Зуны ДАВОС ба Жек Магийн ЗӨВЛӨГӨӨ

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

БНХАУ-ын Тианьжин хотод Дэлхийн эдийн засгийн чуулганы зуны уулзалт “Шинэ манлайлал” сэдвээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтаар БНХАУ дэлхийн худалдаанд шинэ хаалга нээхээ амлаж, Жек Ма бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч, аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалыг хэлэлцэн, роботын эрин үед хүмүүс хэрхэн ажлын байраа хамгаалж, ухаалаг оюун ухаан дэлхийн эдийн засгийн төв болох тухай хэлэлцэж, биткойны ирээдүйн тухай ярилцав. Азийн томоохон улстөрчид, бизнес эрхлэгчид, дэлхийн томоохон улс орнуудын удирдагчид чуулсан энэ удаагийн уулзалт бүхэлдээ бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн тухай хэлэлцсэн юм. Бодлого боловсруулж, чиг хандлагыг тодорхойлогчид чухам юуг хэлэлцэв...

ХЯТАДУУД ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНД ШИНЭ ХААЛГА НЭЭНЭ

Сүүлийн үед АНУ-тай худалдааны маргаантай байгаа БНХАУ ирэх жилүүдэд дэлхий нийтэд худалдааны шинэ хаалга, гарц нээнэ гэдгээ амлалаа. Үүнийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Нэг ёсондоо худалдааны хямралын үед АНУ-д барьж байгаа гэнэтийн бэлэг нь “Зуны Давос”-оор хийсэн энэ мэдэгдэл байлаа.

Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалын босгон дээр ирсэн энэ цаг үед дэлхий нийт худалдаанаас эн тэнцүү ашиг хүртэх ёстойг Хятадууд онцлов. Зөвхөн цөөн хэдэн улс биш дэлхий нийт тэр чигтээ. Одоогоос ердөө 20-иодхон жилийн өмнө эдийн засгийн хаалттай бодлоготой, коммунизмын улаан өнгийг мандуулж байсан БНХАУ одоо ийм зүйл ярьж байна. Хамгийн гол нь олон улсын худалдаа нь өөрөө олон төрөл зүйлтэй байж дэлхийн хамгийн алслагдсан газрыг оролцуулаад бүх улсад хүртээмжтэй байх ёстойг Ли Көцян дахин, дахин давтаж байсан юм. 

“Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдрийн дэлхий ертөнц урьдынхаасаа илүү өөрчлөгдөж, шинэ хөгжлийн замдаа орлоо. Тиймээс бид бүх зүйлийг олон улсад хүртээлтэй болгож хөгжил, дэвшил өөд хамтдаа явах ёстой. Бүх л хүн төрөлхтөн дараагийн симфонийн удиртгалыг хамтдаа тоглох ёстой” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь ярьсан юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ-ын эдийн засаг 6.8 хувиар өсчээ. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд 6.7-6.9 хувийн өсөлтийг тогтмол үзүүлж байгаа нь дэлхийн хамгийн тогтвортой эдийн засаг гэдгийг илтгэх жишээ гэж Хятадын удирдагчид үзэж байна. Хятадын онцлогтой эдийн засгийн өөрчлөлт олон улсын худалдааны шинэ аврал, шинэ гарц эсэхийг бид харах л үлдлээ.

ЖЕК МАГИЙН ЗӨВЛӨГӨӨ

“Алибаба” компанийн ТУЗ-ын даргын суудлаасаа татгалзаж, тэтгэвэрт гарахаа мэдэгдсэн Жек Ма “Зуны Давос”-ын гол дүр байлаа. “Би албан өрөөндөө амьсгал хураахыг хүсээгүй. Би далайн эрэг дээр тааваараа байж байгаад амьсгал хураамаар байна” гэж тэрээр илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн юм. Жек Ма залуу бизнес эрхлэгчдэд дараах таван зүйлийг зөвлөсөн.

Түүний өгсөн эхний зөвлөгөө нь “Ямагт усны мандал дээр бай”. Усны мандал дээр байгаа хүн л элдэв зүйлээс суралцаж, далайн гүнд чухам юу болж байгааг, юу болохыг мэддэг болно. Нэг ёсондоо хайрцгаасаа гадна гарч сэтгэх ёстойг тэр сануулав. Дараагийн зөвлөгөө нь “Хүнд хэцүү цаг үеэсээ суралц”. Аливаа бизнест амжилт олох гэж буй хэнд ч хүнд хэцүү үе тохиолдоно. Ялангуяа энэ цаг үед тохиолдож буй АНУ, БНХАУ-ын хооронд дэгдсэн худалдааны хямрал бизнес эрхлэгчдэд хүнд цаг үе гэдгийг тэр онцолсон. Гэхдээ хэрэв бизнес эрхлэгчид тэргүүнээ гудайлгалгүй байгаа байдлаасаа суралцаж чадвал ирээдүйд томоохон амжилтад хүрнэ гэдгийг тэр зөвлөсөн юм.

“Соёлын хайрцгаасаа гар”. Жек Магийн өгсөн дараагийн зөвлөгөө энэ. Хятад болон Азид бизнес эрхэлж байгаа хэн ч соёлын хайрцгаасаа гарах ёстойг санууллаа. Ялангуяа шинэ тутам байгуулагдсан Хятадын компаниуд ингэж гэмээнэ амжилтад хүрэх аж. Ямар ч бизнест олон улсад түгээмэл хэрэглэгддэг үндсэн таван хэлийг мэддэг байх шаардлагатай бөгөөд хэрэв ингэхгүй бол хэзээ ч томоохон амжилт гаргахгүйг сануулав. Азийн жижиг улсын бизнес эрхлэгчид ч ялгаагүй эх оронч үйлдвэрлэл гээд дотроо бүгээд байвал цаг, мөнгөө дэмий үрсэн хэрэг гэдгийг тэр лекцийнхээ үеэр олон нийтэд хэлэв.

