Нидерландад аймшигт осол болж, дөрвөн хүүхэд амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Нидерландын нэгэн Өдөр өнжүүлэх төвийн хүүхдүүдийг тээвэрлэж явсан цахилгаан хөдөлгүүртэй тэрэг гарам дээр галт тэргэнд мөргүүлж, дөрвөн бяцхан хүүхэд амиа алджээ.

Ослын улмаас тэргийг жолоодож явсан эмэгтэй, нэг хүүхдийн хамт хүнд гэмтэл авсан аж. Осол Амстердам хотоос 110 км зайд орших Осс хотод гарчээ.

Цагдаагийнхны хэлснээр хүүхдүүдийг Өндөр өнжүүлэх төвөөс сургууль руу хүргэхээр явж байсан тэрэгний тормоз төмөр замын гарам дээр гэнэт ажиллахаа больсон байна. Амиа алдсан дөрвөн хүүхдүүдийн хоёр нь дөрвөн настай, нөгөө хоёр нь зургаан настай байжээ. Гэмтэл авсан хүүхэд, амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь нэг гэрийн хүүхдүүд байсан аж.

Нидерландын хэвлэлд бичсэнээр тэргийг жолоодож явсан 32 настай эмэгтэй тусламж дуудаж хашгирсан бөгөөд энэ мөчид хүүхдүүдийн цүнх агаарт шидэгдэж харагдсан байна. Хүүхэд тээвэрлэхэд зориулсан Stint хэмээх тэрэг үйлдвэрлэдэг Renzen компанийн үндэслэгч Эдвин Ренцений хэлснээр Нидерланд улсын хэмжээнд нийт 3000 орчим тэргээр 60 мянган хүүхдийг зөөдөг байна. Эдгээр тэрэгнүүдийг хүүхдийн Өдөр өнжүүлэх төвүүд ихэвчлэн ашигладаг байна.


57 зорчигч тээвэрлэж явсан галт тэрэгний урд хэсэг камертай учир үүнийг хэрэг мөрдөхөд ашиглана гэж цагдаагийнхан мэдэгдлээ.

Нидерландын Ерөнхий сайд Тарк Рутте маш харамсалтай осол болж, дөрвөн хүүхэд алтан амиа алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийлсэн бол Нидерландын Хатан хаан Максима, Хаан Виллем Александр “Хэлэх үг олдохгүй байна. Үр хүүхдээ алдсан гэр бүлийн уй гашууг хуваалцаж байна” хэмээжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top