх агаарын бохирдол бидний хаалгыг юу юугүй тогших нь.  

Тиймээс утаа айсуй энэ цаг дор Ерөнхий сайдын Ажлын алба, Зам тээврийн хөгжлийн яам, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо хамтран “Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба болон хувийн хэвшлээс “Авто бензин эрхлэгчдийн холбоо, “Алтан оршихуй “ групп тэргүүтэй 70 орчим байгууллагын төлөөлөл оролцож зөвлөлдлөө.

Энэхүү сэдэвт хэлэлцүүлгийг ЗТХЯ-ны Авто тээврийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд даргалсан хийгээд хэлэлцүүлгийн салхийг хагалж илтгэл тавьсан. Тэрбээр “Агаар орчны бохирдлыг бууруулах талаар Төрөөс баримталж буй бодлого” хэмээсэн ихэд сонирхолтой илтгэлийг тавьсан бол Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав “Агаарын бохирдол ба хүн амын эрүүл мэнд” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан нь анхаарах ёстой илтгэлүүдийн нэг байв. Энэ мэтчилэн салбар салбараас чуулсан төлөөллүүд өөрсдийнхөө санаа бодлыг уралдуулж эцэст нь санал асуулга явуулсан.

Манай нийслэлийн хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг хийгээд 130 орчим мянган яндан бий гэсэн судалгаа бий. Тийм ч учраас Улаанбаатарын утааны гол цөм нь гэр хорооллын 130 мянган өрхийг нэрлэдэг. Тэгвэл энэхүү зөвлөгөөний үеэр Улаанбаатарын утааны 10 орчим хувийг автомашинаас гарч буй утаа эзэлдэг гэсэн баримтыг С.Батболд илтгэлдээ дурдана лээ.

Автотээврийн салбараас ийм их хэмжээний утаа гарахгүй, энэ бол худлаа баримт гэх мэдээллийг зарим мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаас өгдөг аж. Тиймээс Ажлын хэсгийнхэн хэд хэдэн судалгааны байгууллагуудын дүнг нягтлахад авто тээврийн хэрэгсэл бол агаар орчны бохирдлыг үүсгэгч нэгэн эх үүсвэр мөн хийгээд Улаанбаатарын утааны 10 хувийг бүрүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнээс гадна агаарын бохирдлын 10 орчим хувийг хөрсний бохирдол бүрдүүлдэг судалгааг гаргажээ. Харин авто тээврийн хэрэгсэл нь хөрсний бохирдол үүсгэгч эх үүсвэр мөн гэдгийг ч тогтоосон байна. Тухайлбал, авто машинаас гарч буй тос, хуучирч муудсан машин задлах зэрэг нь хөрсний бохирдолд шууд нөлөөлдөг. Тиймээс хийн болон цахилгаан авто машин ашиглах уу, хуучирсан муудсан машиныг хог хаягдлын хувьд ангилах уу, дахин ашиглах уу гэдэг асуудал зүй ёсоор тулгарч, энэ тал дээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд саналаа нэмэрлэсэн юм.

Нийслэлд 487800 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 487800 тээврийн хэрэгсэл байгаагаас 30 орчим хувь нь 20 буюу түүнээс дээш ашиглагдсан, 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш ашиглагдсан гэхээр ашиглалтын хувьд өндөр настай тээврийн хэрэгсэлүүлд зонхилж байгааг энэ үеэр онцлов. Үүний зэрэгцээ Монгол Улсад жилдээ 70 орчим мянган машин импортоор орж ирдэг ч 3-5 орчим хувь нь шинэ байдаг, үлдсэн хувь нь тухайн оронд ашиглагдаж байгаад орж ирсэн автомашинууд байдаг гэнэ. Тиймээс энэ бүхнийг үндэслээд Авто тээврийн салбарын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар оруулан батлахад бэлэн болгосноо дуулгалаа. Гагцхүү Төрөөс баталгаажуулж, шийдвэр гаргаад өгвөл шийдэж болох асуудал гэдгийг салбарын мэргэжилтнүүд дурдав.   

Энэ үеэр хөдөлгүүрийн ашигласан тосыг дахин ашиглаж түлш үйлдвэрлэдэг  ААН ч өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулсан бол цахилгаан тээврийн чиглэлд, хий газ үйлдвэрлэдэг ААН ч өөрсдийнхөө ажиллагааг танилцуулж төсөл хөтөлбөрөө боловсруулснаа дуулгалаа. Харин Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав нь агаарын бохирдолт бол эрүүл мэндэд мөнхийн заналхийлж байдгийг юуны өмнө дурдлаа.

Агаарын бохирдол нь эрүүл хүний бие эрхтэнд шууд өөрчлөлт өгдөг болон дархаллын чиглэлээр нөлөөлдөг байна. Тиймээс уушигны хатгаа өвчнөөс шалтгаалан нас баралтын 21 хувь, харвалтаас үүдсэн нас баралтын 20 хувь, уушигны архаг өвчнүүдээс үүдсэн нас баралтын 34 хувь нь тус тус агаарын бохирдлоос хамааралтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ.

Энэ мэтчилэн “Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэл, санаа сэдэл ганзаглаж очсон бүхэн өөр өөрсдийн төслөө бэлдээд УИХ, Засгийн газрын хэмжээнд хүргэхээр болсноо тус тус мэдэгдлээ. Гэхдээ Зам тээврийн хөгжлийн яам болон бусад байгууллагын зүгээс хэлэхдээ авто тээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг буруулахад Төрөөс мөнгө төгрөг хэрэггүй, гагцхүү шийдвэр тогтоол хэрэгтэй хэмээлээ.

Утаа гэхээр гэр хорооллын хэдэн яндан руу дайрах биш, үйлдвэр үйлчилгээний газрууд болон автомашинаас гарч буй утааг багасгах арилгах талыг ч ийнхүү давхар тооцоолж явах нь утаанаас салах бодит арга хэмжээ гэдгийг ч дуулгахад илүүдэх юун.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top