“Магадгүй та өнөөдөр ч санхүүгийн бэрхшээлтэй байж магадгүй. Гэхдээ дэлхий даяар тантай адилхан асуудалтай олон хүн байгааг санах хэрэгтэй. Тиймээс санхүүгийн бэрхшээл дээрээ төвлөрөлгүй зөвхөн урагшаа харж ирээдүйд юу хийж болох тухай төлөвлөх ёстой” гэж Жек Ма илтгэлдээ дурджээ.

АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ

Тийм ээ. Хүний түүхэнд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалаас хамгийн эцсийнх нь дижитал эрин байсан бол бид одоо хиймэл оюун ухааны эрин рүү шилжих гэж байна. Энэ нь дөрөв дэх хувьсгал болж байгааг дэлхийн томоохон дүрүүд бараг яриа болгондоо онцолдог. БНХАУ-д өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хиймэл оюун ухаан голлосон 14 компани байгуулагджээ. Эдгээр компанийн үнэ цэнэ нийлээд нэг тэрбум ам.доллараас давсан байна. БНХАУ-д одоо нийтдээ 50 компани хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцлох нь зүй. Энэ нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтэд тэргүүлэх үзүүлэлт. Одоо яг энэ салбарыг БНХАУ, АНУ, Япон, Эстони, Энэтхэг улсууд түүчээлж байгаа. Дээрх улсууд ойрын таван жилийн хугацаанд жолоочгүй машин, тэр  бүү хэл жолоочгүй онгоц хүртэл зохион бүтээхээр төлөвлөж байна. Ялангуяа аж үйлдвэрийн салбарт хүний гараар хийдэг зарим мэргэжлийг робот, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хийх боломжтой гэж тэд үзэж байгаа. Ялангуяа Энэтхэг улс өвчтөнд хийж байгаа мэс ажилбарыг роботоор хийлгэдэг болохоор судалгаа, туршилтаа эхлүүлжээ.

“Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалыг би дэлхийн сэргэн мандлын нэг хэлбэр гэж дүгнэх дуртай. Ялангуяа хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтний хийж бүтээсэн хамгийн гайхалтай зүйлийн нэг. Тиймээс энэ эринд аливаа хүн боловсролыг эрхэмлэсэн, бүтээлч үйлдвэрлэлийн салбар илүү хөгжинө” гэж Азийн бодлогын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Венди Катлер ярьжээ.

РОБОТЫН ЭРИН ҮЕД ХҮН ХЭРХЭН АЖИЛТАЙ БАЙХ ВЭ?

Уилл Смитийн тоглосон “Би, робот” киног та бүхэн санаж байгаа бол сайн сайхны төлөө бүтээсэн роботууд хувьсгал хийж, хүний ертөнцийг булаахыг оролддог. Гэхдээ дэлхийн томоохон тоглогчид роботын эрин үеийг өөдрөгөөр харж байгаа. Хамгийн гол нь үүнийг зохицуулах үндсийн үндэс нь хиймэл оюун ухаан. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн гурав болон дөрөв дэх дамжлагын гүйцэтгэгч ажлын байрыг аль хэдий нь роботжуулсан төхөөрөмж эзэлжээ. Тиймээс системийн анализ, программ хангамж, цахим тооцоолуурын мэргэжилтэн гэх ажлын эрэлт хэрэгцээ үлэмж нэмэгджээ. Ялангуяа “биг дата” буюу томоохон тооцоолуурын мэргэжилтний эрэлт хэрэгцээ хүн ихтэй БНХАУ-д ч их байгааг мэргэжилтнүүд ярьж байв. Ойрын дөрвөн жилийн хугацаанд шуудан зөөгч, туслах, аудитор, үйл ажиллагааны менежер, бизнесийн удирдлагын менежер, үйлдвэрийн туслах ажилчдын байр суурь ганхаж, ажлын байрных нь 80 хувийг хиймэл оюун ухаан, роботжуулсан төхөөрөмж эзэлнэ гэсэн судалгааг Дэлхийн эдийн засгийн форум гаргажээ.

***

Дэлхийн эдийн засгийн форумын зуны ээлжит уулзалт 2007 оноос эхэлсэн түүхтэй. Болох болохдоо зөвхөн Хятадын Тианьжин, Далиан хотуудад ээлжлэн болдог гэхээр Хятад эдийн засгийн форумын гол дүр гэдгийг бэлхнээ харуулна. Энэ уулзалтад бүс нутгийн томоохон улс төрчид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд түлхүү оролцдогоороо онцлог. Сүүлийн хоёр жилийн уулзалт хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар хөндөж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Ли Көцян, Жек Ма нар гол дүр байсаар ирэв. Энэ хооронд Хятадын эдийн засаг хамгийн тогтвортой эдийн засаг байсан хэвээр. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын төв нь Хятад байна гэдгийг ч оролцогчид онцлов.

Хамгийн гол нь “Зуны Давос”-оор “эх оронч”, “баялаг бүтээгчид” гэх хэвшмэл ойлголтыг ер ярьсангүй. Тэр дундаа олон улсын худалдаа дэлхийн хамгийн алслагдмал бүс нутгийг оролцуулаад бүгдэд хүртээлтэй байх талаар хэлэлцэв. Дэлхий нийт хиймэл оюун ухаан, бүтээлч үйлдвэрлэлийн салбар руу тэмүүлж, түүнийг нь Хятадууд оройлно гэдгээ цээж цэх, магнай өндөр мэдэгдэж байна. Харин мөнхийн хөрш гэгддэг бид, Монгол Улс хаашаа чиглэх ёстой вэ?

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top