Зүгийг заагаад байна уу, зүгээ заалгаад байна уу

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

           

Багш нар ажил хаялтаа ямартаа ч зогсоолоо. Тэдний хөлд аав, ээжийн олон үр чирэгдэх шахав. Ингэлээ гээд ухамсарт багш нарын маань хэн нь ч уучлал гуйсангүй. Өөрсдийнх нь хэрэг бүтсэн учир болов бололтой. 2017 оны намар мөн л жагсаж, жагсаж хэд гурван төгрөг Төр засгийн халааснаас гаргуулаад больсон. Тэгэхдээ ч мөн хүүхдүүдэд хандсан халуун дулаан үг унагаагүй. Уг нь бол оюунт олон багш нар маань бидний оройн дээд юм шүү дээ. Улсын Ерөнхийлөгч хүртэл багштай гээд бодохоор агуу байгаа биз. Тэр ч утгаараа хариуцлагатай,  ухамсартай ажилладаг байх шаардлагатай билээ.  Харин манай нийгэмд багш нарын маань байр байдал ямар байгаа нь хоёр намрын хичээлийн шинэ жил эхэлсэн өдрийн дүр зургаас тод харагдлаа. Энэ намрын хувьд багш нарын ажил хаялт тийм ч өргөн хүрээг хамраагүйд бас жаахан баярлууштай. Гэхдээ л нэгийн эврийг цохиход мянгын эвэр доргино... гэдэг дээ.  

 Хичээлийн анхны хонх дуугарсан өдрөөс эхлэн 10 хоног ажилгүй зогссон багш нар маань ажил хаялтаа зүгээр ч нэг зогсоочихсонгүй. “Түр” гэсэн хаягийг үлдээгээд анги танхимаа бараадлаа. Мэдээж тэдний тугийн дор ҮЭХ-оос гадна  мэр сэр, дэл сул Улс төрийн хүчнийхэн ч нэр холбоотой, гар хөтлөөстэй дуулдсан. Ирэх оны нэгдүгээр сараас тэдний цалинг 20 хүртэл хувиар нэмэх амлалт авсаны дараа сургууль сургуулийн зүг гэдрэг эргэсэн. Хуучин цагт бол  “Түмний хүүхдийн хохироочихгүй юмсан...” гэж хүүхдийн төлөө сэтгэлээ өвтгөсөн багш нартай байж. Энэ намрын ажил хаясан багш нарын ард 20 000 хүүхэд хичээлээ хэзээ эхлэхийг хүлээж байв.  Тодруулбал, тэр үеэр Хан-Уул дүүргийн 18, 26, 34, 41, 115, 118, 12, 28, Сонгинохайрхан дүүргийн ес, Ирээдүй цогцолбор нэг, хоёрдугаар бага, дунд ахлах, мөн гуравдугаар бага сургуулийн багш нар ажил хаясан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 44, 53, 79, 84, 85, 92, 97, 102 дугаар сургууль болон Амгалан цогцолбор мөн Баянгол дүүргийн 93, 73, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш нар нэгджээ. 

Энэ удаад  багш нарт ажил хаясан хугацааных нь цалинг бүтнээр олгох, ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх зэрэг амлалтыг Төр өгөв. Айлын эрх хүүхэд шиг багш нар маань санасандаа ямар ч гэсэн хүрсэн. Аав ээжийн олон хүүхдийн төлөө сэтгэл оюун чилээж яваа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх ёстой нь үнэн. Гэвч багш нартай адил мянга мянган ажилчин, албан хаагчид цалингаа амьдрал ахуйдаа хүргэх гэж бас зүдэж л яваа. Багш нарын цалин нэмэгдлээ гэж бодъё. Уршиг нь өнөөх цалингаа нэмүүлж чадаагүй хүмүүсийн нуруун дээр ирдэг нь нууц биш. Өргөн хэрэглээний барааны үнээс эхлээд, такси унааны мөнгө нэмэгддэг. Өнөөдөр ч мөн тэр дохио хангинаж эхлээд байна. Шатахууны үнэ нэмэгдэх нь бараг тодорхой болж байх шиг. Хэрэв нэмэгдвэл Төрөөс ямар нэг арга хэмжээ авахад бэрх талаар албаны хүмүүс мэдэгдээд байгаа.

Өчигдөрхөн  буюу энэ сарын 19-ний өдөр МАХН, МНН, ИЗНН-ын зүгээс багш нарын ажил хаялтыг дэмжиж буйгаа мэдээлсэн. Магадгүй тэд багш нар ажил хаяхаа зогсоосныг мэдээгүй байх. Эсвэл ахин ажил хаяхад уриалж буй хэрэг биз. Өөрсдөө л болж байвал Монголын ирээдүй хэнд нь хамаагүй болсон энэ мэт үзэгдлүүд хэзээ болтол үргэлжлэхийг тэнгэр л мэдэх биз. Дээрх намын эрхмүүд багш нарт хайртайдаа ч гэнэт хэвлэлийн бага хурал зарлаагүй болов уу. Ерөөсөө л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг шиг л сүржигнэл төдий зүйл. Энэ мэт үйл явдлаас харахад багш нарын ажил хаялт өөрсдийнх нь зоригт үйлдэл биш мэт. Уг нь багш нар маань өөрсдөө чиглүүлэгчид баймаар...

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пүүгий(202.131.230.162) 2018 оны 09 сарын 21

СЭТГҮҮЛ Ч ГЭЧИХЖЭЭ ... СТАТИСТИК ҮЗДЭЭ... ДУНДАЖ ЦАЛИН 1 САЯ ДАВСАН ГЭЖ БАЙГАА... БАГШ НАРТ ХЭДИЙГ ӨГӨӨД БАЙГААН... ЯАГААД ДУНДАЖ ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭНД БАГШ НАРТ ЦАЛИН ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭЖ...

0  |  0
Top