Өмнөд Солонгосын төрийн тэргүүний сүүлийн 11 жилд Пхеньянд хийж буй анхны айлчлал өнөөдөр (2018.09.20) өндөрлөлөө. Пхеньянд хүрэлцэн ирсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг онгоцноос буухад Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун биечлэн угтан авч, хоёр Солонгосын тэргүүн нар тэврэлдэн уулзсаныг дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлсэн юм.
Ким Чен Ун, Мүн Жэ Ин нарын албан ёсны хэлэлцээ Пхеньян хот дахь Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны байранд хоёр өдөр үргэлжилж, үр дүнгээр нь талууд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Умард Солонгос Тончан-ли дахь пуужин хөөргөх талбайгаа хааж, Йонбён дахь цөмийн объектуудаа бүрэн устгахаа амлав. Ингэхдээ Умард Солонгос холбогдох улсын шижээчдийн хараан дор пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талбай болон Тончан дахь пуужин хөөргөх талбайг хаана гэжээ.
Хоёр орны тэргүүн нар энэ онд багтааж төмөр болон авто замыг хоёр улсыг зааглаж буй цэрэггүй бүсээр дамжуулан холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон. Энэхүү төсөл нь Транссолонгосын замыг Транссибирийн замтай холбож, Умард Солонгосоор дамжуулан Европ болон Орос руу ачаа тээвэрлэх боломжийг хангах зорилготой юм.
Түүнчлэн хоёр тал цэрэггүй бүсээс цэргээ гаргаж, Панмүнжом хилийн бүсийн ажилтнуудын зэвсгийг хураах, цэрэггүй бүсийн ойролцоо цэргийн сургуулилт хийхээ зогсоохоор тохирч, дээд хэмжээний уулзалтын дараа гарын үсэг зурсан цэргийн хэлэлцээрээр баталгаажууллаа.
Ким Чен Ун Сөүлд ойрын үед айлчлахаа амласан бөгөөд энэ нь Умард Солонгосын удирдагчийн Өмнөд Солонгост хийх анхны айлчлал болох юм гэж Ким онцоллоо.
Түүнчлэн хоёр улс 2032 оны Зуны олимпийн наадмыг хамтран зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болсон.
Солонгос үндэстний хувь заяаг хэлэлцсэн албан ёсны яриа хэлэлцээг урлагтай хослуулсан нь олны анхаарлыг татаж чадсан юм. Эхний өдрийн хэлэлцээний дараа хоёр Солонгосын тэргүүн нар Пхеньяны их театрт Пёнчаны өвлийн олимпийн үеэр Өмнөд Солонгост тоглолтоо хийсэн “Самжиен” чуулгын концертыг үзэж сонирхсон бөгөөд үзэгчид тэдэнд гурван минутын туршид алга ташин мэндчилжээ.
Хоёр дахь өдрийн хэлэлцээний дараа Ким Чен Ун, Мүн Жэ Ин нар “Тэдоган” загасны захын ресторанд пхеньянчуудтай хамт үдийн зоог барьж, Умард Солонгост үржүүлсэн хилэм загасны аквариумыг үзэж сонирхлоо. Умард Солонгост хилэм загасыг 1990 оноос хойш үржүүлж байгаа аж.
Мөн өдрийн орой Пхеньян хотноо дэлхийд хамгийн их хүн оролцсон гимнастикийн үзүүлбэрийг “Майн өдөр” нэртэй стадионд үзэж сонирхжээ. Энэхүү суртал ухуулгын “Гайхамшигт орон” үзүүлбэрийг БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд есдүгээр сарын 9-ний өдөр анх үзүүлсэн байна. Мүн Жэ Ин хэдэн арван мянган гимнастикчдын оролцсон үзүүлбэрийг үзэхээр цугласан 150 мянга орчим солонгосчуудад хандан үг хэлснийг Сөүл шууд дамжуулсан юм. Тэрбээр "Бид цөмийн зэвсгээс ангид, цөмийн заналхийллээс ангид, энх амгалан улс орныг хойч үедээ өвлүүлэх амлалт өглөө" хэмээн цугласан олонд хандан хэллээ.
Пүрэв гаригийн өглөө Мүн Жэ Ин, Ким Чен Ун нар Солонгосын хойгийн хамгийн өндөр уул болох Пэкду ууланд хамт гарахаар эрт хөдөлжээ. Тэд цаг агаар тогтуун байвал галт уулын тогоонд тогтсон “Тэнгэрийн нуур” буюу Чонжи нэртэй нууранд очих юм. Мүн Жэ Ин, Ки Чен Унтай анх энэ оны дөрөвдүгээр сард уулзахдаа ууланд авирах хүсэлтэйгээ илэрхийлсэн ба Пэгду уул Хойд Солонгосын Хятадтай хиллэх заагт оршдог.
Ийнхүү хоёр Солонгосын тэргүүн нарт илүү дотно хувийн харилцаа үүсгэх зорилго бүхий нэг өдрийн аялал хийснээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айчлал өндөрлөх юм.
Я.БОЛОР
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
SHUNUUR JYAGASDAG YUM BAIHDAA