SOS: Хар тамхинаас болж дахин нэг хүн амиа алдлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт есдүгээр сарын 17-ны өдөр буюу энэ долоо хоногийн даваа гаригт мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй этгээд өндрөөс унаж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулахад, 21 настай А гэгч тус дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гаднаас өндрөөс унаж нас барсан байдалтай олдсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Хэргийн газарт ойр байсан гэрчүүдийн ярьснаар, талийгаач тус байрны долоон давхарт оршин суудаг бөгөөд гэрийнхээ цонхоор унаж, газар дээрээ нас барсан бололтой. Талийгаач нь өмнө нь хар тамхи, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэх мэдээлэл байгаа.

Хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба анхан шатны дүгнэлтээр түүнийг нас барахаасаа өмнө хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

No automatic alt text available.

Хэрэг гарсан байрны гаднах байдал...

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн болон холбогдогчдын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд анхаарал татахуйц нэмэгджээ. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын нас улам залуужиж байгаа ба ихэвчлэн 13-40 насныхан хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэргэжлийн байгууллага сануулав.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг Монгол Улсад 2014 онд 61 бүртгэгдэж, 153 хүн шалгагдаж байсан бол өнгөрөгч 2017 оны байдлаар 78 гэмт хэрэгт 182 хүн холбогдон шалгагджээ. Дээрх тоо бол зөвхөн хэрэгт холбогдож, хууль хүчний байгууллагад шалгагдсан иргэдийн тоо бөгөөд далд хэрэглэгчдийн тоог энд хэлэхэд хүндрэлтэй юм.

Image may contain: outdoor

Олон улсад тандалт судалгаагаар нэг хэрэглэгчийн ард тус бүр дөрвөн хэрэглэгч илэрдэг гэх тоо баримт гаргасан байдаг. Үүнээс үзэхэд, далд хэрэглэгчийн тоо манай улсын хүн амын 3-ны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн байх магадлалтай гэж үзэхээр байгаа юм.

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хар тамхитай тэмцэх алба 2010 онд Монгол Улсыг хар тамхи, мансууруулагч бодис тээвэрлэгч орон гэж үзэж байсан бол дөрвөн жилийн дараа хэрэглэгч орон гэж үзэх болсон. Ингэхдээ химийн аргаар гаргаж авсан сэргээшийн төрлийн синтетик бодисын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгааг мөн тодотгосон байдаг.

Иймд, улам бүр хүрээгээ тэлж буй цагаан тахлын эсрэг хуулийн байгууллага ганцаараа тэмцэх бус боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийнхэн бидний үүрэг оролцоо чухал гэдгийг албаныхан байнга сануулдаг нь үнэн юм. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүддээ хар тамхины хор уршгийг таниулах, сэрэмжлүүлэх нь эцэг, эхчүүдийн хатуу анхаарах асуудал гэдгийг анхааруулъя.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

иргэн [ 66.181.182.221 ]      |     2018 оны 9-р сарын 21 -нд, 09:50 минутанд

Хэнч албадаагүй,хэн ч хүч хэрэглээгүй,нас бие гүйцсэн хүн өөрөө сонгосон сонголт бол яая гэхэв

Зочин [ 202.70.34.244 ]      |     2018 оны 9-р сарын 21 -нд, 03:55 минутанд

цагаан тахлын эсрэг хуулийн байгууллага ганцаараа тэмцэх бус боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийнхэн бидний үүрэг оролцоо чухал гэдгийг албаныхан байнга сануулдаг нь үнэн юм. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүддээ хар тамхины хор уршгийг таниулах, сэрэмжлүүлэх нь эцэг, эхчүүдийн хатуу анхаарах асуудал гэдгийг анхааруулъя.

Go to top of page