Гэрэл зурагт гэрэл асаах ЗУРАГЧИН ОХИД

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

М.Мишээл, Ч.Хулан, Т.Энхмарал гурав СУИС-ийн уран зураг, найруулагчийн ангийн нэгдүгээр дамжааны оюутнууд. Гайхалтай нь, тэд оюутан болохоосоо өмнө, ахлах ангийн сурагчид байхдаа Японд болсон Олон улсын гэрэл зургийн “The 4th international high school of students photo festival”-д оролцож, дэд байр эзэлж байжээ. Эрэгтэйчүүд голдуу сонирхдог гэрэл зургийн салбарт эмэгтэйчүүд орон зайгаа нэмэгдүүлж, тэр тусмаа өсвөр насныхан хүртэл шунан дурлаж байгаа нь таатай.

Өнөөдөр /2018.09.20/ нээлтээ хийсэн эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнгийн онцлох уран бүтээлчид эдгээр гурван охин байсан юм.

СУИС-ийн уран зургийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан Т.Энхмарал энэ оны тавдугаар сард анхны бие даасан “УРСГАЛ” нэртэй үзэсгэлэнгээ гаргасан байна. “Зөвхөн өөрийнхөө л харж чадах өнцгийг бусад хүмүүст адилхан харуулахын тулд, бас  маш гоё агшныг хальсанд буулгаж, өнгө, будаг, мэдрэмжийг нь ямар нэгэн хувиршгүй зүйл болгон үлдээх хүсэл нь үргэлж оргилдог” тухайгаа Т.Энхмарал ярив.

 

Харин Японд оролцсон уралдааныхаа талаар "Ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг уралдаан. Нийт 19 орны өсвөрийн гэрэл зурагчид оролцон, уран бүтээлээ толилуулахад хоёрдугаар байр эзэлсэн. Уралдааны үеэр гурван өдөр гурван өөр сэдвээр зураг авах даалгавар гүйцэтгэсэн" гэлээ.

 

Мацүмото Ёшико бол Японы гэрэл зурагчин. Тэр мөн  Японы орчин үеийн гэрэл зургийн холбооны гишүүн. Монголд ирж авсан зургаараа 2018 онд “Mongolian woman” гэрэл зургийн цомог гаргаж байсан нь олны таашаал хүлээж байсан. Монголчуудын амьдралын хэмнэлийг өөр өнцгөөс харуулахыг хүссэн түүний бүтээлээс янз бүрийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралын өгүүлэмжийг харж болно. Тэднийг эерэг талаас харуулахыг хичээсэн эл зургийн цомгоо  Ёшико 2015 оноос эхлэн авч, гурван жилийн хугацаа зарцуулжээ. Сонирхолтой цомогт 50 гаруй өөр эмэгтэйчүүдийн хөрөг зураг багтсан байв.

Ёшико "Монгол эмэгтэйчүүд надад биеэ даасан, маш хүчирхэг хүмүүс санагддаг. Монголд энэ жил анх удаагаа үзэсгэлэнгээ гаргаж байна. Японд хамтарсан үзэсгэлэнгүүдэд бол оролцож байсан. Би 1994 онд анх удаа аялах зорилгоор Монголд ирж байсан. Ирэхийнхээ өмнө Монголын тухай бичсэн  Японы нэгэн зохиолчийн тэмдэглэлийг уншаад, сэтгэл их татагдсан. Дараа нь 2000 онд ирээд, түүнээс хойш жилд доод тал нь 1-2 удаа ирдэг болсон. Би Монголд хайртай" гэж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцав.

Эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" үзэсгэлэн есдүгээр сарын 20-22-ны хугацаанд "Монголын театрын музей"-д үргэлжилнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top